Үглэж яншиж, загнаж зандарч байгаагүй ч тэр харц л буруу, зөвийн шүүлтүүр байсан. Байнга зааж сургаж байгаагүй ч хаа нэгтээ хэлэх хатуу, зөөлөн үгс нь амьдралын минь чиг шугам, бас ухаарал минь байсан. Хааяа нэг хүртээх шийтгэл зэмлэл, духыг минь үнэрлэн байж магтан сайшаах нь, бяцхан оюун санааны минь зовлон шаналал, бас баяр баясгалан минь байсан.
Идэр насандаа амьдралын хүнд хэцүү нугачаанд алдаж бүдрэхдээ эжий дээ л очиж, зөөлөн, хатуу үгийг нь сонсч нулимс унагаадаг, өтөл насандаа, тэнгэрийн оронд очсон эжийнхээ зургийн өмнө зовлон шаналлаа шивнэн тайтгардаг, сэтгэлийн нандин холбоос Монголоос өөр үндэстэнд бий сэн бил үү.
Өнөөдөр өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тухай олонтаа ярих болжээ. Монгол эрчүүд цөөрөөд байгаа юм болов уу, эсвэл ноён нуруу нь хугараад байгаа гэж үү. Нэг хэсэг нь тооноо өргөж даахгүй байгаа юм болов уу? Гэсэн ч тэднийг дээдлэн цай, хоолны дээжээ эхлэн барьж эрдэнэ мэт эрхэмлэн дээдэлсээр байна, бүсгүйчүүд. Хариуд нь харчуул харин эрийн мууг эмтэй зүйрлэсэн, эмэгтэйн сайныг эрийн муутай жишсэн эртний утгагүй хаанчлалаа чандын чандад хадгалагдсаар байна. Хорвоог бүхлээр бүтээж ертөнцийн зовлон, гунигийг гагц сэтгэлээрээ ариусган сүлж, найланхай аашаараа нарт хорвоог уяраадаг энэ нандин эрдэнийг энүүнээс өөрөөр зүйрлэхгүй юм гэж үү. Өчигдөр, өнөөдөр, маргаашийн эхлэл ижий хэмээх цэгээс эхэлж “эх хүн, эмэгтэй хүн” гэдэг энэ үг бурхад бурхадын дээд, бурхад бурхадын эхлэл байх учиртай бишсэн бил үү. Уярмаар, дуу алдмаар бүсгүй хүний бахдам үйлдэл олонсон.
Халх голын дайны үед юм гэнэ лээ. Нэгэн эх хөвгүүнээ дайнд үдэж мордуулжээ. Нутаг нугаас нь олон ч эхийн хөвгүүд цэрэгт мордоцгоож. Жилийн дараа хүү нь нисэх онгоцны нисгэгч болсон тухай захиа ирүүлжээ. Эх нь ч хүүгээрээ бахархан орсон гарсан болгонд хүүгээ мундаг нисгэгч болсон тухай сайрхан ярьж суух. Удалгүй дайн дууслаа. Олон аавын хүүхдүүд энгэр дүүрэн одон медалиа гялалзуулсаар ирцгээж эхлэв. Хөөрхий эхийн хүү л байсангүй. Хөх уулсын онь хөтөл сэтэртэл хүлээвч ирсэнгүй. Сэмжин үүлсийн магнай зөөллөн мэнд амрын цацлаа өргөж, алсын зэрэглээ цайран уустал саравчлавч хүү нь ирсэнгүй. Захиа занаа ч сураг алдрав.
Гэсэн ч эхийн хүлээлтийн горь тасарсангүй ээ. Орсон гарсан бүхэнд аанай л хүү нь нисэх онгоцоо жолоодоод над руу ирж яваа гэх. Нөгөө болохоор хүү маань хотод том дарга болсон. Ажил алба ихтэй байдаг юм байлгүй. Одоо удахгүй онгоцоо жолоодсоор ирнэ гэж ярина. Аймаг сумын захиргаанд хүү нь тулалдаанд амь үрэгдсэн тухай мэдээ ирсэн ч гэлээ хэн ч хөөрхий эхэд дуулгаж зүрхэлсэнгүй. Зүрхэлсэнгүй байсаар он удав. Тэгэж байтал нэг өдөр хүүтэй нь хамт алба хаасан нэг нөхөр тэднийд айлчлан иржээ. Эх хүүгийнхээ тухай нөгөөх л ярьдгаа ярьж яагаад хүү маань удаад байгааг тодруулж өгөхийг түүнээс хүсэв. Залуу өрөвдөхийн эрхэнд “Хүү чинь ирнэ ээ. Харин нэг саад байгаа юм. Манай энэ Хөшигтийн хөндийд чинь онгоц бууж чадахааргүй тийм их чулуутай шүү дээ. Тэрнээс болоод байгаа байх” гэж хариулаад бушуухан мордсон гэдэг.
Тэр өдрөөс хойш сайхь эх Хөшигтийн хөндийн чулуу болгоныг түүж босгосон овоондоо нэмэрлэдэг болжээ. Он жил харвасан сум шиг өнгөрч хөөрхий эхийн толгойд буурал суусан ч хөндийн чулуу бүрийг түүн мөнөөх овоондоо нэмэрлэв ч хүү ирсэнгүй. Гэлээ ч тэр цөхрөлтгүй чулуу бүхнийг түүсээр л… Ертөнцийн чулууг яаж барах билээ, эхийн хүлээлтийн горь хэрхэн тасрах билээ. Хорвоогийн мөнх бусыг үзүүлэн үзүүлтлээ хөөрхий эх Хөшигтийн хөндийн чулууг түүсэн гэнэ лээ. Түүний босгосон овоо нэгэн том толгой болж тэр толгойг нутгийн зон олон Эхийн овоо, Хөшигтийн тэр уудам хөндийг Эхийн тал хэмээн хүндэтгэн нэрлэх болсон юм гэдэг.
Эх хүн гэгч ийм л гайхамшигт, тийм л ариун нандин, ийм л нигүүлсэл энэрэл сүлэрсэн гэгээн тунамал ертөнц. Харчуулыг сайрхан мугуйдаж байхад ч, овлигогүй нэг нь гар хүрч байхад ч уужуу ухаанаараа уучлан хайрладаг. Шартаад хэвтэхэд нь шаналан асардаг сайхан сэтгэлтнүүд тэднээс өөр байна уу. Тэнэглэж, муйхарлаж байв ч эх хүн үрдээ хэзээ ч гомддоггүй юм гэнэ лээ. Хорвоог бүхлээр бүтээж хорвоо ертөнцийн зовлон гунигийг гагц сэтгэлээрээ ариусгаж явдаг болохоор тэр биз ээ.
Хүний хатуухан орчлонд хөлийнхөө арван хуруугаар газар тамгалан өндийхдөө ижийгээ л би анх түшсэнсэн. Хорвоо нөмөртэй болохыг тэгэхэд л анх мэдэрсэн. Цасан мөс гялалзсан нутгийн уулсынхаа оргилыг будан суутал харуулдахад нь эвий муу ижийдээ би яарсан бил үү.
Аргаар болдоггүй хорвоод аашлуулж зэмлүүлж явахад нулимстай аньсагаа арчуулж, өрийг нь өмөртөл уйлсаар ижийнхээ саалийн үнэртэй энгэрийг түшиж зогсохдоо хорвоо уяхан болохыг анх мэдэрсэн. Цэнхэр ус, нутгийн шувуудыг эргэн хоргодтол үгээ дайхад нь эвий муу ижийдээ би яарсан бил үү.
Мянган шөнө бурхан сүүгээ амлуулсан эвий муу буурлыгаа бид баярлуулж чадсан болов уу.
Бүсгүй хүний хөлд хүрсэн өвс дөрөөн дайтай ургадаг юм гэнэ лээ. Бүсгүй хүн бурхадын бурхад болохоор тэр биз ээ. Бүсгүй хүний нөмөрт хоргодсон буурал ертөнц залууждаг хэмээдэг. Бүсгүй хүн гоо үзэсгэлэн болохоор тэр биз ээ.
Тэднийг бүү муулж, доромжил! Одоо л тэдэнд бусдын итгэл, хүндлэл, тэвчээр хэрэгтэй байгаа