Өчигдөр эхэлсэн хүчтэй аадрын улмаас төв, орон нутагт хүний амь эрсдээд байна. Өчигдөр 18.00-19.00 цагийн хооронд Говь-Алтай аймгийн Цээл сумын Хүрэн багийн нутагт хүчтэй аадар орсны улмаас үеэр бууж, долоон том хүн гурван хүүхэд усанд урсчээ. Мөн шөнө 04.45 цагийн орчимд тус сумын Баянгол багийн нутаг Цанхлиг голын орчимд үер бууж гэртээ унтаж байсан найман хүн үерт урсжээ. Аймгийн Онцгой байдлын хэлтсээс аврах баг гарч ажиллаад өнөөдрийн 17.00 цагийн байдлаар 17 хүний цогцсыг олжээ.
Үер усны байдал хүндэрч хүний амь, эд хөрөнгө үрэгдэх болсны улмаас Улсын онцгой комисс 18.00 цагт Төрийн ордонд хуралдаж эхлэв. Онцгой комиссын хурал эхлэхийн өмнөхөн авсан мэдээгээр нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг “Цайз” захын орчимд мөн үер бууж гурван хүүхэд нэг том хүн усанд амиа алджээ. Өнөөдөр 15.00 цагаас эхлэн нийслэлд орж эхэлсэн хүчтэй борооны улмаас Хан-Уул дүүргийн Биокомбинат, Морингийн даваанд үерийн далан эвдэрч, Баянзүрх дүүрэгт нэлээд тооны айл өрх усанд урсчээ. Нийслэлийн хэмжээнд 2000 гаруй өрх үерийн далангийн орчимд зөвшөөрөлгүй амьдарч байгаа бөгөөд энэ нь усны аюулд автах нөхцөл болж байгааг Улсын онцгой комисс анхаарууллаа. Тэд эхний ээлжинд үерт амиа алдсан иргэдийн ар гэрт нэг сая төгрөгийн тусламж үзүүлэх саналыг Засгийн газарт оруулахаар болов. Онцгой комиссын хурал үргэлжилж байна.