Бичлэгийн тоо 2,391

ААЛЗНЫ ТОР – 5

Уншсан 2204 vote 0 2009.05.15 18:28:51

ӨМНӨТГӨЛ

Аалзны тор өгүүлэл анх гарснаас хойш даруй дөрвөн жил өнгөрлөө. Үүнээс
хойш Аалзны тор - 3, Аалзны тор - 4 гэсэн өгүүллүүдийг Монгол улсын
иргэн миний бие тус тус бичиж хэвлүүлсэн билээ. Аалзны тор - 2 гэсэн
бичвэр надад хамаагүй, зөвхөн эхний өгүүллийг унтраах, гуйвуулах
зорилготой юм байна гэдгийг гярхай уншигч нарт зориулж нэгэнт өгүүлсэн.
Үүнээс гадна Аалзны тор - 5, Аалзны тор - 6 гэх мэтийн цувралууд ч гарч
байсан нь надад огтоос хамаагүй гэдгийг хэлэх нь зүйтэй. Нэгэнт Аалзны
тор - 2 гэсэн бичвэрийг зөвшөөрч буй мэтээр өөрийн дараагийн өгүүллийг
үүний араас "3" хэмээн дугаарлаж эхэлсэн нь асуудлыг гуйвуулж, хэн дуртай
нь энэ нэрийг ашиглан юу дуртайгаа бичиж болно гэсэн сэдэл өгсөн учир
үүнээс хойш өөрийнхөөрөө явахаар шийдлээ.

Үүнээс гадна түрүүний цувралуудад өнөөгийн Монголын хамгийн
сүрхий аналитикч, улс төрийн үйл явдлыг гярхай ажиглагч Баабар мэтийн
хүмүүс рүү дайран довтолж, тэднийг Аалзны тор цуврал өгүүллүүдийг
өөрийн бүтээл болгох гэж мэтгэж буй мэтээр бичсэн нь эцэст нь эдгээр
эрүүл саруул хүмүүсийн дурыг гутаасан төдийгүй, нийгмийн дотор ч шүтэн
бишрэгч үй олныг нь холдуулан түлхэж, угаас цуврал өгүүллийн үнэ цэнийг
алдагдуулан, үнэн ч юм шиг, худлаа ч юм шиг эргэлзсэн байдал буй
болгосондоо Зохиогчийн зүгээс гүн хүлцэл өчиж буйгаа дурдсу.
Аалзны тор цуврал гарч ирснээр нийгмийн дотор сэрдхийлгэл буй
болгож, эрүүлээр сэтгэгч хүмүүсийн дунд зүй ёсны бухимдал үүсгэж
чадсаныг Зохиогч ажигласан. Үүнээс гадна торны цаад эздийн дунд ч
сүрхий сандрал үүсгэж, зарим төлөвлөгөөг нь нураасан буюу өөрийн эрхгүй
өөрчлөх байдалд хүргэсэн нь ч үнэхээр болсон зүйл. Юутай ч цуврал
өгүүлэл Монголын нийгмийн амьдралд өчүүхэн ч гэсэн эерэгээр туссанд
Зохиогчийн зүгээс туйлын сэтгэл дүүрэн байгаагаа өчье.

Аалзны тор цуврал өгүүлэлд нэр дурдагдсан болон хамаарагдсан
хүмүүс, компани үүнд ямар ч эсэргүүцэл, тайлбар, учирлал гаргаж ирээгүйг
уншигч авхай анзаарсан байх. Ерөнхийдөө л гүтгээд байна, хараагаад байна
л гэж бухимдсан дүр эсгэсэн, харин тэр нь тийм учраас худлаа гэх мэтийн
эсэргүүцэл огт олж үзсэнгүй. Хамгийн хүчтэй эсргүүцлийг Таван Богд
компаний эзэн, МИАТ-ын орлогч дарга Баатарсайхан гэгч харууллаа. Тэрээр
Үнэн сонины хэдэн сэтгүүлчдийг хөлслөн авч тун ч инээдтэй хэдэн зүйл
хэвлүүлэв. "Аалз ч торондоо орооцолдоно" гэсэн сонин цуврал эхлүүллээ.
Харин Баабар үүнийг нь "Аалз байгалийн төгс бүтээгдэхүүн учир торондоо
орооцолдох учиргүй, эрх баригчид л өөрсдийн нэхсэн бүдүүлэг торондоо
орооцолдож болно" хэмээн ончтой егөөджээ. Баатарсайханы гол эсэргүүцэл
өөрийг нь Ховдын хүн, торгууд ястан гэсэн дээр төвлөрч улмаар Японд
сургууль төгсөж чадаагүй гэлээ гээд хуурамч үнэмлэхийн хуулбар сонингийн
хуудсаар нэг палбийтал тавьж, өвгөн Савадагийн хүү үнэхээр 50 орчим
настай Савадаг Монголд авчираад "ийм хүнийг 70 нэлээд гарсан гэж
заллаа" гэх мэтээр баахан марзганав. Асуудал Савада хэдэн настай, мань
хүн өөрөө аль аймгийнх гэдэгт биш байлаа. Асуудал улс орныг бүрхсэн
авилгын аугаа тор, торны эзэд, тэдний цадахаа мэдэхгүй ховдоглол, үүний
үр дүн болсон нийгэмд ядуурал, ажилгүйдэл, гэмт хэргийн газар авалтын
тухай байсан юм. Өөрөөр хэлбэл Монгол улсын хэтийн хувь заяаны тухай
ярьсан болохоос Баатарсайхан жинхэнэ дипломтой юу, үгүй юу гэдэг нь
хэнд ч падгүй хэрэг л дээ. Харин Худалдаа хөгжлийн банкны гадаадад
байршуулсан мөнгийг барьцаалан дахин зээл авсан тухай бичсэн мэдээ
минь ташаа байсан, үүний төлөө Монгол Банкны Ерөнхийлөгч Чулуунбат
олон удаа мэдэгдэл гаргаж, үүгээр дөрөөлөн ерөөс миний цуврал өгүүллийг
худлаа болгох гэж их оролдсон. Гэхдээ тэрээр бусад аль ч баримтыг (ийм
баримт үй олон дурдагдсан) огт үгүйсгэж чадахгүй хий л "мөн муухай гөрдөж
байна аа" хэмээн толгойгоо сэгсчүүлж суусныг зурагтын ажигч олон үзэгч
санаж байгаа байх.

Энэ удаа Зохиогч миний бие та бүхэнд Аалзны тор - 5 өгүүллээ
толилуулж байна. Хэн нэгнийг гүтгэж, ариун нэр төрийг нь гутаах ямар ч
санаа агуулаагүй. Бодит факт, баримтуудыг л хэлхлээ. Гэхдээ ойлгомжтой
учир шалтгаанаар олон баримтыг нарийвчлан гаргах, илчлэх бололцоо
алга. Аяндаа цаг үүнийг элээн бүр тодорхой болгож өгөх бизээ. Нэр
холбогдогч өөрөө ийм бичиг баримт, эсвэл болсон факт байгааг сайтар
мэдэж байгаа учир бүхнээс түрүүнд энд юуг заан өгүүлээд байгааг эрхбиш
сайн мэдэж байгаа. Хэрэв нэр холбогдогч өөрийгөө гүтгүүлсэн хэмээн
зарлаж шүүх цагдаадаа хүрвэл, хэдийгээр итгэл найдвар тааруутай боловч
Төрийн цагдаа, Төрийн шүүхийн байгууллагатай хамтран ажиллах нь иргэн
миний үүрэг мөн учир үүнээс татгалзахгүй.

Би энэ өгүүллийг Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө бичиж байгаа нь
зориудын учир шалтгаантай гэдгээ ч хэлье. Өдгөө аалзны торны эзлэх
талбай, үйлчлэх механизм хоёр гурван жилийн өмнөхийг бодвол хавьгүй
аюултай, хавьгүй өргөн цар хүрээтэй, хавьгүй бат бэх болсон. Энэ эх орныг
нийтэд нь торолсон энэ сүлжээ өнчин хүүхдийн сүүлчийн талхыг булааж,
өтөл чавганцын сүүлчийн лааг унтрааж байна. Ард түмнийг тэнэг мунхагийн
ёроол болгон доромжилж өөрсдөөр нь орилуулж, цамнуулж, алга ташуулж,
мэгштэл уйлуулж, хөөрцөглүүлж байгаад аягатай шөл, өмссөн ганц цамцыг
нь булаан авч талан дээрэмдэж байна. Үүнийг зүгээр хараад суух бөх зүрх
алга. Хөөрцөглөж, хий сургаар хөлд нь хий орсон мянга мянган хүмүүс
саналаа өгөх сүүлчийн мөчид ч гэсэн эргэцүүлж нэг бодоосой гэсэн юм.
Ирэх аюулыг сануулах гэсэн юм. Үр хүүхдийн чинь хувь заяаг өрөвдсөн юм.
Бурхан багш айлдахдаа зовлонг бус зовлонгийн шалтгааныг хай гэсэн
билээ.

НИЙГМИЙН БАЯЛАГИЙН ШУДРАГА БУС ХУВААРЬЛАЛТ

Хэдхэн хоногийн өмнө Олон улсын валютын сангаас зохиосон семинар дээр
Вашингтоноос ирсэн Мартин гуай үг хэллээ. Тэрээр хэлсэн үгээ зангидаж:
-Танай оронд эдийн засгийн өсөлт үнэхээр ажиглагдлаа. 10,6 хувийн
бодит өсөлт гарсан байна. Гэвч энэ өсөлтөөс шинээр ажлын байр буй
болсонгүй. Ажлын байр буй болоогүй гэдэг маань ядуурал буураагүй гэсэн
үг. Тэгэхээр нийгэмд буй болсон энэ өсөлт ард түмэнд очоогүй гэсэн үг. Энэ нь нэг л үгэндээ танай оронд шудрага хуваарьлалт алга гэдгийг л хэлж
байна.

Энэ бол Монгол орныг аль зэрэг авилгад идэгдэж, энэ нь эргээд
нийгмээ аль хэр хоосруулж хойш чангааж байгааг дээрээс нь харж дүгнэсэн
зэрвэс шинжилгээ юм. Авилга гэдэг бол хэн нэг нь нөгөөдөө мөнгө өгөөд
байгаадаа ч асуудал нь биш юм. Авилгын мөнгийг хахуульдагч төлдөг юм
биш, ядуу хоосон ардууд сүүлчийн таваг шөлөөрөө төлдөгт хамаг учир бий.
Авилга ихсэх тутам энгийн ардын амьдрал тэр хэрээр доройтдог гэдэг бол
нотлогдсон энгийн үнэн. Энэ дэлхийн олон улс үндэстэн гуйлгын тулам
болж, ядуурал гэмт хэрэгт дарлуулж, хөгжих биш ухарсаар буйн гол
шалтгааныг мэргэжилтнүүд нэгэн дуугаар "авилга" гэж тайлбарладаг.
2004 онд Монголын эдийн засгийн өсөлт 10,6 хувь гарлаа гэдэг маань
манай нийгэмд өнгөрсөн жилээ бодвол 130 сая доллар буюу 160 тэрбум
төгрөг шинээр буй болголоо гэсэн үг. Хүндээ хуваавал хүүхэд хөгшингүй
толгой дараалан 70 мянган төгрөгөөр амьдрал нь дээшлэх ёстой. Мэдээж
энд тэгш хуваарьлалт яриагүй учир энэ баялагийг буй болгоход оролцсон
хүмүүст илүү хамаатай. Гэхдээ шудрага хуваарьлалт ёсоор нийгмийн
гишүүн болгон их бага ямар нэг хэмжээгээр хүртэх ёстой. Үгүйдээ л тэтгэвэр
тэтгэмжээр дамжаад шүү дээ.

Гэтэл энэ их мөнгө хаачив? Өнгөрсөн жилүүдийн энэнээс арай бага
мөнгөнүүд хаачив? Өнгөрсөн хугацаанд гаднаас зээлж авсан тэрбум
доллар, буцалтгүй тусламжаар авсан мөн тэрбум доллар хаашаа орчив?

ААЛЗНЫ ТОР ЦУВРАЛ ЮУ ӨГҮҮЛЭВ?

Аалзны тор, Аалзны тор - 3, Аалзны тор - 4 өгүүллүүдэд юу гарсныг эргэж
нэг товчхон толилуулъя.

Улсын бага хурал -аас Монголд өмчийг хувьчлах шийдвэр аль 1991
оны 5-р сард гарсан боловч хэт хуучинсаг, ортодокс коммунист
сэтгэлгээнээсээ салж чадаагүй эрх баригч бүлэглэл үүнээс айж эмээсэн
төдийгүй ерөөс зарчмыг нь хүлээн зөвшөөрч чадаагүй учир өмч хувьчлал
үнэн чанартаа 1996 он хүртэл явагдаагүй юм. Мал хувьчлал ч Засгийн
газрын саналаар биш, үзэл суртал туйлдсаныг далимдуулж малчид өөрснөө
гүйцэтгэжээ.

Харин 1996 онд Төрийн эрхэнд гарсан шинэчлэгч үзэлтэй залуучууд
өмч хувьчлалыг өргөн фронтоор далайцтай явуулж эхэллээ. 75 жил Төрийг
завсарлагагүй зайдагнаж байсан нам, түүний үзэл сурталчид, эрх баригчид
эхэндээ үүнд цочирдож байснаа сүүлдээ хармын сэтгэлд автаж эхлэв. Өмч
хувьчилж буй этгээд өөртөө заавал юм унагаж байж таараа, гэтэл эд хамаг
өрмийг нь хамаад бидэнд юу ч үлдэхгүй нь гэсэн хүний ердийн шунахай
сэдэл аж. Ингээд "шудрага" хэмээх үгээр туг яндар хийн тухайн Засгийн
газар бүрийн шинэчлэл реформыг эсэргүүцэн, гардагсадыг нь элдэвээр
гүтгэн нийгмийг параличд оруулж дөнгөжээ. Хэрэв тэр үеийн гүтгэлэгт
үнэмших юм бол эрх баригчид нь Монголын нийт үндэсний үйлдвэрлэлээс
хэдэн арав дахин их зүйлийг идэж шамшигдуулсан болж таарах нь.
Хардлагадаа автсан тэд 2000 оны сонгуулиар Төрийг хяналтгүй
бүхлээр нь авсан нь ташуур өгчээ. Эцтэлээ шалгасан боловч өмнөх эрх
баригчдаас шийтгэл ноогдуулчих олигтой юм юу ч гарсангүй. Ингээд
өөрсдөө хоолондоо орохоор зориг шулуудав. Үүний тулд юун түрүүн хоёр
үндсэн асуудлыг шийдэх хэрэгтэй байлаа. Нэгдүгээрт нэгэнт гэмт хэрэг
хийхээр шийдсэн бол энэ нь гадны гэрчгүй байх ёстой, ингээд Ардчилсан
хүчинтэй нэр холбогдсон 15 мянган төрийн ажилтныг ажлаас нь халлаа.
Хоёрдугаарт идэх зүйлээ яаж хувааж авахаа хоорондоо тохиролцох
шаардлагатай байв. Харин энэ нь нэлээд хэцүү асуудал аж. Ерөнхийлөгч
Багабандийн, Ерөнхий сайд Энхбаярын, УИХ-ын дарга Энэбишийн гэсэн
биендээ хүч тэнцүү гурван бүлэглэл буй болж алиндаа ч илүү өгөх
хүсэлгүйгээ нуулгүй илэрхийлж байлаа. Чухам энэ зөрчлөөс болж эхний нэг
жил ямар ч өмч хувьчлал явагдаагүй, зөвхөн хүчний хуваарьлалт л хийгдсэн
хэрэг. Гэтэл гэнэт огт санаандгүй юм болж, хүчний харьцаанд үндсэн эргэлт
гарлаа. Хоёр бүлгийнх нь гол хүн болох хоёр хүн ээлж дараалан нас барж
гуравдахь бүлэглэл ганцаар тунан хоцров.

Тайзан дээр ганцаар эзэгнэн хоцорсон Энхбаяр нөгөө хоёрынхоо
үлдэгдлийг ор мөргүй хусаж зүлгүүрдэх ажилд орлоо. Үүний анхны явуулга
нь АПУ-ын хувьчлал юм. Ерөөс энэ нь түүний Засгийн газрын эхний
хувьчлал байлаа. Талийгчийн бүлэгт үхлийн цохилт өгөх нь эхний зорилт
байсан тул "ардчилсан хүчний" тодотголтой боловч хувьчлалд өрсөлдөгчөөр
оролцсон бүлэглэлд АПУ-г өгчээ. Улс төрийн сөрөг хүчнийнхэндээ өгч буй
нь шудрагын илэрхийлэл болох учиртай ч үнэндээ нам дотрох сөрөг
хүчиндээ араа шүдээ харуулах нь гол зорилго байлаа. Харин нэг мөсөн
үхлийн цохилт өгөх гэж байгаад доозыг нь хэтрүүлэн "надад 500 сая төгрөг
амалсан хүн бий" гэж байж өөрөө хэрэгт орох дөхөв.

Харин нөгөө бүлэгтэй нь хууль эрхийн хувьд хүчгүйдүүлэх, таллан
хуваах, бололцоотойг нь худалдан авах, эдийн засгийн хавчлага үзүүлэх
зэрэг есөн шидийн аргаар үзэлцлээ. Энэ хэрээрээ Ерөнхий сайд,
Ерөнхийлөгч хоёрын хооронд хувь хүнийнхээ хувьд гүнзгий хагарал, шууд
үзэн ядал үүсэн улам томорсон юм. 2001 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн
өрсөлдөөнд Багабандийг эс оролцуулах, орсон хойно нь дэгээдэж унагах
бүх арга чаргаа хэрэглэсэн боловч барсангүй. Түүнд барахгүй юм бас
байгааг биеэрээ мэдэрлээ.

БАНКНЫ РОЛЬ

Ардчилсан нийгэмд төрийн өндөрлөгийн сэнтий бол жинхэнэ эрх мэдлийн
өчүүхэн сэтэрхий. Учир нь нээлттэй нийгэмд удирдагч дарангуйлагч болж
чаддаггүй, дарангуйлахгүй бол жинхэнэ эрх мэдэлтэн болж чадахгүй.
Иймээс энэ сэнтийг эрх мэдэл болгож хувиргахын тулд мөнгө, бүр асар их
мөнгө хэрэгтэй. Ядуу Монголд нүдэнд харагдаж буй мөнгө нь үнэ цэнэт аж
ахуйнууд, эс харагдах мөнгө нь газрын баялаг.

Энэ бүхнийг эзэмшихийн тулд юун түрүүн хувийн банк хэрэгтэй. Банк
санхүүгийн хэрүүлтэй реформын дараа хувьчлагдаагүй үлдсэн нь Худалдаа
хөгжлийн банк (ХХБанк) байлаа. Гэхдээ хамгийн том нь. Монголын нийт
эргэлтийн 60 гаруй хувь нь ганц энэ банкаар дамжина. Гэвч 30 хувь нь
хувьчлагдсан, улсад жилдээ 11-12 тэрбум төгрөгийн татвар болон ноогдол
ашиг өгдөг энэ аврага эдийг худалдаад авчих мөнгө өөрсөдөд нь байсангүй.
Монгол банк-ны Ерөнхийлөгч Чулуунбат дэлхийн хаанаас л бол
хаанаас хэд л бол хэдэн доллар босгож чаддаг хүн гэж өөрийгөө Энхбаярт
итгүүлжээ. Харин жижиг гарын мөрийтэй тоглоомчийн сэтгэхүйтэй тэрээр
баахан шуугиан тарьж тарьж юу ч олж чадсангүй. Олон улсын гэмт хэргийн
шинжтэй хэд хэдэн үйлдэл хийгээд тэр нь тухай бүрдээ баригдаж ялангуяа
Монголын гол хандивлагч олон улсын байгууллагын зүгээс хүчтэй донго
авчээ. Тэрээр Хонг Конгоос алан хядагчдын мөнгө Монголд оруулж ирэх,
Тайваниас өндөр хүүтэй мөнгө зээлэх, байчихаад Монгол банкны гадаад
хадгаламжийг өөрийн нэр дээр эргүүлж өгөхийг шаардсан бичиг явуулах
зэрэг өөр хүн бол шоронгийн хадаас болмоор олон шуугиан тарьжээ. Түүний
энэ олон гэмт үйлдлүүдэд Олон улсын валютийн сан-гаас сануулга өгөөд
байхаар сүүлдээ улаандаа гарч Монгол улс ОУВС-гүйгээр амьдарч чадна
хэмээн ханхалзах болов.

ЧУЛУУНБАТЫН ОВ

Эцэст нь тэрээр удирдан найруулж байж улайм цайм луйврын аргаар ХХБыг
хувьчлууллаа. Олон улсын тавцан дээр комодити компаниуд дотроо тун ч
өчүүхэнд орох Жэральд Метальз компанийг олж ирлээ. Тэр нь Эрдэнэтийн
зэсийн баяжмалын экспорт дээр үнэмлэхүй эрх эдлэх хүсэлтэй гэнэ.
Үүнийхээ шанд ХХБ-ы хувьчлалд хуурамчаар оролцож болно гэж ам өгчээ.
Тохиролцоо ёсоор Жэральд метальз авах зэсийнхээ урьдчилгааг ХХБанкны
хувьчлалын төлбөр нэрээр оруулж ирэх ба түүндээ хойшид зэсийн
баяжмал аваад цайрах ёстой аж. Харин энэ комодити компанийг өнгөлөн
далдлахын тулд Швецариас нэг жижиг банк бас оллоо. Нэр нь Лугано. Одоо
эзэмшигчийг тодорхойлох ёстой.

Оффшор бүсд компани бүртгэдэг, ашиглагдахаа больсон компанийг
эзэмшигчийг нь солиод зардаг үйлчилгээ үзүүлдэг олон компани бий. Хүсвэл
хэн нь ч өнөөдөр интернэтээр жишээлбэл Ocra.Worldwide компанийн
хаягаар орон хэн нэг нь ашиглахаа больсон компанийг жишээ нь 500
доллароор худалдан авч аль нэг оффшор бүсэд бүртгүүлж болно. Картаар
төлбөрөө хийх учир тийшээ очих ч хэрэг байхгүй, тус компанийн төлөөлөгч
очоод өмнөөс чинь бүртгүүлчихэнэ. Яг ийм журмаар Чулуунбат нар
хэрэгцээнээс гарсан нэг компани худалдан авчээ. Нэр нь Globull Investment
and Development Management S.A. Энэ компани нь Жэральд металз, Лугано
банк хоёртой нийлээд Globull Investment and Devolopment S.C.A хэмээх
нөхөрлөл байгуулан Люксенбургийн оффшор бүсд 2002 оны 12-р сарын 5
өдөр бүртгүүлжээ. Эхний компаний нэрийг яльгүй өөрчилөхөөр нөхөрлөлийн
нэр гараад ирж байгаа биз. Нөхөрлөлийг хатагтай Анне-Селоне Хуарт
бүртгүүлж, натриотч Иосеф Элвингэр бүртгэж авсан байна. Хэрэв бүртгэлд
үнэмшвэл нөхөрлөл 7, Parc d`Activites Syrdall, L - 5365 Munbach гэсэн хаягт
оршин үйл ажиллагаагаа явуулдаг юм байна.

Нөхөрлөл ердөө 62 мянган долларын хөрөнгөтэй аж. Тус бүр нь нэг
доллар хорин таван центний үнэтэй 49 600 хувьцааг оролцогч гурван
компани хувааж эзэмшинэ. 53 мянган долларын хувьцаа нь Жэральд
метальз-ынх, 8 мянган доллар нь Лугано банкнынх. Харин мөнөөх урт
нэртэй компани ердөө ганцхан ширхэг хувьцаа буюу ганц доллар 25
центний хувьцаа эзэмших аж. Гэхдээ тэр ганц нь А зэрэглэл, бусдынх нь 48
599 ширхэг нь В зэрэглэлийнх. А зэрэглэлийн ганц хувьцаа бүх В
зэрэглэлийн хувьцааг давамгайлна, дуртай цагтаа эзэмшин захиран
зарцуулна. Эндээс үзэхэд Лугано, Жэральд метальз хоёр усан тэнэг
компаниуд болж таарч байна.

Люксенбургт шинэ нөхөрлөл дөнгөж төрөн бүртгүүлж байхад буюу
2002 оны12 дугаар сарын 5 өдөр ХХБанк-ны төрийн эзэмшил болох 76
хувийг Globull Investment and Devolopment S.C.A нөхөрлөлд эзэмших эрхийг
нь шилжүүлэх 717 тоот тогтоолоо Улаанбаатарт Төрийн өмчийн хороо
гаргаж байлаа. Улаанбаатар, Люксенбург хоёр цагийн бүсийн найман
цагийн зөрөөтэй гэж бодохоор бүртгүүлэхээсээ өмнө энэ нөхөрлөл өөрийн
үндсэн хөрөнгөөс хэдэн мянга дахин их хөрөнгөтэй болсон ч байж магадгүй
юм. Гэхдээ энэ нь гол биш, ХХБанк-ыг хувьчлахаар тус хорооноос жилийн
өмнө гаргаж Английн нэр хүнд бүхий Экономист сэтгүүлд хүртэл хэвлүүлж
байсан тендерийн болзол зүйл нэг бүрээрээ зөрчигдсөнд хамаг учир бий.
Уул нь тендер ёсоор бол банк санхүүгийн үйл ажиллагаа 10-аас доошгүй
жил явуулсан туршлагатай, 50 сая доллароос доошгүй дүрмийн сантай, энэ
бүхнээ сүүлийн гурван жилээр аудитаар оруулж батлуулсан банк л ХХБанкны
хувьчлалын тендерт уралдаанд оролцох эрхтэй гэж зарлан энэ нөхцлийг
юун түрүүний хязгаарлалт болгон тогтоосон юм.

ДАРААГИЙН МЭХ БА ҮР ДҮН

ХХБанк-ыг гадаадынхан тендерээр хувьчилж авсан мэтээр дотоодынхонд
харагдуулах ээлжит мэхүүдийг угсруулан хийж эхлэв. Энэ банкны хувьчлалд
оролцооч гэж Ай Эн Жи Баринг хэмээх банкийг Чулуунбаатар олон удаа
гуйжээ. Гэвч Жэральд метальз-ын гүйлгээг хийдэг, асар том энэ банк
Монголын жижиг, хэрүүлтэй, арга нь ихээхэн сэжигтэй энэ хувьчлалыг
сонирхохоос татгалзжээ. Харин менежер олж өгөөч гэсэн хүсэлтийг хүлээж
авав. Учир нь аль ч банк өөрийн ноу хау-г зардаг, энэ нь бас нэг бизнес нь
юм. Аль ч нэр хүндтэй банкнаас жилийн 200 - 300 мянган долларын
цалингаар менежер явуулаач гэхэд дуртай хүлээж авна.

Ингээд тэд Улаанбаатар руу өөрийн Японд ажилладаг Кейт Чиддиг
илгээлээ. Буурай орны нэгэн томоохон банкинд менежерээр уригдсан
тэрээр хийх ажлаа бодсоор баясан ирсэн боловч Төрийн асар том
коррупцитай орооцолдож байгаагаа төдөлгүй ойлгов. Аалзны тор өгүүлэл
нийтлэгдэн шуугиан үүсээд эхлэнгүүт тэрээр Монголыг орхин ум хумгүй
зугтаалаа. Дараа нь Chris Teunissen гэгчийг урин авч ирлээ. Тэрээр бас л
зугтаачихсан. Олон хүнд, түүний дотор Монголын парламентийн хэд хэдэн
гишүүнд энэ эрхэм өөрийн зовлонг ярьж, Монголд авилга хээл хахууль
аймшигтай байдалд хүрснийг ХХБанкаар жишээлэн онцолсон байдаг.
Тэрээр бузар үйлдэлд оролцохоос татгалзжээ, харин асар их цалингаа
авдагаараа авч байсан. Үүний дараа өнгөрсөн оны сүүлчээр Коппа гэх эр
ХХБанкны гүйцэтгэх захирлаар ирлээ.

Өдгөө ХХБанкны босс нь Мөнхбат гэгч бий. Урьд нь Чулуунбатыг
Монгол банкны дэд ерөнхийлөгч байхад хажууд нь хамтарч байсан, олон
улсын харилцааны мэргэжилтэй нэгэн. Түүнийг босс гэхээс өөрөөр нэрлэх
аргагүй учир нь гадаадад ХХБ-ы захирал, дотоодод ХХБ-ы дэд захирал
гэсэн нэрийн хуудас тараадаг ба үүнээс гадна нэг харахад банкны
ерөнхийлөгч, нөгөө сонсоход дэд ерөнхийлөгч болчихсон явдаг түүний
тухайлсан албан тушаал нь тодорхойгүй. Банкинд эдгээр дөрвөн албан
тушаал шал өмнөө утга илэрхийлдэгийг нурших юун. Хамгийн гол нь
Мөнхбат болон бусад эзэмшигчдийн хувьд зүгээр сууж байгаад өндөр цалин
авах дуртай, ийш тийш уулзалтанд явуулахад зааж хэлсэн үгийг
зөрүүлэлгүй ярьчихдаг, илүү дутуу зангүй, санаачлага гаргаж юм олж мэдэн
цааш ярихгүйхэн шиг тэнэгдүү цагаан арьстан хүн хэрэгтэй.
ХХБанкыг анх луйвардах төлөвлөгөө боловсруулсан нэр бүхий хэсэг
эрх мэдэлтэн энэ хэлцлээ баталгаажуулж нотриотжуулсан юу ч байдаггүй
аж. Бичиг цаас үлдээх нь аюултайгаас гадна, ердийн монгол хүмүүсийн
заншлаар амаараа тохиролцжээ. Гэвч бүх зүйл хэлсэн ярьснаар
болоогүйгээс гадна тойрсон хэрүүл, хов, дарамт олширч нөгөөтэйгүүр цаг
явсаар буй учир яг тэр нь өнөөдөр тэдэн хувийг нь эзэмшиж байгаа гэхэд
үнэхээр төвөгтэй болсон. Өөрөөр хэлбэл эзэнгүйдэх маяг руугаа орсон аж.
Харин Жэральд метальз-ын хувьд өгсөн урьдчилгаандаа бүх зэсээ
ачуулчихсан учир тооцоо дуусчээ. Монголын зэсийн 80 хувийг хүртэл
борлуулж байсан энэ бяцхан компани одоо ор сураггүй болсон. Луйварчид
өдгөө Далайн түншүүд хэмээх дараагийн найзтай зузаарсан. Нэмж хэлэхэд
мөнөөх Globull Investment and Devolopment S.C.A нөхөрлөлийн "хяналтын
зөвлөл"-дөө Жэральд Л.Леннард байсаар байгаа эсэхийг мэдэхгүй байна.
Хувьчлагдахын өмнө улсад жилд 11-12 тэрбум төгрөг өгдөг, дотоодын
нийт гүйлгээний 60 гаруй хувийг дангаараа хянадаг байсан энэ банк дараа
жил нь улсад ердөө 300 сая төгрөг өгсөн ба өнгөрсөн жил бас л ердөө 2
тэрбум төгрөг өгчээ. Том жижигийн хувьд ердөө дөрвөн жилийн өмнө гурав
дахин том байсан Голомт банкныхаа ард орчихсон байгаа. Ийм л үр дүнтэй
дээ.

ХААН БАНКНЫ БЯЦХАН ТҮҮХ

Хаан банк буюу Хөдөө аж ахуйн банк-ыг Энхбаярын бүлгийнхэн хувьчилж
аваад ХХБанкны хавсрага болгохоор анхлан төлөвлөжээ. Гэвч сайн юм
болгон муу саадтай байдгийн үлгэрээр томилож явуулсан Баатарсайхан нь
ам ажлын дэлэм багадам зөрөөтэй нөхөр байв. Ерөөс Энхбаяр 2000 оны
сонгуулиар сарвайсан болгоны мөнгийг авч өгсөн хэмжээнд нь тохируулан
албан тушаал хуваарилсан алдаа хийсэн юм. Мэдээжийн хэрэг худалдан
авагч болгон сайн хүмүүс биш. Үйлчлүүлэгч болгон сайн түнш гэдэг Америк
дэлгүүрийн лоозон бол зүгээр л лоозон болохоос дэлгүүрийн эзэн үүндээ
үнэмшдэггүй гэдгийг Энхбаяр мэддэггүй байлаа.

Баатарсайхан бол муу үйлчлүүлэгч аж. Тэрээр ХААН банк-ыг
хувьчилж авах цаад философийг ойлгосонгүй, тав гурван цаасны илүүд л
шүлэнгэтэж байлаа. Тэрээр өөрийн танил өвгөн Савада, нутгийн гэгдэх дүү
Кюкшүзань хоёртой гуравны нэгээр тохиролцон банк авахаар зөвшсөн аж.
Гэвч сумоч дүүгийн нэрийг ашиглах гэсэн авч цаадах нь мөнгөгүй учир
тоглоомноос хасагджээ. Харин Савада гуай асуудлыг нилээд буйртай авч
үзээд цааш ярин DAI consulting, болон Ай Эф Си-тэй ярилцан хувь оруулж
гуравны хоёрыг нь авчээ. Мөн энэ шугамаараа Питр Морроу хэмээх хүн олж
ирж гүйцэтгэх захирлаар нь тавив. Харин хөөрхий Баатарсайхнаар 2007 он
хүртэл зөвхөн хувьцаа эзэмшигч байна гэсэн гэрээнд гарын үсэг зуруулж
эхнэр Хулангийнх нь амбицийг нэг мөсөн дарж өгчээ. Тэмдэглэж хэлэхэд
энд Аалзны тор өгүүлэл голлох нөлөө үзүүлсэн юм. Тэд Баатарсайхнаас
болгоомжилсон хэрэг. Иймээс хамтран хөрөнгө эзэмшигчээр IFC-г хүртэл
оруулжээ.

ХААН банк барууны менежментийн хүчээр өдгөө сүрхий босож байна.
Гэвч харамсалтай нь төрийн санхүүг шулах замаар өөдлөж байгаа юм.
Өдгөө 15 мянган багш ХААН банкинд өртэй аж. Энэ бол хөдөөний бараг бүх
багш нар. Нэг багш жилд дундачаар сая төгрөгний цалин авдаг гэж бодоход
100 мянган төгрөгөө ХААН банкинд хураалгадаг гэсэн үг. Цаана нь тэтгэвэр
авагч, эмч, захиргааны ажилтан гээд тоочвол тоо хавьгүй өснө. ХААН
банкыг Монголд ядуурлыг бууруулахын төлөөх эм тан гэж олон улсын зүгээс
болон Монголын төрөөс зүйл бүрээр дэмжин бараг хиймлээр босгож ирсэн
билээ. Гэтэл үндсэн зорилго нь алдагдаж ядуурлыг хөөрөгдөгч, цааш нь
түлхэгч мөнгө хүүлэгч болжээ.

ӨР БОЛ БИЗНЕС

ХХБанк-ыг худалдаж авах эрэлхийлэлдээ Чулуунбат нэгэн нүх олж
ажиглажээ. Сангийн сайд асан Баабарын нотлож байгаагаар Германы
Берлинэр болон Кредит банк 1993 онд Монголд зээлүүлсэн 5 сая доллароо
эргүүлж олж авч чадахаа болиод түүн дээр очин 30 хувийг нь олж өгвөл
өндөр шагнал өгнө гэж гуйж байжээ. Гэвч уг зээлийг хүлээн авагч нь ХОТШ
банк ба үүнд нь Монгол банк хийгээд Монголын Засгийн газар баталгаа
гаргаж өгөөгүй учир нэг л үгэндээ хувь хүмүүсийн хооронд хийгдсэн
хэлэлцээний хариуцлагыг Төр хариуцах учиргүй байлаа. Энхбаярын 2002
онд Германд хийсэн айлчлалыг тохиолдуулан энэхүү хувь хүмүүсийн хоорон
дахь өгөө авааг Монголын Төр өмнөөс нь шийдэн төлбөрийг хийлээ. Өрийг
50 хувь хөнгөлж хагасыг нь төлж буй учир Монголд их ашигтай зүйл болсон
хэмээн мэдээллийн хэрэгслэлээр олон хоног рекламдав. Монголын Төр
хариуцах ёсгүй юмныхаа ердөө 30 хувийг нь олж өгвөл их шан өгнө гэж
амалж байсан тэд бүр 50 хувийг нь бэлнээр олж өгөгчийг ихэд урамшуулсан
нь ойлгомжтой хэрэг. Хамгийн гол нь бүлэглэлийнхэн эндээс өр гэдэг бол
харах өнгөндөө буянтай, цаад утгандаа унацтай наймаа гэдгийг бие дээрээ
ойлгожээ.

Өр нэгэнт олз юм бол дараагийнхыг нь хийх хэрэгтэй. Монгол улс
1990 оноос хойш Унгараас өөр оронтой өр цайруулаагүй байлаа. ЗХУ-д 10
орчим тэрбум шилжих рублийн өртэй, үүнийг доллартай яаж харьцуулахаас
Монголын хувь заяа шийдэгдэх байлаа. Нэг шилжих рублийг 10 цент хэмээн
тооцож Унгартай хийсэн гэрээ зөвхөн энэ тохиолдолд л сайн болохоос энэ
нь Оростой тулахаар тэрбум долларын өр болоод байсан хэрэг. Иймээс
Оростой өрийн асуудал шийдэхээс нааш аль ч оронтой өрийн асуудал
ярихгүй гэсэн бодлого барих боллоо. Зүүн Европын орнууд Орос дахь өрөө
цэрэг байрлуулсаны экологийн хохирлоор сөргүүлж харин ч авлага авч
байсан жишээг удирдлага болгосон хэрэг. Энхсайхан Ерөнхий сайд байхдаа
Зөвлөлтийн цэргийн Монголд байршихдаа учруулсан экологийн хохирлыг
тооцуулан баримтжуулж Монгол өртэй биш авлагатай гэсэн тооцоо
гаргуулсныг тухайн үедээ Энхбаяраар толгойлуулсан МАХН-ы парламент
дахь бүлэг улайран эсэргүүцэж байсан.

Өрөн дээр бизнес хийе гэдэг саналыг анх Чехийн INECON хэмээх
бяцхан компани гаргажээ. Монголчууд өртэй байсан социалист Чехославак
улс тарж бутран бие даасан Чех ба Словак улс болон задарсан тул толгой
эргээд учир нь олдохгүй юм болох сайхан далим байлаа. Тус компани
өөрийн шугамаар ярьсаар найрамдалт Монголын өрийг бүрэн цайруулжээ.
Харин Монгол улс албан ёсоор асар их хөнгөлөгдсөн өр гэгдэх мөнгө Чех
улсад 1,8 сая доллар, Словак улсад 2 сая доллар гаргаж өгөхөөр боллоо.
Нэгэнт Засгийн газрууд ямар ч мөнгө авахгүй учраас Монголын эрх
мэдэлтнүүд, INECON компани хоёр нийлбэр мөнгө 3,8 сая долларыг хувааж
авах боллоо. Мөнгө гаргаж байгаагаараа монголын удирдагч нар 70 хувийг
нь, өрийг бүрэн цайруулсан чех компани 30 хувийг нь авах болжээ. Ийм их
мөнгө авч буйдаа ичингүйрсэн монгол төлөөлөгчид энэхүү 2,5 сая долларыг
намдаа хандив болгон авч буй юм гэж хэлсэн байдаг. Юутай Чех ба Словак
улсын хуучин өрийг барагдууллаа барилаа гэж шуугиан реклам огт
болсонгүй. Харин мөнгө Хонг Конгийн банк руу шилжсэн ба ямар ч нам
хүртэлгүйгээр 4-5 хүн энэ мөнгийг хуваан авчээ. Мэдээж Сангийн яамны гол
хэлэлцээр хийсэн хүмүүсээс гадна намдаа хандив болгож буй гэж ярьсан
МАХН-ын идэвхитэй зүтгэлтэн хүртэл хувааж хүртжээ. Эдгээрийн нэрийг би
хэлж чадна, гэхдээ ямар реакци үзүүлэхийг нь хүлээж байна.

УЙЛААН МАЙЛААН БА ӨР

INECON компани монголын луйварчидтай нийлж амжилттай бизнес хийсэн
учир амташжээ. Ингээд Монголын эрх баригчдад Монголын Орост төлөх
өрийг зохицуулж өгөх санал тавьсан байна. Энэ бол жинхэнэ бизнес байлаа.
Нэг ам. доллар нь тухайн үеийн албан ханшаар 0,6 шилжих рубльтэй
тэнцэж байсан тул Монголын Орост төлөх өр албан ёсоор авч үзвэл 17
тэрбум доллар аж. Ийм асуудлыг зохицуулбал дундаас нь олон сая
долларын бизнес. Толгой эргэм мөнгө.

INECON компани дэндүү жижиг учир энэ асуудлыг шийдэхэд туслаач
хэмээн өрөөр мэргэшсэн ФАД компанид хандсан байна. Тэд Чех болон
Словакийн удирдлагатай холбоотой болохоос Москва хүрэхэд хоншоор нь
дутаж байлаа. Харин ФАД бол Москва байтугай хөлтэй аж. Гэтэл ФАД нь
INECON-оо гол гаргаад Монголын удирдлагуудтай бие даан хэлэлцээрт
ордог байгаа.

Сангийн сайд Ч.Улаан өөрөө Монгол телевизээр нотлон хэлж
байгаагаар ФАД-тай зургаан удаа хэлэлцээрт орж "тулалджээ". Мөнгө
төлөгч нь Монголын ард түмэн, оросуудтай хэлэлцэгч нь ФАД компани,
завсраас нь ашиг унагагч нь ФАД ба Монголын луйварчин эрх мэдэлтнүүд.
Дүр зураг ийм тохиролцоогоор явагдлаа.

ФАД Оросын Засгийн газартай ярилцсаны хүчинд ийм тохиролцоонд
хүрэв. Монголчууд Орост 11 тэрбум рублийн өртэй, үүний 98 хувийг
хөнгөлөөд үлдсэнийг нь 2003 онд багтааж төлбөл цаашид ярих зүйлгүй
болно. Үүний эхний алхам болгож Оросын Ерөнхий сайд Монголд айлчилж
өөрсдөөр нь 11 тэрбум ам. долларын өрийг нь зөвшөөрүүлэх, дараа нь 98
хувийг нь хөнгөлүүлэх сценари зохиолоо. Оросын Ерөнхий сайд Касъяанов
өр шийдэхэд мэргэшсэн, урьд нь Анголын алмаазаар асуудал шийдсэн
мэргэжилтэн аж.

Бүх тохиролцоо бүрдсэний дараа Монголын засгийн газар 98 хувь хэд
болох тухай ч нарийн тооцоолсонгүй, бүдүүн тоймоор 250 сая ам. доллар
Чехийн Обходны банк руу шилжүүлж орхив. Үүнд Монгол банкны нөөцөөс
гадна Айванхо компаниас өндөр хүүтэйгээр зээлсэн 50 сая доллар хүртэл
хамарлаа. Дараа нь Оросын Засгийн газраас Их өр тэгэлсэн, цаашид өөр
ярих юмгүй гэсэн утгатай бичиг иржээ. Ийнхүү монголчууд их өр гэгчээс
салав.

Өр төлсөн явдлыг Монгол даяар үндэсний их наадмын хэмжээнд
тэмдэгэллээ. Төлсөн гавъяатнууд хоорондоо тэврэлдэн уйлалдаж,
дагалдаад настнууд дадлаа дагаж, нялхас айсандаа мэгшин уйлалдана.
Хэргийн гол эзэнд Чингисийн одон өг хэмээн Ерөнхийлөгчөөс шаардах нь
бүр ч сүрдмээр. Зурагтын нэвтрүүлэгч хүртэл баярын нулимсаа хэнээс ч
нуухгүй цангинуулж байв. Зүгээр байсан малчинг хүртэл уйлуулж харуулав.
Одоо асуудлын нөгөө талыг харъя. Олон улсын валютын сан-д
оросууд Монголын талаас 200 сая ам. доллар авч асуудлыг нэг мөсөн
тэгэлсэн гэж мэдээлсэн байдаг. Олон улсын валютын сан-гийн Монгол дахь
төлөөлөгч төлсөн 200 сая долларыг яахав гээд цаана нь үлдсэн 50 сая
долларын гаргалгаа тооцоог Монголын Засгийн газар болон Монгол
банкнаас удаа дараа нэхсэн боловч ямар ч хариу авсангүй. Учир нь энэ бол
асар их мөнгө, Монголд хандивлагчдаас үзүүлдэг тусламжийн гуравны нэг
болой. Энэ нь ядуу Монголд байтугай баян Америкт ч тооцогдох их мөнгө.
Энэ хаачив?

ГЭНЭТ ИРЭЭД ГЭНЭТ АЛГА БОЛСОН 50 САЯ ДОЛЛАР

Худалдаа хөгжлийн банк-нд Хувийн валютын данс гэсэн тусгай данс бий.
Энд хувь хүмүүсийн валютыг хадгалах, гүйлгээ хийх, төлөх зэрэг үйлчилгээ
хийгдэнэ. Банкны сар болгоны тайланд энэ нь заавал ч үгүй тусгагдан
Монгол банкинд нэгтгэгдэнэ. ХХБанк-ны энэхүү Хувийн хадгаламжийн
валютын данс сүүлийн таван жилд 4 - 7 тэрбум орчим төгрөгт хэлбэлзэж
байлаа. Тухайлбал 2003 оны 11-р сард 8,453 тэрбум төгрөгтэй байж. Харин
12-р сарын 30 буюу монголын малчин өр төлсөнд баярлаад мэгштэл уйлж
байх тэр мөчид ХХБанкны хувийн хадгаламжийн данс гэнэт 70 тэрбум 966
сая төгрөгтэй болчихжээ. Энэ нь ганцхан минутанд 62 тэрбум төгрөг буюу 50
орчим сая доллараар гэв гэнэт зузаарлаа гэсэн үг. Харин энэ мөнгө сарын
дараа дахиад илбэтэй юм шиг хайлан алга болсныг нэмэж дурдах нь зүйтэй.
Монголын санхүүгийн эргэлтийг гол хандивлагчид үргэлж хянаж
байдаг. Нэгэнт асар их мөнгөөр тусалж буй учир юунд мөнгөө өгч байгаагаа
хянах нь мэдээж хэрэг. Энэхүү гэнэт нэмэгдсэн асар их мөнгөний учрыг
Олон улсын валютын сангаас асуужээ. Хариуд нь Монгол банк "энэ бол
хувийн нууц" гэсэн хариу өгсөн байна. Дараа нь Дэлхийн банк энэ талаар
ХХБанк болон Монгол банк-аас асуужээ. "Эрдэнэт гэнэт их мөнгө хийчихээд
эргүүлээд татаад авчихсан" гэсэн хачин хариулт сонсов. Дараа нь Азийн
хөгжлийн банк-ны төлөөлөгч очиж асуулаа. "Айванхо-ын Фридланд яасан
юм бүү мэд гэнэт ийм мөнгө оруулж ирээд эргүүлээд авчихсан" гэсэн бүр ч
марзан хариу авсан байна. Үнэхээр ч 50 сая доллар өр төлөхөд нь зориулж
зээлчихээд дээр нь ХХБанк-аар нэмж 50 сая доллар оруулаад гаргадаг
логикгүй үйлдлийг хэн юу ч гэж ойлгох юм билээ.

Гэхдээ тэд мөнгөний дүн байтугай эздийг нь хүртэл мэдэж байгаа. Би
ч мэднэ, харин юу гэж мэлзэхийг нь харъя. Амиа арай гэж авч явсан ядуу
зүдүү нэг далдагануур өр төлсний маргаашаас өмсөж зүүх эдэлж
хэрэглэхээрээ лусыг хүртэл атаархуулмаар болж авсныг таньдаг мэддэг
болгон нь гайхан шогширч байгаа. Авилгачдыг өгсөн авсан нотолгоогоор нь
биш эдэлж зарцуулж байгаагаар нь мөргүүлж барьж авдаг. Америкт ийм
аргаар тагнуулыг хүртэл илрүүлдэг. Харин Монголын Хууль зүйн сайд
болохоор авч өгч буй фото зургийг нь аваад ирвэл шийтгээд өгч болох юм
гэж хээв нэг айлдах аж.

Монголын луйварчид ФАД-тай нийлж гэнэт их мөнгө "хийсэн" боловч
түүнийгээ хаана байршуулах, юунд зарах, юу гэж тайлбарлах бэлтгэлгүй
байжээ. Гэвч хоршоо түншүүддээ итгэхгүй учир юу ч гэсэн бушуухан
өөрсдийн банк руу шилжүүлээд дараа нь учраа олъё гэж шийдсэн бололтой.
Энэ их мөнгийг юун түрүүн намдаа авна, сонгуульд зарцуулна гэж өөр
зуураа ярьж ичингүйрч байсан авч их бодож таван хувийг нь л намдаа өгчээ.
МАХН луйвар хийхэд гол цагаатгал болдог нэр. Харин энэ намын данс
үргэлж 5-10 сая төгрөгийн л хадгаламжтай байдаг. Яаж ч хараад ядуу нам,
хэдэн байшингийнхаа түрээсээр л арай гэж болгож байдаг ажгуу. Өөрөөр
хэлбэл Монголын дундажаас арай дээгүүр иргэнээс ч ядуу нам ажээ.

ГАЗРЫН БАЯЛАГ

Монгол улс өдгөө уламжлалт мал аж ахуйн орон биш, хөдөө аж ахуйн ч орон
биш. Учир нь энэ салбар Дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувийг ч гаргаж
чадахгүй. Өнөөдрийн Монгол бол уул уурхайн олзворлолтын орон. Жилд
экспортлож буй 580 мянган тонн зэсийн баяжмал, 20 тонн алт олзворлолт
нь ямар ч ямаа тэмээгээ хэдэн арав дахин нугалчиж байгаа билээ.
Улам их эрчимтэй өсөх энэ салбар маргаашийн Монгол орныг
тодорхойлж байна. Ердөө аравхан жилийн дараа гэхэд энэ салбартаа
түшиглэсэн Монгол өнөөдрийнхөөс 2-3 дахин баяжина. Таван толгойн
коксжих нүүрсний орд, Айванхо-ын зэсийн орд, эдгээрийг дагасан дэд бүтэц
болох цахилгаан станц, төмөр зам Монгол орныг танигдашгүй болтол
өөрчлөх боломж бий.

Нийгмийн баялаг асар их өснө. Харин энэ баялаг хэнд хуваарьлагдах
вэ? Нэг ч ажлын байр шинээр буй болгохгүй, үүнээ дагаад нийгмийн
гишүүдийн ядуурлыг бууруулахгүй юм бол баян тарган болох нь эргээд
хэрэгтэй зүйл мөн үү, биш үү? Асар их байгалийн баялагтай, хүнд нь
статистикаар хуваахаар дажгүйд тооцогдох орлоготой Африк, Латин
Америкийн олон оронд ядуурал, хэрээс хэтэрсэн баярхал хоёр мөр зэрэгцэн
оршино. Хэдхэн хүнийг тэжээхийн тулд нийгмээрээ өлбөрч зовох юм бол
ерөөс баялаг үйлдвэрлэхийн утга учир хаанаа байна?
Монголын мөнгөжсөн дээдэс банк луйвардаж, өр төлснөөр улам
баяжиж нийгмийн баялагийн бусад салбар руу эрчимтэй орооцолдож
эхэлжээ. Монголын гол баялаг бол байгалийн баялаг.
Таван толгойн коксжих нүүрсний орд бол хэдэн тэрбум долларын
хөрөнгө оруулалт, түүнээсээ олон арав дахин их орлого хүлээж байгаа
газар. Үүнийг Төр-хувийн хосолсон хувьцаат компани эзэмшинэ. 51 хувийг
нь Төр эзэмшдэг. Харин нийт нөөцийн ердөө ганцхан хувь нь Төрд
хамаардаг ажгуу. Даланзадгад руу нүүрс зөөдөг өчүүхэн уурхайнцар
Төрийнх, тэгээд л боллоо. Үлдсэн нь мангасуудынх.
Багануурын нүүрсний уурхай нүүрсгүй болчихсон гэвэл та лав
үнэмшихгүй, гэхдээ энэ үнэн. Уурхайн 85 хувь нь төрийнх. Малтаж ашиглаад
дууссан том том нүхнүүд нь Төрийнх. Эргэн тойрнынх нь бүх газар леценз
эзэмшдэг луйварчдынх. Уул нь энэ уурхайг хэдэн арван жил ашиглахаар
төлөвлөсөн ба дараа дараагийн ухах газрыг нь системчлэн төлөвлөж
зураглажээ. Тэр газруудыг нь авилгаар тараачихсан. Багануур компани
дараагийн талбай руу орж нүүрс олзворлохын тулд леценз эзэмшигч
луйварчнаас худалдаж авна. Худалдаж авахгүй бол Улаанбаатар тоггүй
болно. Гоё байгаа биз?

Энэ бол ердөө л нэг хоёр жишээ. Сая таван зуун жаран дөрвөн
мянган ам км талбай маань хэнд яаж хуваагдсаныг сонирхуулбал та намайг
худалч гээд нийт өгүүллийг минь үнэмшихээ больчих учир ингэсхийгээд
завсарлая.

НӨЛӨӨЛЛИЙН ХҮРЭЭ

Том нь жижгийгээ татдаг нь физикийн ердийн хууль. Ийм хууль Монголын
зах зээлд өнөөдөр юу юунаас илүү хүчтэй үйлчилж байна. Арай гэж тогтон
хэлбэршиж байсан Монголын зах зээлийн тогтолцоог сүүлийн 4-5 жилд
шинээр төрсөн олигархи бүлэглэл үндсээр нь өөрчлөн өөр гольдролд
орууллаа.

Томууд авилга луйвраар улам томрохын хэрээр дараагийн эгнээний
дунд болон жижигчүүдэд зай олдохоо больж луйварчид руу өөрийн эрхгүй
хандрах болжээ. Дөнгөж ойлгож ядаж байсан шудрага өрсөлдөөн гэх
ухагдахуун нь үндсээрээ өөрчлөгдөж, томууд руу налж төрийг шулж
зиндаагаа дээшлүүлдэггүй юм гэхэд тэсэж үлдэх аргаа хайж эхлэв. Үй олон
компаниуд сонгуулийн сургаар бэлэн мөнгө цүнхэлж аваад МАХН-ын цагаан
ордон руу уралдан харайлгах болсон үнэн шалтгаан ердөө энэ. Лиценз,
зөвшөөрөл, тендер гэсэн зорилгоос авахуулаад гааль, татвар гэсэн
асуудлаар дамжин адгийнх нь ядахнаа шалгалт шүүлэгнээс мултрах хэрэг
төвгөөс зайлах зорилготой аж. Ийнхүү Олигархи нөлөөний хүрээгээ улам
томсгож Гандангийн үүрэг давхар гүйцэтгэх болжээ.

Энгийн жишээ гэхэд Анод банк байна. Ченж хийж мөнгөтэй болсон
хэдэн залуу энэ банкыг байгуулсан. Тэдний нүдэнд харагдсан зүйл бол
Олигархи бүлэгт дулдуйдвал хамгийн луглагаруудын эгнээнд орно гэсэн
мөрөөдөл байлаа. Тэдэнд боловсрол ч байхгүй, ухаан ч байхгүй, соёл ч
байхгүй. Мөнгөөр даллаад л байвал нэг сайхан өдөр луглайна гэсэн тэнэг
ойлголттой. Тэд саяхи сонгуулиар гэхэд 2 тэрбум төгрөг цүнхэлж Олигархид
тушаажээ. Гэтэл цаадуул нь эдний зиндааг мэдэх учир өгсөн мөнгөнд нь
тохируулж хэсэг лиценз, зөвшөөрөл, тендер өгнө үү гэхээс өөрсдийн
хүрээлэлд шургуулахгүй нь мэдээж.

Амьдралын анхны алхамаа хийж байгаа олон олон залуус Олигархиийг
тойрон хүрээлж тэндээс л ирээдүйн баялаг дэвшлээ горьдон, хий
гэснийг нь сохроор гүйцэтгэн амихандаа улс төржинө. Олигархи-ийн дотор
багтдаггүй юм гэхэд ядахнаа гаалийн байцаагч ч болов болъё гэсэн
мөрөөдөл. Мэдээж гаальчны өчүүхэн цалингаар амьдрая гэж шийдсэн хэрэг
биш шүү дээ, нялх ч гэсэн хүний ухаан суусан их эрс байж таарна.
Олигархи өөрийн зиндаатай. Оройн хэсэг нь өдгөө хэт мөнгөжсөн
учир зиндаандаа хэр баргийн амьтан тоож оруулахгүй. Сарвайсан
болгоноос ч хээл хахууль аваад байхаа нэгэнт больсон. Өөрсдийгөө олон
улсын зэрэглэлд хүрсэн элитари гэж үзнэ. Шинэ Монголын шинэ
язгууртнууд! "Хөдөөний мангар", "хэлгүй даадаа" нар энэ хүрээлэл рүү
ойртох ч бололцоогүй, учир нь тэдний ихэнхи нь орос дунд сургуульд
сурсан, сэхээтний гаралтай бөлгөө. Тэд бүгд тухайн үедээ гадаадад
нийгмийн ухааны чиглэлээр сургууль төгсцгөөсөн, англи хэлтэй. Хэн нь ч
архи тамхи үл хэрэглэдэг, биеийн тамираар байнга хичээллэдэг эрүүл
саруул амьдралтай. Чухам энэхүү биеийн тамирын хичээллэлт нь улам
ойртон нөхөрлөж биесээ ойлгох, байнга уулзах шалтгаан нь болж өгнө.
Харин нэлээд нь гэр бүлийн талаар тогтворгүй. Олигархи гаднаас нь
харахад улс төрийн бүлэглэл лугаа адил боловч бараг хэн нь ч үүнийг үнэн
санаанаасаа сонихдоггүй, нам бол тэдэнд зөвхөн хэрэгслэл, олон түмэн
тэдэнд зөвхөн зорилгодоо хүрэх гүүр. Улс төрийн үзэл бодлын хувьд дажгүй
шинэлэг, гялгар, сонсууштай юм их ярьдаг авч үнэндээ энэ талаар өөрийн
тогтсон үзэл бодол огтоос үгүй. Ерөөс тэд улс төрийн тавцанд дэндүү
шинэчүүл юм.

Олигархи хэрэг гарвал хэнтэй ч зөвшихөд бэлэн, хэнийг ч юуг ч
худалдаж авч болно гэсэн ойлголттой. Энэ улс орон дотрохи ямар ч эрх
ашгийг өөрсдөө болон хэт сонирхоод байгаа бусад хүмүүстэй нийлэн
тохиролцоод шийдвэрлэж болно гэж үздэг. Олон түмний сонирхол, эрх
ашгийг тэд хэзээ ч тоож үздэггүй. Тэд ард түмнийг өөрийн явцуу бүлэглэл,
энэ бүлэглэлд түшиж амьдрах дараагийн дунд зэргийн нөлөөллийн хүрээ,
түүнийг нь дулдуйдсан дараагийн жижиг нөлөөллийн хүрээ гэх мэтээр л
ангилж ойлгоно.

Олигархи төрийг тоолж барашгүй олон зөвшөөрөл лицензийн уурхай
болгож байж өөрийн хүрээллийг бэхжүүлнэ. Тэрхүү лиценз зөвшөөрлийг
олгодог төрийн албан хаагч бүр Олигархи-ийг өөрийн амь мэт хамгаалан
өмөөрөгч болдог. Учир нь зөвшөөрөл олгоно гэдэг нь амьдралаа залгуулах
баялагийн эх сурвалж. Зөвшөөрөл олгосноор бэлэн мөнгөний авилга авах
төдийгүй бизнес үйлдэгчийн бизнесд зүв зүгээр байж байж хамтран
эзэмшигч болдог. Сүхбаатарын талбай орчимд газар өгөхийг хүссэн нэг
компани шанд нь Төрд сая доллар өгөе гэж амалжээ. Гэтэл тэдэнд өгсөнгүй
ердөө 14 сая төгрөгөөр өөр компанид өгсөн байна. Эхний компани тэнэг
учраас тэр их мөнгийг Төрд өгнө гэсэн хэрэг, дараагийнх нь ухаантай учир
хавьгүй бага мөнгийг түшмэдэд хувьд нь өгнө гэсэн хэрэг.
Хууль зүйн сайд нь хүртэл зурагтаар авилгыг зөвтгөн Америкт хүртэл
байдаг энгийн зүйл гэж тайлбарлаж байна. Авилга өөрөө нийгмийн байх
ёстой ердийн үзэгдэл мэт болж ирэхээр нийгэм улам ядууран, нийгмийн
дотрохи зааг ялгаа улам хурцдана. Энэ нь эргээд нийгмийн олонхийг
тэсэхийн аргагүй байдалд оруулж хувьсгалд хүргэдэг бизээ. Хувьсгалын
төлбөр харин маш их өртөгтэй. Эхний ээлжинд төлбөрийн ихэнхийг алдах
юмгүй олонхи биш алдах юмтай цөөнхи төлнө. Дараа нь улс орон тэр
чигээрээ төлнө. Ядуу дээрээ ядуу болно. Мөхөл. Сүйрэл. Хувьсгалд
идэгдсэн балгасан дээр шинэ улс орныг дахин босгож ирэхийн тулд хүний
хэдэн үе махаа иднэ.

ТӨГСГӨЛ

2004 оны 6-р сарын 27-ны өдөр. Монголчуудын хувь заяаг Бурхан гийсэн
өдөр. Монголчууд энэ өдөр улс төрийн сонголт хийлээ. Энэ өдөр
монголчууд ухамсартайгаар бугийн амнаас гарч эрх чөлөөний нараа харсан
гэвэл дэндүү харалган дүгнэлт болно. Хүүхдэд дандаа аз таарч байдагтай л
адил юм болсон байх. МАХН-ын гэгдэх боловч үнэндээ бол Энхбаярын
Олигархи ядахнаа түр зуур ч гэсэн уналтанд орлоо. Дахин өндийхийн тулд
түр завсарлага авсан уу, бүр мөсөн сүйрлийн эх нь болсон уу, үүнийг түүх,
ялангуяа энэ ард түмний хоншоор мэдэх биз ээ.
Олигархи бүлэглэлийн ам руу хар аяндаа гулсан орж, мөнхийн
харанхуй руу өөрийн мэдэлгүй мөлхөж байсан энэ ард түмэн хар зөнгөөрөө
хар аюулаас түр зуур аврагдлаа. Сонгуулийн дүн ингэж гарна гэж даанч
зүүдлээгүй учир хамаг юмаа далан задгай байлгаж байсан Олигархи-ийнхан
хэсэг сандралд орсон авч нэгэнт аюулын ард гарч амжаад бүлэглэлээ харин
ч зузаатгаж дөнгөв. Хүчний тэнцүү харьцааг ч өөрсөддөө ашигтайгаар
эргүүлж чадав.
Эцсийн бүлэгт хяналтгүй Төр олигархи, синдикатыг төрүүлж нийт
нийгмээ ядуурал, ухралт, бүтэлгүйтлийн үүр уурхай болгодог билээ.

Дэд доктор Б.Ганбат

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1694708/c77/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23313
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26805
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114567
861 yc yc yc .........yc yc yc .....yc yc yc... [1] Munkh-munkh 2009-05-20 1849
860 ДАВАРСАН ХЯТАДУУДАД ДАРУУЛГА ХЭРЭГТЭЙ [4] daruuhan01 2009-05-20 1871
859 03-sariin 31 baidlaar Solongosd 31.314 hun bdag sudalgaatai bna. [1] Levi`s 2009-05-20 1106
858 Asuult [11] jaalhuu 2009-05-20 2307
857 Сахалин-3, Якунин эзэн, Морозов дарга… Munkh-munkh 2009-05-19 1841
856 Н.Энхбаярын ээж, аав хоёрын амьдардаг бас нэг авлигын байрны баримт [2] Munkh-munkh 2009-05-19 2252
855 Оготно үнэд орох цаг [1] Munkh-munkh 2009-05-18 1752
854 Ерөнхийлөгчийн швейцарь дахь дансанд 1,3 тэрбум доллар байна. [2] eternaltop 2009-05-18 5949
853 MADE IN MONGOLIA [1] Munkh-munkh 2009-05-18 2009
852 Солонгосын соёлтой танилцах аялал [2] BATNEGDEL 2009-05-17 1548
851 Сонголт Munkh-munkh 2009-05-17 2111
850 МОНГОЛ ДАХЬ ХРИСТИЙН ШАШНЫ ДЭЛГЭРЭЛТИЙН ТҮҮХИЙН АСУУДАЛ [1] Munkh-munkh 2009-05-17 4201
849 Монгол юм Munkh-munkh 2009-05-17 1992
848 Цагаач ба аянчин хэмээн үгcийн тухайд Munkh-munkh 2009-05-17 1570
847 Түүхэн хөшөө босгох уу? [1] Monh-monh 2009-05-16 2760
846 Төгс аллагын зэвсэг самурай сэлэм татаруудын бүтээл үү? [1] Munkh-munkh 2009-05-16 2246
845 Аялалд урьж байна [1] BATNEGDEL 2009-05-16 1519
844 хулс мод [2] finepix 2009-05-16 1914
843 Тэрээр Ц.Элбэгдоржид зориулан ... Munkh-munkh 2009-05-16 1882
842 Тийм ээ, өөрчилмөөр байна [1] Munkh-munkh 2009-05-16 2225
841 Munkhtenger yazguurt CHINGESIIN MONGOLCHUUD-daa [2] kaatren 2009-05-15 2457
» ААЛЗНЫ ТОР – 5 Munkh-munkh 2009-05-15 2204
839 Хоёр удаа Ерөнхий сайд байхдаа авлигатай тэмцсэн учраас огцорсон. Munkh-munkh 2009-05-15 1830
838 В.Путин: Монголын ашигт малтмал бидний сонирхлыг татаж байна. [1] center 2009-05-14 2617
837 Оросууд Монголд цөмийн байгууламж барина гэв үү? [1] center 2009-05-14 1777
836 МАХН-ын сонгуулийн штаб Ц.Элбэгдоржид "үхлийн цохилт" өгөхөөр шийдэж Munkh-munkh 2009-05-14 2211
835 5 сарын 24-нд Н.Энхбаяр ялбал / 5 сарын 24-нд Элбэгээ ялбал [2] Munkh-munkh 2009-05-13 1997
834 Шагналын сан өндөртэй эссэ бичлэгийн уралдаан гэнээ [2] finepix 2009-05-13 2633
833 САРХАД САВНААСАА БУСДЫГ [1] Мичидмаа 2009-05-13 1651
832 hel uguuch [2] janibek 2009-05-13 1286
831 санаа [2] sarang 2009-05-13 1364
830 Оюутан та бүхэнд [2] sarang 2009-05-13 1326
829 40 мянган айл"-ийн орон сууц захиалагчид суулт зарлалаа [2] boltugai 2009-05-12 1725
828 Мөнгө олох гэж явсан залуус маань Солонгосоос гомо болчихоод буцаж ирдэг боллоо [9] boltugai 2009-05-12 5243
827 Монгол удмыг солонгос залгах уу? [3] boltugai 2009-05-12 1658
826 Ц.Элбэгдорж Үндсэн хууль зөрчсөн...2009 оны 3 дугаар сар 15 -нд Өмнөд Солонгос улсад Munkh-munkh 2009-05-12 1564
825 Ц.Элбэгдорж Үндсэн хууль зөрчсөн...2009 оны 3 дугаар сар 15 -нд Өмнөд Солонгос улсад [2] Munkh-munkh 2009-05-12 1565
824 Ц.Элбэгдоржийн үг шүүхийнхнийг Н.Энхбаярын дарамтаас салгаж эхэлжээ [1] Munkh-munkh 2009-05-12 1514
823 ТЭВЧЭЭР БАРАГДЛАА /Монголчууддаа хүргэх ил захидал/ [1] borgil_sak 2009-05-11 1865
822 МЄНГЄТЭЙ БОЛОХ 7 АРГА [2] jooyo 2009-05-11 1691
821 АНГАСАН ЕРТӨНЦ ҮЛДЭХИЙН ЦАГТ АЛТ,НҮҮРСИЙГ УУЖ БОЛДОГГҮЙГ МЭДЭХ БОЛНО [3] Мичидмаа 2009-05-11 2682
820 Бүтээлч шүүмжлэл [2] finepix 2009-05-10 2124
819 TA BUHNII TUSLAMJ HEREGTEI BNA [2] sormuusmaa 2009-05-10 899
818 Medej sonsson yum baival helne uu MONGOLCHUUDAA [1] eternaltop 2009-05-10 1463
817 "Боол" улс [2] finepix 2009-05-09 1579
배너신청
자생병원

배너신청