map

Би монгол хүн. Монгол хэмээх эрх чөлөө ханхалсан, уудам газар нутгийн охин нь болж төрснөөрөө бахархдаг. Буцаж байгаа элчин сайдууд хүртэл миний эх орны тухай хамгийн сайхан сэтгэгдэлтэй явдаг байтал БНСУ-ын Элчин сайд яаж байна аа…

Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр Сэлбэ голын баруун эргээр Нарны зам-Энхтайвны өргөн чөлөөг холбох 1.4 км замыг энэ сарын 30-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Автозамын энэхүү тендерт “Баткубик” ХХК шалгарч долдугаар сарын 23-нд хийсэн гэрээний дагуу ажлаа эхэлжээ. Өдгөө энэ замын барилгын ажил 90 орчим хувьтай явж байна. Үлдсэн багахан хэсгийг хийх гэтэл уг гудманд байрладаг БНСУ-ын Элчин сайдын зүгээс эсэргүүцэлтэй тулгарснаар “гацаа”-нд орчихож.

Элчин сайдын яам бол тухайн улсын нутаг дэвсгэр гэдгийг монголчууд сайн мэднэ. Харин хашааны гаднах тал бол МОНГОЛ УЛСЫН нутаг дэвсгэр. Гэтэл тус Элчин сайдын яамны зүгээс зам засуулах ажилд садаа учруулж, засах замын амсар дээр машинаа тавьж эсэргүүцлээ илэрхийлэх болсон аж. Монгол Улсын нутаг дэвсгэрт халдаж байгаа хэрэг биш үү. Элчин сайд Жон Ил энэ оны гуравдугаар сард манай улсад томилогдон ажиллаж байгаа нэгэн. Үндсэндээ хагас жил манай улсад амьдарчихсан учраас монголын зам ямархуу хэмжээнд байдгийг сайн мэдэх болсон хүний нэг гэж хэлж болно. Гэтэл манай улсын чухал дэд бүтэцийн нэг болсон замыг засахад яагаад саад учруулаад байгааг монголчууд ойлгохгүй байна. Засвар л юм хойно орчин тойрондоо нэг хэсэгтээ л төвөг учруулдгийг хэн ч мэднэ. Үүнийгхарин тэвчээд өнгөрүүлчихвэл сайхан замаар дараа нь тус элчингийн машинууд ч давхилдах болно. Нөгөө “найрсаг харилцаа, хамтын ажиллагаа” гэсэн сэтгэл хаачив.

Монголчууд зах зээлийн нийгэмд орсноос хойш олноороо Солонгосыг зорих болсон нь үнэн. Гэхдээ баяжиж чадсан нь хэд билээ. Эх орны маань эдийн засаг хүндхэн байгаа энэ үед элэг нэгтнүүд маань цалин ахиутайг нь бодож л гадаад руу гарсан. Харин солонгосууд манай ажилчдаар хамгийн хортой, өөрсдийнхөө иргэдээр хийлгэдэггүй бохир, заваан ажил болгоноо хийлгэдгийг бид мэднэ. Нүдгүй, гаргүй, хөлгүй гээд эрэмдэг буцаж ирсэн иргэд олон бий. Эх орондоо ирэнгүүтээ “нүд аньсан” нь түүнээс ч олон. Улс төрийн бодлого агуулаад байгаа юм биш биз гэсэн хардлагыг төрүүлж байна.

Энэ сарын 8-нд Гадаад харилцааны яамны харьяа Дипломат байгууллагуудын үйлчилгээ аж ахуйн газрын дарга С.Баярмөнхийн өрөөнд уулзалт болсон аж. Үүнд дээрх замыг барих ажилтай холбоотой байгууллагуудын удирдлага оролцжээ. Уулзалтад БНСУ-ын Элчин сайдын яамны зөвлөх Шин Сан Гюнь тун сонин зүйл хэлжээ. “Зам засварын ажлыг эхлүүлэхдээ бидэнд мэдэгдээгүй. Бидний аюулгүй байдлыг хангах талаар юу ч хийхгүй байна” гэж гомдоллосон байх юм. Уучлаарай, тэр гудманд ганц энэ улсын байр байдаггүй шүү дээ. Олон элчингийн байрууд байдаг. Юун тулд “Элчингийн хороолол” нэртэй билээ. Тэд гомдоллоогүй шүү дээ. Тэгснээ энэ эрхэм бүр хадуурч өгчээ. “Зам барихдаа бидэнтэй зөвлөсөнгүй” гэсэн байх юм. Монгол Улс зам барихдаа солонгосуудаас асуух ёстой юм байна л даа. Энэ үгнүүдийг цагаан дээр хараар тодорхой бичсэн байгаа шүү. Түүнчлэн эрхэм Шин элчингийн байрнаас чанх хойшоо гардаг зам тавиулах хүсэлт тавиад байгаа аж. Өөрөөр хэлбэл, шулуун замыг огтолсон зам тавиулахыг хүсчээ. Мөн гэрлэн дохио шаардсан аж. Харин Замын цагдаагийн газрын замын зохион байгуулалтын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа М.Ариунболд “Авто замыг шууд хойш нь гаргасан тохиолдолд хөдөлгөөний аюулгүй байдал талаасаа сөрөг нөлөөтэй. Солонгосын ЭСЯ-ны машин хойшоо явахдаа дандаа туслах замаас гурван урсгалыг хөндлөн нэвтэрч хөдөлгөөнд оролцох болно. Осол гарвал хэн хариуцах вэ. Мөн гэрлэн дохиог дуртай газраа тавьдаггүй. Авто машины урсгал хөдөлгөөний эрчмийг тооцоолж байж тавьдаг” гэж хариулсан байна. Тийм ээ, Монгол Улсын байр суурь энэ мөн. Монголчууд ажлаа мэдлэггүй, мэдлэг нимгэнтэй, бүдүүлэг улс биш.

Манай улс Оросын хараа хяналтад олон жил зовсон. Энэ “найрсаг харилцаа, хамтын ажиллагаа” манай улсын cop байсан олон хүний амийг авсан. Үүнд харамсаад ч баршгүй. Гэтэл одоо солонгосууд “халааг”‘ нь авч, дээрэлхээд эхлэв үү. Монгол Улс одоо хэн нэгэнд дээрэлхүүлээд байхаар улс биш болсон гэдгийг хатуухан хэлчихье.

“Монголчуудыг солонгосуудаас гаралтай гэж хангү нар ярьдаг” гэж олон жил тус улсад ажиллаж байгаад ирсэн найз маань ярьж байсан. Юу гэсэн үг вэ. Хангү нарын хүүхдүүд өгзгөн дээрээ хөх толботой төрдөг гэсэн. Гэхдээ энэ чинь харин ч эсрэгээр нь гэрчлээд байгаа юм биш үү. Түүхээ сөхөж харсан нь дээр байх аа. Ингэж уймарч, далд санаа агуулаад хэрэггүй биз ээ. Солонгосын Элчин сайдын яам хашаан доторхоо л мэд. Харин тусгаар тогтносон МОНГОЛ УЛС нутаг дэвсгэрээ мэдье, болох уу.