Долоон жилийн өмнө хүнд өвчин туссан ээжийгээ эмнэлгийн хашаанд орхиод эргэж ирээгүй хүн байна.
Монголчууд аав, ээжийгээ гэрийнхээ хойморт залж, хүндлэн дээдэлж ирсэн ард түмэн билээ. Эзэн Богд Чингис хаан өтөл хөгшдийг шагнаж урамшуулан хүндэлж, аян дайнд явахдаа тэдний сургааль үгийг сонсдог байсан тухай "Монголын нууц товчоо"-нд өгүүлсэн нь бий.
Гэтэл өнөө цагт ээж, аавыгаа гудамжинд орхиод явдаг үр хүүхэд цөөнгүй тохиолдох болжээ. Долоон жилийн өмнө хүнд өвчин туссан ээжийгээ эмнэлгийн хашаанд орхиод эргэж ирээгүй хүн байна.
Ийм хэцүү хувь заяатай хөгшдийг асарч тойлдог "Энэрэл" эмнэлгийг зорилоо. Бичиг баримтгүй, нийгмийн эмзэг давхаргын хүмүүст үйлчилдэг эмнэлэг ганцхан байдаг. Энэнь1998 онд байгуулагдсан "Энэрэл" эмнэлэг юм. Орон гэргүй, нэн ядуу хүмүүсийг түр хугацаагаар асарч, сувилах үүрэгтэй уг эмнэлэгг үр хүүхдүүд нь эцэг эхээ авчирч хэвтүүлээд буцааж авдаггүй зуршил тогтжээ. Тэднийг эмнэлгээс гаргахад очих газаргүй учир эмнэлэг өнөөг хүртэл хооллож ундлан шаардагдах сувилгааг хийж байдаг аж.
Уг эмнэлэгт хүүхдүүд нь орхиж яваад долоон жил болж байгаа 75 настай Г.Агаржав, 70 гаруй насны Ё.Хишигханд гэх хоёр буурай байна. Хөгшид нүдээ хөхөртөл хүүхдүүдээ харуулдан суудаг тухай эмнэлгийн ажилтнууд хэлж байлаа. Тэдэнтэй цөөн хором ярилцлаа.
-Г.Агаржав: Намайг удахгүй авах байх-
-Та энд ирээд хэдэн жил болж байна?
-Их удаж байгаа. Хүүхдүүд маань удахгүй ирж авах байх. Эмээ нь залуудаа нөхөртэйгөө машинтай их олон газраар явж үзсэн. Манай хүүхдүүд Завханд байдаг гэсэн.
-Таны биеийн байдал ямар байгаа вэ?
-Хөл өвддөг юм. Хэвтэрт ороод дөрвөн жил болж байна. Удахгүй эндээс явуулна гэсэн.
-Ё.Хишигханд: Хүүхдүүд маань ганц ч удаа ирээгүй-
-Та залуудаа ямар ажил хийж байсан бэ ?
-Эмээ нь залуудаа оёдолчин хийдэг байсан. Хүүхдүүд маань ганц ч удаа ирээгүй, ажил нь болохгүй байгаа юм байлгүй.
-Энд өлсч байна уу ?
-Өдөрт гурван удаа хоол өгдөг болохоор өлсдөггүй. Гэхдээ уйдаад байдаг юм. Хааяа энд ирсэн хүмүүстэй хууч хөөрдөг.
Энэ хоёр буурай ухаан санаа нь тааруухан, юм ярихдаа муу гэдгийг "Энэрэл" эмнэлгийн эмч нар хэлж байлаа. Мөн олон зүйл асуухаар сэтгэл санаа нь тогтворгүй болж, бие нь мууддаг гэсэн учир өөр зүйл асуух зүрх хүрсэнгүй.
Тэд залуу цагтаа эх орондоо ихийг бүтээсэн хүмүүс явсан гэдгийг төр засаг тэр тусмаа үр хүүхэд нь мартаж болохгүй санагдана. Хэдий ядуу, хүнд амьдралтай байлаа ч төрүүлсэн ээжийгээ өвлийн хүйтэнд эмнэлгийн хашаанд орхиод явж байгаа хүн та бидэн дунд алхаж явна гэхээр өөрийн эрхгүй харамсах сэтгэл төрж байлаа.
-Он гарсаар гурван ч өндөр настанг үр хүүхэд нь орхиод явсан-
"Энэрэл" эмнэлгийн захирал Б.Хүрэлчулуунтай ярилцлаа.
-Ар гэрийнхэн нь орхиод явсан хүмүүст ямар ч бичиг баримт байхгүй болохоор Асрамжийн төвд өгч чадахгүй байгаа гэж сонслоо?
-Манай эмнэлэг гудамжинд амьдардаг, ядуу, амьдралын бололцоогүй хүмүүст үйлчилдэг газар. Ер нь бидний нэрлэж заншсанаар траншейны хүмүүс хэвтэж эмчлүүлдэг. Би энэ эмнэлэгт ирээд зургаан жил болж байгаа. Энэ хугацаанд өндөр настай аав, ээжийгээ хэвтүүлж орхиод эргэж авахгүй тохиолдол олон гарсан. Тэр болгоны араас хөөцөлдөж, ар гэрийнхнийг нь олж өгдөг. Өнгөрсөн жил манай эмнэлэгт найман хүн хэвтүүлээд аваагүй. Үүнээс гурав нь бурхан болсон. Одоо хүүхдүүд нь байдаг мөртлөө ирж авдаггүй, гурван өндөр настай бий. Тэднийг Асрамжийн төвд өгөх гэхээр бичиг баримт байхгүй гээд хүлээж авдаггүй. Монгол Улсын иргэн гэж батлах ямар ч бичиг баримт байхгүй болохоор цалин тэтгэвэр болон группын мөнгө олгох боломжгүй. Тиймээс саяхан Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд хандан иргэний үнэмлэхтэй болгож, Асрамжийн газар шилжүүлэхээр яриад байгаа. Дараагийн долоо хоногоос шийдэгдэх байх.
-Долоон жил болж байгаа хоёр эмээгийн үр хүүхдүүд нь ганц удаа ч ирээгүй гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу ?
-Манай эмнэлэгт хэвтэж байгаа Ё.Хишигханд гуай хамгийн олон жил болж байгаа. Хүүхдүүд нь ажил төрөлтэй, амьдрал нь сайн явдаг мөртлөө ээжийгээ эргэж ирдэггүй. Биднийг шаардлага тавьж гэрт нь аваачаад өгөхөөр эргүүлээд аваад ирдэг. Бүр өвөл хүртэл хашаанд орхиод явчихдаг. Энэ хүмүүсийг аав, ээжийгээ хаяж чадаж байгааг ойлгодоггүй.
-Танай эмнэлэгт эцэг, эхийгээ орхиод явах тохиолдол жилд хэдэн удаа гарч байгаа вэ?
-Ийм тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдсэн. Манай эмнэлэг асрамжийн газар биш болохоор ажилчдад хүндрэл учирдаг. Өнгөрсөн жил 18 удаа өндөр настай, хүнд өвчтэй хүнийг хашаанд орхиод явсан тохиолдол гарч байсан. Харин энэ жил ийм тохиолдол он гарсаар гурав гараад байгаа. Бид цагдаагийн байгууллагатай хамтран ар гэрийн хүмүүст нь хүргэж өгдөг. Монгол хүн чинь эцэг, эхээ өргөж асардаг байтал харин тэд эсрэгээр нь энд тэндгүй орхиод явчихдаг. Санаанд багтамгүй зүйл гарсаар байна.
Э.Хүрэлбаатар