Аав, ээжийнхээ өврөөс ч гарч амжаагүй 15-16 настай нялх охидыг бэлгийн мөлжлөгөд ашиглаж, биеийг нь хүчээр үнэлүүлж байгаа талаар "Зууны мэдээ" сэдэв хөндөн бичсэн. Сэтгэл эмзэглүүлсэн энэ асуудалд олон эцэг эх байр сууриа илэрхийлж бидэнд хандсаар байна. Энэ дугаарт олны танил хүмүүсийн байр суурыг үргэлжлүүлэн хүргэж байна.
Гавьяат жүжигчин У.Уранчимэг: ЯДУУ ЗҮДҮҮ ГЭЭД ҮР ХҮҮХДЭЭ ХАЙХРАХГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ
-Охидын биеийг үнэлэх, худалдах, хүчиндэх зэрэг аймшигт хэрэг айдас төрүүлж байна. Энэ асуудлаар ямар байр суурьтай байна? -Наад асуултыг чинь сонсоход л сэтгэл сэртхийж байна. Насанд хүрээгүй охид руу халдаж буй энэ бусармаг асуудалтай хатуу тэмцэх цаг болсон. Шилжилтийн насны охидтой аав ээжүүд илүү анхаарлаа өндөрсгөж муу хүмүүст боломж олгохгүй байхад анхаарах хэрэгтэй. Хүний эрх, аюулгүй байдал алдагдсан энэ үед ядуу зүдүү гээд үр хүүхдээ хайхрахгүй байж болохгүй. Охин хүүхэд зөөлөн сэтгэлтэй байдаг. Тэднийг мөнгөөр хуурч биеийг нь худалдан авснаар насан туршдаа сэтгэлдээ сэвтэй амьдарна шүү дээ. Бага балчир охидыг бузарлаж байгаа тэр ухамсаргүй хүмүүст хэлэх ч үг алга. Араатнаас дор авирлах тэр хүмүүсийн тухай ярихаас ч дургүй хүрч, аймшигтай санагдаж байна. Ийм хүмүүсийг байж суух, гарах гарцгүй болгох хэрэгтэй.
Гавьяат жүжигчин С.Батсүх: ААВУУД ОХИДОО ИХЭМСЭГ АМЬДРУУЛАХ ХЭРЭГТЭЙ
-Эмэгтэйчүүдийн эсрэг чиглэсэн гэмт хэргийг эрүүл саруул эрчүүд үйлдэж байна. Охидоо тэр бусармаг эрчүүдээс яаж нуух учраа олохгүй байгаа тухай бид дугаар бүртээ нийтэлж байгаа. Энэ сэдвээр бодлоо хуваалцаач? -Хамгийн эмзэг сэдэв. Өнөөдөр охид биеэ авч явах талаар анхаарах хэрэгтэй. Хүүхнүүд эв түнжин муутай байдаг нь хаа яваа газар харагдаж байдаг. Би охин хүүхэдгүй л дээ. Хэрэв охинтой бол мөнгөтэй, юмаар дутаахгүй, хүний гар харуулахгүй сайхан байлгана гэж боддог. Ер нь аавууд энэ талаар илүү анхаарч охидоо ихэмсэг амьдруулах хэрэгтэй. Монгол хүүхнүүд бусад орны хүүхнүүдтэй харьцуулахад биеэ маш багаар үнэлдэг юм билээ. Эрээнд гэхэд олон сайхан монгол охин биеэ үнэлж амьдардаг. Хятад, Солонгос эрчүүдтэй гэр бүл болж байна. Энэ бүхэн өнөөгийн монгол эрчүүд ямар үүрэгтэй байгааг харуулж байна.
УИХ-ын гишүүн Д.Очирбат: ОХИДЫН БИЕИЙГ ҮНЭЛҮҮЛЭГЧИЙГ ЖИГШИЖ, ЦЭЭРЛҮҮЛДЭГ БОЛМООР БАЙНА -Цэцэг цэврүү шиг сайхан охид мөнгөний золиос болж, ирээдүй нь бүрхэг болж байгаа талаар мэдээлэл гарах боллоо. Хүн болгон эмзэглэж байна. Тэд өнөөдрийн охид маргаашийн эх, ээжүүд. Тэднийг маань сургуулийнх нь хашаан дотор, бүр анги танхимд нь ороод хүчирхийлчихдэг боллоо. Хичээлээ тараад явж байхад нь машин тэрэгтэй давхиж очоод аваад явчихдаг, мөнгө, төгрөгөөр хуурч садар самуунд уруу татаж, өсвөр насныхны биеийг хүчээр үнэлүүлдэг болсон байна. Тэр хүмүүст хариуцлага тооцож, жигшиж, цээрлүүлдэг болмоор байна. Өнөөдөр охид, бүсгүйчүүд маань гудамжаар чөлөөтэй явах эрхгүй боллоо. Төр анхаарлаа хандуулж, бодлогоор зохицуулах ёстой. Энэ талаар хууль нь муу, хэрэгжихгүй байна. Хамгийн гол нь зохицуулалт сул, дутагдалтай зүйл олон бий. Сургуулийн орчныг камержуулах хэрэгтэй. Хүүхдүүдэд гэр бүл, ирээдүйн ээж болох тухай ойлголт өгмөөр байна. Үүнийг ерөнхий боловсролын сургалтын системд нь суулгаж өгөх ёстой. Хөдөө, орон нутгаас ирж байгаа шилжилт хөдөлгөөнийг зохицуулж, шинэ төрлийн гэмт хэргүүдийг илрүүлэх, тэмцэх асуудлаар тусгайлан бодлого боловсруулж хэрэгжүүлэх хэрэгтэй.
Мисс А.Сарнай: ХҮЧИРХИЙЛЭГЧДИЙГ ОЛОН НИЙТЭД ЗАРЛАХ НЬ ЗӨВ
-Охидыг мөнгө олох хэрэгсэл болгон хардаг хүмүүс байхад ядуу зүдүүгээр нь далимдуулж худалдан авдаг сүлжээ байгаа тухай бид мэдээлсэн. Энэ асуудлыг яаж зогсоох ёстой вэ? -Энэ бол аль ч нийгэмд байдаг бусармаг зүйл. Гэхдээ их үү, бага уу гэдэг дээр бус ямар хор нөлөөтэйг ярих нь зүйлтэй байх. Энэ талаар холбоотой байгууллагууд маш сайн ажиллах хэрэгтэй. Залуу гэр бүлүүдэд үр хүүхдээ зөв өсгөх, зав амьдрах мэдээлэл, сургалт явуулдаг байх. Хүүхдийг цэцэрлэг, бага, дунд, ахлах болон их дээд сургуульд ч өөрийгөө зөв авч явах, өөрийгөө бусдын халдлагаас хамгаалах хүмүүжлийн хичээл оруулдаг бол үр дүнтэй. Хамгийн гол нь ийм муухай хэргийг нийтэд дэлгэх ёстой. Энэ бол эрүүл бус зүйл шүү дээ. Хүчирхийлэгчид өөрсдөө үр хүүхэдтэй л байж таарна. Тэдний овог нэр, албан тушаалыг олон нийтэд зарласнаар бусад нь жигшинэ. Цагдаагийнхан ч иргэдээс мэдээлэл авах маягаар тэмцэж тэднийг гишгэх газаргүй болгох хэрэгтэй. Тэгснээр дараа дараагийн охидыг хамгаалах болно.
Зууны мэдээ