Moderator: mgl_300
Эдгээрийн аль нь ч байлаа гэсэн та доорх сургамжийг сайтар уншаад өөрийн найз охидууд, эмэгтэйчүүддээ уншуулаарай! Та өөрийн эх орноосоо гараагүй бол хүний газар гүний нутагт ямар хэцүү байдгыг мэдэхгүй л дээ. Хол газар аав ээж, ахан дүүс, амраг нөхдөөсөө хол байгаа надад тохиолдсон нэгэн явдал таньд бүү давтагдаасай гэж бодон энэ захиаг илгээж байгаа минь энэ.
Би Америкт ирээд эхлээд хоолны ч мөнгөгүй байдаг үе байлаа. Yе үе л гэрээсээ сургалтын зардал энээ тэрээ гээд л мөнгө татна. Тухайн үедээ ажил яаж олж хийхээ ч мэдэхгүй, машин унаатай болох учраа ч олохгүй байтал нэгэн өдөр Монголд 10 жилд үерхэж байсан найз минь сургаар намайг олж утсаар ярилаа. Тэгээд л хүний нутагт зовж байгаа би зовлонгоо хуваалцаж буу халах хүнтэй болсондоо бөөн баяр, сэтгэл санаа уужирч мөнгөтэй болсон юм шиг л санагдаж, түүнд болсон бүх зүйлсээ хүйсний ялгаатай гэлгүй л уудалж өглөө.
Тэр үеэс хойш түүнтэй байн байн ярьдаг болж тэр найз минь ч энд олон жил болсон болохоор манийгаа бодоход нэлээд туршлагатай, учраа олсон нэгэн байсан тул надад зөвлөгөө өгч, би ч түүний үгийг дагадаг болов. Ингэж байсаар нэлээд хэдэн сарыг ардаа орхиж би түүнтэй утсаар ярьсаар л… Амьдрал ч яaхав дутуу гүцүүхэн, өлөн зэлмүүхэн оюутны амьдарлаар явж байлаа. Гэхдээ сэтгэл санаа минь амарч, найдах хүнтэй байлаа. Би ч түүнтэй утсаар ярьдагтаа дасаад түүнийг утсаа авахгүй байх эсвэл ярихгүй нэг л хоновол санаж гэгэлзэнэ.
Ингэсээр байтал хавар боллоо. Сургуулийн зуны амралт эхлэх ч дөхөж байв. Энэ үед манай тэр найз надад, “чи над дээр ир л дээ, би чамд ажил олж өгнө, сургуулиа шилжүүлчих” гээд л байн байн цухуйлгадаг болов. Энэ үг нь миний загатнасан газар маажих шиг болж би түүн дээр ирэхээр шийдэн ядан байв. Гэтэл түр ажил хийлгэдэг байсан хятад эзэн маань намайг түүнтэй унтахгүй бол ажлаас халлаа гэхээр нь хал хал гэж хэлчихээд нөгөө миний зовлонг сонсдог “утасны” найз руугаа ярилаа. Тэгсэн чинь хэд хоногоос хүрээд ир, би чамд ажил олчихно гэхээр нь би монголоос авчирсан ногоон хүрэн гахайндаа хэдэн хувцасаа чихээд олны хөл үймсэн Америкийн нэгэн том хотоос Денвер гэдэг жижигхэн хот руу зангийг нь ч сайн мэдэхгүй найз руугаа орон нутгийн автобусанд сууж очлоо.
Хэд хоног “date” хийх маягаар сайхан амарлаа. Тэр маань надад ажил олж өглөө. Би энэ найзыгаа эхнэртэй гэж мэддэг байсан ч ирсэн шөнөө л ор хөнжил нэгдлээ… Тэр надад эхнэрээсээ хол байсаар хэр их хөндийрсөн, холбоо тасраад удаж байгаа гээд л хамаг юмаа ярив. Би ч итгэв. Тэгээд ажил хийсээр нэг л мэдэхэд нэг сар өнгөрөв. Залуу минь эхнэр, хүүхэдтэйгээ хааяa ярьдаг болохоо цухуйлгаж эхлэв. Залуугийн ааш ч муухай болж, юу ч болоогүй байхад уурлаж загнан, гар хүрдэг болов. Би гэдэг хүн ажлаас өөр цагт гэрээсээ ч гарах эрхгүй болов. Орой болгон ажлаасаа яaран сандран ирээд, залууг ажлаасаа тарж ирэхээс нь өмнө аяга хоол хийж тавиад л гэрээ цэвэрлэсээр миний амьдрал гэдэг хөмөрсөн тогоон доторх зарцын амьдрал руу шилжив. Олигтой мөнгөгүй би яахсан билээ дээ. Ингэж байсаар жил гаран боллоо.
Залуу ч өөр хүүхэн сайхан, чи царай муутай, ингэсэнгүй тэгсэнгүй, дандаа л болох бүтэхгүйгээр минь дуудна. Би ч өөртөө итгэх итгэл минь алдарч нээрээ ч би ийм муу шуу гэсэн бодол надад орж ирдэг болж, түүний хэлсэнийг би хүлээн зөвшөөрдөг болсон юм. Тэр анхандаа, чиний цаашдын сайн сайхны чинь төлөө л гэж хэлж байна гэдэг байсан бол сүүлдээ, чи өөр хүнтэй суухаар чамд хэрэг болно гэж хэлдэг боллоо. Энэ үг нь би чамтай суухгүй гэж хэлсэнээс ялгаагүй байв. Түүнтэй сууна гэж боддог байсан горьдлого минь тасарч байв. Яaгаад энэ хүнтэй хамт байгаагынхаа ч учрыг олохоо болив. Ингэж байсаар дахиад л хэдэн сар өнгөрлөө. Тэр намайг нэг өдөр барьж авч багалзуурдав… Энэ бол миний түүнтэй байх хамгийн сүүлийн өдөр болов.
Тэр шөнийн маргааш нь ажилдаа явсан хойгуур нь бүх хувцасаа баглаад гэрээсээ гарлаа. Хаашаа явахаа мэдэхгүй байлаа. Юутай ч би автобусанд суув. Дэнвэрийн нэг захаас нөгөө зах хүрэв. Замдаа нэг хир тоосондоо баригдсан хөнжлөө үүрсэн нэг хүнтэй танилцав. Тэрэнд хамаг юмаа ярихад тэр хүн надад “Homeless Shelter” гэдэг түр хорогдох газар зааж өгөв. Би сайн газар мэдэхгүй болохоор тэр надтай хамт явж зааж өгөв. Тэнд хэдэн цаг хүлээж байгаад нийтийн өрөөнд ор авлаа. Энэ газар нь дээр үеийн кинон дээр гардаг цэргийн хуаран шиг л газар байв. Тэнд ажилдаг хүмүүс нь маш сайхан ааштай, тусч хүмүүс байлаа. Над шиг гадаадын хүнийг тэднийх уг нь авдаггүй ч намайг өрөвдөөд хэд хоног байлгах болов. Би тэнд байхдаа өөрийгөө хятад л гэж хэлдэг байлаа. Тэнд би бараг 7 хонолоо, тэр газрын гал тогооны эгч надад тэнд ажил олж өгөв. Ажлынхаа завсар сургуулиараа явж байгаад би буцаад ирсэн сургууль руугаа шилжив.
Хоёр жил Америкад байсан болохоор хэл маань ч манайхны хэлдэгээр ус цас болов. Вашингтон ДиCи-д ирсээр би нэг гадаад хүнтэй нийлэн ядуу хүмүүст зориулсан үйлчилгээ явуулдаг болов. Овоо ч хөөрхөн мөнгө хийдэг болов. Зовсны эцэст жаргана гэж үнэн үг юм байна. Эр хүнд итгэхээр эрхий хуруундаа итгэ гэж бас үнэн юм байна шуу. Монгол эмэгтэйчүүд бид чинь жаахан зовж байж л ухаан ордог нь нийтлэг. Тэгэхээр хүнд найдахгүйгээр өөртөө итгээд бүхнээ хий. Хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхээр жаргаад байхад болох юм байна гэдгийг би сурсан юм. Эндээс авсан бас нэг сургамж гэхээр хаана ч байсан амьдрах чадвартай гэдэгтээ итгээрэй, боломж таны хаалгыг тогшоод зогсож байгаа, түүнийг оруулаарай! Та хаа байгаа газраа амархан юм хайлгүйгээр амьдрах аргаа эрэлхийлээрэй, хаа газар том хот байх тусмаа л боломж их шуу! Энэ бол миний сэтгэлийн үг. Жинхэнэ тэнэг монгол охины туулсан 2 жил гаруйн амьдрал энэ байна. Бусдад сургамж болог. Бүх монгол эмэгтэйчүүдэд сайн сайхныг хүсье!