Бичлэгийн тоо 2,391
- “Дусал усыг ч хэмнэ” хэмээсэн лоозон социализмын үед жинхэнэ моод болоод байв. Би ч бас усаа дуслаар нь биш балга балгаар нь хэмнэхийн үүднээс бүтэн жил нүүрээ угаагаагүй. Тэгсэн зарим нэг нь уурын зуухны галчтай андуурна. Зарим нь Лаосаас ирсэн оюутан гэж бодоод хоол унд өгнө. Тэр ч бүү хэл нэг удаа Отеллод тоглооч гэсэн урилга ирсэн гээд бод доо. Харин одоо миний халааг хөөрхий траншейныхан авсан байна. Тэд дусал ус байтугай юмыг хэмнэх болжээ. Тэгээд ч цаг үе нь социализм бус капитализм тул траншейныхан битгий хэл та биднийг хүртэл хэмнэ гамна хэмээн алхам тутамд үл үзэгдэх нөхөр шивнэх болсон байна шүү дээ. Бас дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямрал өөрийн эрхгүй хэмнэхийг шаардаж буй учраас миний бие бас нэгэн сайн нөхрийнхөө зөвлөснөөр энэ цаг үед чухам юу юу хэмнэдэг болсоноо та бүхэнтэйгээ хуваалцахаар шийдлээ. Ингэхэд би хэр баргийн нарийн нандин зүйлээ тэр бүр хүн хартай хуваалцаад байдаг нэгэн биш ч гэлээ, нэгэнт шинэ жил ойртож байгаа тул зарим нэгийг нь та бүхэндээ бэлэг болгон барихаар шийдлээ. Юмыг ер нь тун багаас нь эхлэх хэрэгтэй л дээ. Наад зах нь л гэхэд одоо үед бараг бүх цаг зайгаар явдаг болсон нь тун олзуурхууштай. Яагаад гэхээр түүний эд ангиудыг элэгдэхээс сэргийлж шөнөд нь зогсоочих хэрэгтэй. Тэртэй тэргүй шөнө бидэнд цаг хэрэг байхгүй шүү дээ. Тиймээс ханын, ширээний, бугуйн цагныхаа зайг шөнөд нь аваад тавьчихдаг юм. Ингэснээр нэг өдрийн настай хужаа зайг бүтэн долоо хоног өлхөөн хэрэглэчихдэг. Янзтай байгаа биз. Хагас бүтэн сайнд хааяа барааны захаар орж хувцас хунар худалдаж авах хэрэг хэн хүнд гардаг. Ихэнх нь өөртөө хэрхэн зохиж байгаа зэргийг л хардаг шүү дээ. Харин би тэгдэггүй. Юуны өмнө хожим хойно үр хүүхэд маань өмсөх болно гэдгийг харгалздаг. Тэр ч бүү хэл нэг удаа өөртөө госчоом захиалахдаа хүүхдийнхээ хэмжээг өгчихсөн байж билээ. Гоё байгаа биз. Ингэхэд эхнэрийн төрсөн өдөр, эмэгтэйчүүдийн баяр гээд гарлага ихтэй баярууд манайд нэлээд бий. Харин миний бие түүнд бэлэг сонгохдоо хожим хэн хэндээ хэрэг болох зүйлийг л худалдаж авдаг юм. Өнгөрсөн жил л гэхэд эмэгтэйчүүдийн баяраар зөөлөн сандал авч өглөө шүү дээ. Манайх ингэхэд 24 цагийн турш гэрэл маань асаалттай байдаг цорын ганц айл байгаа юм. Яасан гэхээр хөршүүд маань өндөр хүчдэлийн доор гэрээ бариад тогонд цохиулж үхчих гээд байхаар нь би бодож бодож ер нь гудамжны гэрлийн дэргэд буухаар шийдсэн юм. Оносон байна лээ. Ингэхэд эдүгээ яг амьдралынхаа ханийг сонгодог хамгийн эмзэг насан дээрээ яваа залууст нэг зүйлийг захихад тэр сайхан муухай нь яах вэ, хамгийн гол нь намхан, туранхай бүсгүйг сонгоорой гэж хэлье. Наад зах нь л гэхэд хүүхдийн хувцас таарчихна. Хүүхдийн юм гэхээр заавал хямд байна. Бас хожим хойно хувцсаа хүүхдүүдтэйгээ ээлжлээд өмсчихнө. Охин маань өглөө хичээлдээ өмслөө гэхэд өдөр нь эхнэр маань өмсөөд дэлгүүр гарах жишээтэй. Одоо чинь түлээ модыг хөрөөдөж хагалаад сайхан жиргээд шуудай гэхэд шуудай биш уутархуу юманд хийгээд зардаг болсон байна шүү дээ. Тэгвэл би түлээний захаас хямд үнээр баахан яртай мод авдаг. Бөөн яр авчраад л гэрийнхээ гадна овоолчихдог. Ингэснээр наад зах нь гэхэд түүнийг хагалах гэж ноцолдсоор байгаад өглөө тун сайн гимнастик хийхийн зэрэгцээ дулаацаад авна. Цаад зах нь түлэхэд илч ихтэй байдаг юм. Мөн эхнэр хүүхдүүд намайг байхгүй хойгуур хагалж чадахгүй тул хий дэмий мод үрдэггүй онцлогтой |