Дэлхийн аварга Х.Цагаанбаатар: Хүүдээ медалиа зүүж өгөхөөр яарч байна
Уншсан 1578 vote 0 2009.09.03 12:06:45Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж, Дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Сүхбаатарын одон, “Алтан соёмбо” тэмдгээр шагналаа.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Улс орон, тив дэлхийн хэмжээний олон арван спортын тэмцээнд таны үзүүлсэн амжилт бол монгол хүн бүрийн баяр бахдалыг төрүүлж, урам зоригийг бадрааж, залуу үеийнхэнд үлгэр дууриал болж байна. Афины олимпийн хүрэл медаль, Ази тив болоод Дэлхийн аваргын алтан медалиуд, самбо, жүдо бөхөөр зөвхөн улсдаа гэхэд 13 удаа түрүүлсэн энэ амжилт бол Таны хөлс хүч, эр зориг, тэсвэр тэвчээр, эх оронч үзлээр буй болсон, Монгол түмний минь бахархал юм. Одоо “Хөдөлмөрийн баатар” гэсэн энэ эрхэм цолдоо эзэн болж, амжилтаа бататгаарай” хэмээн захилаа.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар болсон Х.Цагаанбаатар талархлаа илэрхийлээд, амжилт бүхэн минь хамт олон, багш нарын маань хөлс хүч шингэсэн хөдөлмөр юм. Цаашдаа энэ эрхэм хүндтэй цолыг өндөрт өргөж, төрийнхөө далбааг ямагт мандуулж явах болно гэлээ.
Х.Цагаанбаатар, Нидерландын Роттердам хотод болсон Жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртээд өчигдөр эх орондоо ирэнгүүтээ, ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгчөөс цол тэмдгээ гардаж авлаа. “Дэлхийн аварга “-ын энэ баярт мөчийн сэтгэгдлийг хуваалцсанаа уншигч танаа толилуулъя.
-Хөдөлмөрийн баатар боллоо, баяр хүргэе!
-Баярлалаа. Монголынхоо ард түмэнд энэ сайхан өдрийн билигтэй мэндийг дэвшүүлье. Төрийн дээд шагнал хүртсэндээ сэтгэл маш өндөр байна.
-Алтан медаль гардах мөчид хамгийн түрүүнд юу бодогдсон бэ?
-Би монгол хүн. Миний биеэр монгол цус гүйж байгаа. Тийм учраас монгол хүн болж төрсөндөө хамгийн их баяртай байсан. Хамгийн түрүүнд ээждээ очиж үнсүүлж, ханьдаа тэврүүлж, үрдээ медалиа зүүж өгөхийг яарсан даа. Одоо ч яарч байна.
-Ирэх сарын сүүлээр Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад болно. Амжилтаа бататгана биз дээ?
-Энэ тэмцээнд манай баг тамирчид оролцоно. Мөн дэлхийн шилдэг тамирчид ирж оролцох учраас бэлтгэнэ дээ.
-Гэрийнхэнтэйгээ уулзсан уу?
-Одоохондоо амжаагүй л байна.
-Нэг гэр бүлийн хоёр Хөдөлмөрийн баатар гэхээр танд ямар санагдаж байна?
-Сэтгэгдэл өндөр байна аа. Ямар ч байсан төр засаг, ард түмэн маань хайр энэрлээ харамгүй өгч байгаа учраас цаашид улам хичээх болно оо.
-Бяцхан үрдээ ямар нэр хайрласан бэ?
-Ховор-Эрдэнэ.
-Одоо ямар ямар тэмцээн Таныг хүлээж байгаа бол?
-Японд болдог олимп, дэлхийн аваргуудын тэмцээнд оролцох урилгаа авсан. Цаанаас нь зардлыг нь даадаг. Мөн рейтингээрээ тэргүүлж буй дэлхийн шилдэг 16 тамирчны “Мастер” тэмцээнд оролцоно.
-Хүчтэй өрсөлдөгч гэвэл та хэнийг нэрлэх вэ?
-Бүх орны тамирчид хүчтэй өрсөлдөгч л дөө.
-Мастер тэмцээн юугаараа онцлог бол?
-Дэлхийн рейтингээрээ зоо толгойлоод, дөрвөн группээр барилдахад тэргүүлж байгаа тамирчид л одоогоор дэлхийн аваргад оролцож байгаа. Японы тэмцээнд би нэг зоо, Унгарын тамирчин нөгөө зоог, үлдсэнийг нь Орос, Испанийн тамирчид толгойлоод, дөрвөн групп болж, ялсан хоёр нь алт, үлдсэн хоёр нь хүрлийн төлөө барилдана.
-Дэлхийн аваргын тэмцээний үеэр дасгалжуулагч тань юу зөвлөж байв?
-Тайван бай, сандарч болохгүй. Урагшаа явж барилдаа гэж байнга зөвлөгөө өгсний хүчинд ийм сайхан амжилт гаргасан. Энэ дашрамд жүдо бөхийг дэмждэг ард түмэндээ маш их баярлалаа. Хамтын хүч амжилт бий болгодог юм аа. Бид нар хамтдаа байж энэ амжилтад хүрлээ гэж хэлмээр байна.
-Өнгөрсөн олимпид аварга болох боломж байсан уу?
-Тухайн үед би бэртэлтэй байсан учраас амжилт гаргаж чадаагүй. Дэлхийн аваргаар аварга болохоо харуулна гэж өөртөө ангайлсан. Тиймээс ч “Дэлхийн аварга”-д бүсэн дээрээ “Чемпион” гэж бичиж орсон