Хонгорыг хордуулсан Хятадын иргэн хориотой өвс түүж байгаад баригджээ
Уншсан 1620 vote 0 2009.10.07 11:01:16Дархан-уул аймгийн Хонгор суманд цианит натри ашиглан алт угаалгаж байсан Шоо гэгч хятадыг өнөөдөр хүртэл бариагүй, ямар ч арга хэмжээ тооцоогүй байна. Тэгвэл Жижгээ хочтой Шоо гэгч Хятад эр Хонгор сумын нутагт ургадаг маш ховор ургамал болох дэрэвгэр, жиргэрүү гэгч өвс түүн байгаль орчныг дахин сүйтгэж байхыг нь харсан нутгийн иргэд цагдаад барьж өгчээ. Түүнд уг өвсийг түүх эрхийг нь Хонгор сумын Засаг дарга Ч.Чүлтэмбат олгосон аж. Энэхүү өвсийг түүх нь экологийн тэнцвэр алдагдуулахаас гадна хуулиар хориотой гэдгийг албаны хүмүүс тухайн үед анхааруулсан бичгийг хүртэл хүргүүлсэн аж.
Харин өнөөг хүртэл эрэн сурвалжилж буй Жижгээ хочтой Шоо гэгчээс түүсэн өвсийг нь хураагаад өөрийг нь суллаад явуулсан байна. Жижгээ хочтой Шоог тонн тонноор нь дэрэвгэр, жиргэрүү түүсэн гэж буй ч Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын гаргасан дүгнэлтээр 588 килограмм өвс хураан авсан аж. Энэ нь “Монгол орны ашигт зарим ургамлын экологи, эдийн засгийн үнэлгээ батлах тухай” журмаар тогтоосон үнэлгээгээр есөн сая 408 мянган төгрөг болж буй аж. Цагдаагийнхан өөр өвс түүсэн эсэхийг одоогоор шалгаж буй гэнэ.
Л.ХАЛИУ