Энэ дайны эцсийг зурвал
Эдвэрхий хас уландаа гишгээд
Энгэртээ олон хүүхэд тэвэрсэн
Эрэлхэг улаан цэрэг байлаа хэмээн тэртээх эх орны дайны тухай нүдэнд харагдтал зурагласан Хөдөлмөрийн баатар Д.Пүрэвдоржийн “Хар цас” найраглалыг уншаад орос цэргүүдээр, улаан армиар бахархдаг байлаа. Дэлхийн хоёрдугаар дайнд 27 сая хүнээ алдан байж, улаан цусаа урсган байж олдсон тэрхүү ялалт, ялалтын уухай, баярын нулимсаар бахархахгүй байхын ч аргагүй биз. Орос сайн, хятад муу хэмээн хэвшмэл ойлголтоор хүмүүжсэн ээж аавын минь дуулгавартай үeийг халж, ардчиллын салхиар амьсгалж үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй болсон 18 настай ардчиллынхаа төлөө одоо харин оросуудад дургүй хүрээд байна.
Дургүйцэх олон шалтгаан байгаа болохоор, дургүйцлээ илэрхийлж чадахгүй нуух бас олон шалтгаантай учраас л орос ах нар хэмээх нэрийг сонсоод хожмын маргаашийн төлөө сэтгэл эмзэглээд болдоггүй. Тийм учраас л би өөрчлөх үү гэдэг үгэнд “да” хэмээн хариулахыг хүснэм. Тийм гэж хариулахын тулд тэр сонголтыг хийхийг хүснэм. Өөрчлөх үү, тиймээ, өөрчилмөөр байна. Бүгдийг, өөрөөсөө эхлээд өөр олон зүйлийг өөрчилмөөр байна. Эргэх дөрвөн улирал өөр өөрийнхөө өнгөөр зурагдан ирдэг эх орныхоо өмнөөс эрхбаригчдад ой гутаад байна. Оросуудаас илүү хүнгүй, ОХУ-гаас өөр түншлэлгүй болох ирээдүйн баталгаа алдагдсан болохоор энэ бүгдийг өөрчлөх л чухал болжээ.
Хугас өдөр мордоод буцсан орос ахаас болж хугас өдрийнхөө чухал ажлыг алдсандаа ч биш хугас өдөр Монгол төрийг тохуурхаад буцсан оросын өмнө “гөлөг” шиг эрхлэх эрх баригчидаа бодсондоо би өөрчильe гэсэн тэр үгийг хоёр гараа өргөн дэмжихийг хүслээ. Хоёр гарыг минь буудчихлаа ч гэсэн хожим мэндлэх жаахан үрийнхээ эх орны төлөө, эрх чөлөөнийх нь төлөө хорвоод Монголыг тунхаглаад буцсан, хоёр сая хүний өлгийг нь засаад одсон өвөг дээдсийнхээ төлөө, өөрийнхөө газар шорооны төлөө өчигдрийн маргаашийг өөрчилмөөр байна. Өнөөдрийн маргаашийг өөрчилмөөр байна, бүгдээрээ. Бидний гарт үзэг байгаа, үзэгний минь үзүүрт өөрчлөлт байгаа гэдэгт итгэмээр байна.
Боловсролоо үнэгүйдүүлэхийн төлөө биш, эх орноо, ээж аавыгаа, энэ биeэ үнэтэй байлгахын төлөө өөрчлөх гэдэг үгний хариуд үнэтэй хослолоор гангарах чуулганы танхимаас биш гудамжнаас, гэр хорооллоос, захаас сонгуулийн хуудсан дээр тийм гэж хариулмаар байна. Тийм гэсэн хариултыг минь үгүй болгон монтажлачихгүй л бол өөрчлөхийг Монголын мянга мянган залуус өнөөдөр хүсч байгаа нь үнэн. Үнэн учраас л тэд жагссан дараа нь буудуулсан, буцаад бас жагсахыг хүсч байгаа. “Луйварын хот”-д амьдрахгүйн төлөө, луйварчдийн халаасанд эх оронтойгоо хамт багтахгүйн тулд, ихэмсэглэн ёсорхох гадныханд дээрэлхүүлэхгүйн тулд, газар шороогоо тусгаар тогтнолтойгоо хамт бэлэглэхгүйн тулд өчигдрийн маргаашийг өөрчилцгөөe. Зам гарахдаа согтуу жолоочоос айхгүйн тулд, зангиатай эрхэмд авлига өгөхгүйн тулд бас
Нvvрэнд нь гал бадарсан монгол эцгийн хийморь дээр
Нvнжгэнд нь нар гэрэлтсэн монгол эхийн сэтгэл дээр
Нvvдлийн єргєєнд нэгдсэн монгол аймгийн холбоон дээр
НҮБ-ын шилтгээнд заларсан монгол улсын далбаан дээр тунхаглан зарласан тусгаар тогтнолынхоо төлөө өөрчильe. Тийм үү.
Ж.