УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Рио Тинто”-г Гаагын олон улсын шүүхэд өгөхөөр болсон тухайгаа өнөөдөр мэдээллээ.
“НҮБ-аас байгалийн нөөцөд тулгуурлан хөгжиж буй орнууд байгалийн
нөөцдөө эзэн байх үүднээс халдашгүй дархан эрхийг тунхаглаж “1803”
дугаар шийдвэрийг гаргасан. Үүний хэрэгжилтийг Гаагын шүүх хянадаг.
Тиймээс бид тус шүүхэд хандахаар болоод байна. Мөн НҮБ-ийн удирдлагад
энэ талаар мэдээлэл явуулахаар болсон” хэмээн Гаагын шүүхэд хандах
болсон шалтгаанаа тайлбарласан юм.
Түүний ярьснаар хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж байхдаа хөрөнгө оруулагч нар Монгол Улсын Засгийн газартай “Good faith” буюу шударга хэлэлцээрийн болон тэгш эрхийн зарчмыг баримтлаагүй гэнэ. Үүнээс гадна говийн усны нөөцөд “Рио тинто” заналхийлж байна гэж үзэж байгаа ажээ. Оюутолгойн баяжуулах үйлдвэрийн өнөөдрийн хүчин чадлаар усны хэрэгцээг нь тооцвол уг үйлдвэр нь гүний хоолойн усны тогтоосон нөөцөөс /жилд 35,4 сая м3/ хамаагүй давж байгаа бөгөөд Монголын усны эрдэмтдийн гурван хувилбараар тооцоолсноор 37.8, 54.7, 82.1 сая шоо метр ус ашиглах тооцоо гарсан байна. Гэтэл Оюутолгойд зөвшөөрөгдсөн усны хэмжээ нь 27,4 сая шоо метр юм.
Дээрх асуудлуудтай холбоотой хэргийг тэрбээр Гаагийн шүүхэд өгөхөөс гадна Лондон хотын дүүргийн шүүхэд гомдол гаргаж байгаа аж.
Түүнчлэн BBC-ийн сэтгүүлч Р.Жастины
гуравдугаар сарын 24-нд бичсэн нийтлэлдээ, Монголын говьд үйл ажиллагаа
явуулж байгаа Оюутолгой жилд 8 тэрбум доллар бий болгоно. Энэ орлого
40-50 жил үргэлжилнэ гэхэд 320 тэрбум ам.доллар Оюутолгойгоос бий
болгоно гээд үргэлжийн ган, зуд болж байгаа энэ оронд үүнээс өөр амьдрах
арга байхгүй гэж бичсэнийг С.Ганбаатар гишүүн дурдаад Оюутолгойгоос
олох ашгийг Рио Тинто ч биш, Монголын Засгийн газар ч биш, BBC
тогтоочихлоо гэсэн юм.
Хэвлэлийн энэ мэдээллээс үндэслэн
С.Ганбаатар гишүүн, “ баяжуулах үйлдвэрээ зургаахан тэрбум ам.доллар
буюу нэг жилийн орлогодоо ч хүрэхгүй мөнгөөр босгож байна. Цаашдаа
урсгал зардал нь хэд байх вэ? Энэ зардлаа хасаад үлдсэнийгээ 40:60 юмуу
50:50 харьцаагаар яагаад хувааж болдоггүй юм бэ? Ийм энгийн зүйлийг бид
яриад байгаа юм гэлээ.
Мэдээллийн үеэр С.Ганбаатар гишүүнээс зарим зүйлийг тодрууллаа.
- УИХ-ын дэд дарга С.Баярцогттой
мэтгэлцэх үедээ шүүхэд хандах гэж байгаа энэ асуудлаар яагаад мэдээлж
болоогүй юм бэ? Тухайн мэтгэлцээнээс таны мэдлэг, мэдээллийг муу байгаа
талаар иргэд шүүмжлэлтэй хандсан. Үүнд та ямар дүгнэлт хийж байна вэ?
- Хоёр Монгол маажилцах яах вэ. Цаана нь нэг шар толгойт алгаа ташаад
сууж байна. Үүнийг бид бодох хэрэгтэй. Байгаль орчны асуудлыг би хөндөөд
ярьж болох байсан. Гэхдээ хоёр Монгол нэг талдаа байх ёстой. Хоёр
Монгол мэтгэлцэж, маажилцах тусам гадныхан баярлаж байна шүү дээ.
-Оюутолгойн гэрээг засварлах
болсонтой холбоотой Монголд гадаадын хөрөнгө оруулалт багасч байна гэсэн
мэдээлэл байгаа. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ?
- Хөрөнгө оруулалт гэдэг өсч ч байдаг, буурч ч байдаг зүйл. Буурч
байгаа гэж “Рио Тинго” олон улсад ташаа мэдээлэл цацаж байхыг
үгүйсгэхгүй.
-Гаагын шүүх зэвсэглэл, дайнтай холбоотой асуудлыг шийддэг. Тэгэхээр таны гомдлыг хүлээж авах болов уу?
-Ямар ч байсан шүүхэд өгөх нь миний үүрэг. Гаагын шүүх цэрэг, дайны
асуудлыг дуулиантай шийддэг нь үнэн. Гэхдээ Мозамбекийн жирийн эмэгтэй
эх орноо байгалиа хамгаалаад Гаагийн шүүхэд хандаж байсан. Яагаад
монголчууд ингэж болохгүй гэж. Үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаа
учраас Гаагын шүүхэд хандаж байгаа юм.
- Гаагын шүүх таны гомдлыг хүлээж авах итгэл хэр байгаа вэ?
-Гаагын шүүх хүлээж авахгүй ч байж магадгүй, авч ч магадгүй. Гэхдээ яг
үүнтэй адилхан байгаль орчин, эдийн засгийн аюулгүй байдлаа хамгаалж
энэ шүүхэд хандсан хоёр тохиолдлыг би мэднэ. Гаагын шүүхэд хандсан
Мозамбекийн эмэгтэйтэй би цахим захидлаар харьцсан. Надад “Рио Тинто”-г
Гаагийн шүүхэд өг, дээр нь өөрийнх нь харьяаллын дагуу Лондонгийн
дүүргийн шүүхэд нь өг гэж зөвлөсөн.
- Гаагын шүүх таньд хариу өгөх тухай хугацаа байдаг уу?
-Байгаа. Энэ асуудлыг манай хуульч мэдэж байгаа. Би ирэх тавдугаар
сарын сүүлээр Женевт олон улсын хуралд үйлдвэрчний эвлэлийн шугамаар
оролцоно. Ингэхдээ дээрх асуудлыг олон улсын анхаарлын төвд чадлынхаа
хэрээр оруулна.
Ш.Чимэг