Хятадын өмнөд зүгийн нутаг Гуандон мужийн Шенжен хотод амьдардаг дөрвөн ихэр 6 настан сургуулийн босго давсан эхний өдрөө үсээ тоон хэлбэрээр засуулж, бие биенээсээ ялгарсан байна. Усны дусал мэт адилхан хөвгүүдийн нэрийг Жианг Юнлон, Жианг Юнсиао, Жианг Юнхан, Жианг Юнлин гэдэг бөгөөд өмнө нь эцэг, эх нь хүртэл хүүхдүүдээ хооронд нь ялгах гэж ихэд будилдаг байжээ.
Эцэг эхчүүд нь тэднийг сургуульд орох цаг дөхмөгц багш, ангийнхан нь яавал амархан ялгадаг болох вэ хэмээн толгой гашилган бодож, улмаар оновчтой нэгэн аргыг олсон нь үсийг нь 1-4 хүртэлх цифрээр дугаарлах тэмдэглэж, засах байсан аж.
Хөвгүүдийн аав одоо хэр нь хүүхдүүдээ хэн нь хэн болохыг ялгахгүй будилдаг бөгөөд заримдаа дэггүйтэж, сахилгагүйтсэнийх нь шанг хүртээж, алганы амт үзүүлэхдээ андуурч
хоёр дахь хүүгийнхээ оронд гурав дахийг шийтгэж орхидог байсан гэнэ. Хүүхдүүд үсээрээ ялгардаг болсондоо ихэд баяртай байгаа төдийгүй хилс хэрэгт орж хэлмэгдэх аюулаас аврагдаад байгаа аж.
Багш, сурагчид ч тэднийг хооронд нь хольж, сольж будилж төөрөхгүй байгаагийн дээр толгойнууд дээр нь тодоос тод харагдах тоонууд математикын хичээл орох үед нэн чухал хэрэглэгдэхүүн болдог тухай ангийн багш нь ярьжээ.