Наадам сайхан болж өнгөрлөө. Бөх нь бяртай, морь нь хурдан, сум нь мэргэн сайхан наадам болсон. Харин 5-ийн давааны барилдаан наадамчин олны сэтгэлийг гонсойлгосон нь нууц биш. Өнөө жилийн начны найраа 60 саяын үнэ хүрсэн сурагтай байна лээ. Улсын гарьд Б.Гантогтох байнга л шөвгөрөх бөхийн дунд бичигддэг байсан бол одоо начны найраанд орох төдийхөн болчихжээ. Түүнтэй хамгийн ойр байдаг хүн Даян аварга А.Сүхбат үндэсний бөхийн спортод бугласан энэ муухай бусармаг явдалтай тэмцэж, амьтан хүнд муугаараа дуудуулан, нүүр амаа улалзуулан, ад үзэгдэн байж цолны найраа, бөхийн авлигыг эсэргүүцэн уриа лоозон барьсаар Төв цэнгэлдэхийн торгон ногоон дэвжээнд гарч байхад хадам ах нь начны найраанд ороод явж байдаг. Хадам нь начны найраа хийгээд, Даян аваргын уриа лоозонг ямар ч үнэ хүндгүй болгож орхисон. Мөн хэний ч санаанд оромгүй цолтой бөхчүүд найраа хийж начин цолтнуудыг төрүүлсэн. Улсын гарьд И.Доржсамбууг начны найраанд ороход гайхах хүн дэндүү олон байлаа. Уг нь түүнийг амжилттай барилдаж шөвгөрөх байх гэж бөхийн хорхойтнууд тааварлаж байсан. Харин тэрбээр өөрийгөө бус өрөөлийг бодож нутгийн дүүгээ дэмжсэнд дургүйцэх хүн нэлээд олон байгаа. Одоо ч дургүйцсээр. Уг нь аймгийн арслан Э.Энхбатыг олон хүн чадлаараа начин цол авна гэж итгэж байсан. Гэвч тийм зүйл болсонгүй. Мэдээж Доржсамбуу, Гантогтох тэргүүтнүүд “би авилга аваагүй” гэж мэлзэж дайрах л байх. Юу гэж би тэдэн төгрөг авсан гэж тоочоод байхав. Начны найрааг эсэргүүцдэг хэдэн хүн байхад, хөхиүлэн дэмждэг хэсэг бүлэг этгээд байна.
|