Бичлэгийн тоо 2,391
Тайландын нийслэл Бангкок хотноо жүдо бөхийн олон улсын тэмцээн болж өндөрлөлөө. Уг тэмцээнд 20 орны 180 жүдоч өрсөлдсөн. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд өрсөлдсөн Б.Төмөрхүлэг /Женко/ алтан медаль хүртэж, Монголын жүдочдын медалийн салхийг хагалсан бол 73 кг-д өрсөлдсөн, “Хангарьд” дэвжээний бөх Б.Дөлгөөн энэ өдрийн тэмцээнд хүрэл медалиар энгэрээ мялаасан билээ. Түүнчлэн тэмцээний хоёр дахь өдөр буюу долдугаар сарын 26-ны өдөр 81 кг-д өрсөлдсөн О.Ууганбаатар мөнгө, 90 кг-д өрсөлдсөн Б.Амбасалмаа хүрэл медалийн эзэн болж, уг тэмцээнд оролцсон Монголын дөрвөн тамирчин дөрвүүлээ медаль хүртсэн байна. Тэмцээний үеэр олон улсын шүүгчдийн шалгалт явагдсан бөгөөд уг шалгалтад Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн дарга М.Бөхбат болон Ш.Баясгалан нар тэнцжээ. Энэ удаагийн тэмцээнд амжилттай оролцож, нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн Монголын жүдочдыг Ш.Бат-Орших дасгалжуулсан юм. Манай тамирчид одоо тус улсад хамтарсан бэлтгэл хийж байна.