Байртай болчихвол амьдралын зорилго биелэлээ гэсэн ойлголт сүүлийн хэдэн жил ноёлох болсноор барилгын салбарын бизнес хөгжиж эхэлсэн. Эрүүл мэнд, амь амьдралаараа дэнчин тавин харийг зоригсод эргээд ирэхэд орох орон, унах унаатай болчихвол боллоо гэдэг.
Харьд олон арван жилээр боолын хөдөлмөр эрхлэгчдийн буянаар барилгын компаниуд тэжээгдэн өндөр өндөр орон сууцны хорооллуудыг сүндэрлүүлсэн билээ. Ардчилсан хувьсгал өрнөсөн 1990 оноос хойш барилгын томоохон тресстүүд татан буугдах нь буугдаж, бутрах нь бутрав. Тухайн үед засгийн эрхэд гарсан эрх мэдэлтнүүд барилга тресстүүдийг ах дүү хамаатан садан, найз нөхөд гээд бялуу хувааж болох бүхий л хүндээ тараагаад өгч орхисон.
Үйлдвэрлэл, угсралт гээд бүхий л ажиллагаа нь нэг дор төвлөрч байсан газрыг хувааж авсан хүмүүс өөр өөрийн амбицаар тараагаад аваад явсан нь ойлгомжтой. Ийм л маягаар барилгын салбар зогсонги байдалд орсон гэдэг.
Үүнийг дагаад барилгын мэргэжилтэн бэлтгэж байсан сургуулиуд үүдээ барьж зүсээ хувилгав. Ийм байдлаар барилгын салбар элгээрээ мөлхөж Улаанбаатар хот утаанбаатар болох нь тэр. Зах зээлийн нийгмээ дагаад харьд ажил хийсэн иргэд олсон мөнгөөрөө орон сууц, хөл дүүжлэх унаа авахын хэрээр эрэлт нэмэгдэж үнийн өсөлт газар авав. Энэ сиймхийг ашигласан барилгын компаниуд осолдохгүй нэг суурь зутгачихаад иргэдтэй гэрээ хийн урьдчилгаа мөнгө аван барилгын ажлаа хийдэг. Түлхүүрийг нь гардуулах өдрөө үлдсэн мөнгийг нь авна. Тэр нь мэдээж ашиг байх нь аргагүй. Барилгын салбарын сэргэлтийг дагаад барилгын материалын, газрын ченжүүд бий болж тэр хэрээр олон хүнд хөрөнгөжих боломж олгосон. Ер нь тэднийг хөрөнгөтэй болох, ажилтай байхад харьд боолчлогдож байгаа монголчуудын буян их.
Өнөөдрийн байдлаар дэлхийн 30 гаруй оронд Монголын 87 мянган иргэн ажиллаж байгаа дүн гарсан байна. Үүнээс 29 мянга нь гэрээгээр ажилладаг, харин 10 мянга нь оюутан, 18 мянга нь цагаачлагч байна. Үлдсэн 33 мянга нь хүн нь хууль бусаар амьдарч байгаа аж. Гэхдээ энэ тоо баримт нь зөвхөн Гадаад харилцааны яамнаас гаргасан судалгаа. Тэгэхээр энэ судалгаанд хамрагдаагүй хэчнээн мянган монголчууд ажиллаж амьдарч байгааг хэлж мэдэхгүй. Дээрх иргэдийн тоог хэдэн мянгад үржүүлэх хэмжээний ам.доллар барилгын салбарыг угжиж хөл дээр нь босгож байгааг хэлэх хэрэгтэй. Хэдэн жилдээ иргэдийнхээ нийгмийн баталгаа, амьдрах эрхийг умартан явсан эрх баригчид сая нэг ухаарч 40 мянган айл орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлээд эрэлтийг хангасангүй. Тиймээс 2009 оноос эхлэн 40 мянган айл орон сууц хөтөлбөрөө 100 мянга болгон өргөжүүллээ.
Орон сууцны ханш 2009 оны эхний улирлын байдлаар /сая төгрөгөөр/
Амьд явах эрхээ хятадуудад даатгасаар байж болох уу
Барилгын компаниуд ажиллах хүчээ БНХАУ-аас авдаг. Бүр цаашлаад хятадууд бие даан компани байгуулан орон сууцны хороолол барьж байна. Тэгэхээр монголчууд амгалан тайван амьдрах, амьд явах эрхээ хятадуудад даатгаад байна гэсэн үг. Мэргэжлийн байгууллагаас гаргасан судалгаагаар барилгын салбарт ажлын байр хамгийн их байна. Урд хөршөөс орж ирж байгаа иргэдийг цөөлөхөд л 10 гаруй мянган ажлын байр бий болно гэсэн байдаг. Гэвч өнөөдөр барилга дээр гараад шавардлага, гагнуур, өрлөгө хийгээд арматур зангидах мэргэжилтэн олдохгүй байгаа гэх. Монгол залуучууд бүгд дээд боловсролтой цагаан гартнууд. Барилгын шороо бургих төдийд амаа таглаад зугтаадаг тэд яаж барилга дээр шавар зөөх билээ. Ерөнхий боловсролын сургууль төгсч байгаа хүүхдүүдэд мэргэжил олгодог сургуулиуд нь баар цэнгээний газар болж хувирсан үед хэн барилгачин болох гээд гадаадад сурах билээ. Ядаж байхад мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалтын төлбөр дээд боловсролынхоос илүү гарна уу гэхээс дутахгүй байдаг хойно. Сургууль ч үгүй мэргэжил ч үгүй хэсэг залуус нь барилга дээр туслах ажилтан хийнэ. Царай муутай, цоорхой хувцастай болохоороо хулгайд сэрдэгдэн хөөгдөнө. Монголдоо үлдсэн ажиллах хүчин нь ийм байдалтай байна. Мөн залуучууд барилга дээр ажиллах дургүй байдаг бас нэг шалтгаан нь аюулгүй ажиллагааны баталгаа. Өдөр хоногоор сүндэрлэж байгаа ганган чамин хийцтэй барилгын эзэд ажилчдынхаа аюулгүй ажиллагааны дүрмийг мөрддөггүй. Үүнээс болж олон сайхан залуус амиа алдсан. Тиймээс л хүүгээ, охиноо барилга дээр ажиллана гэхээр ямар эцэг эх дуртай байх билээ.
Орон сууцны үнэ хямдарсан гэдэг ч дээ...
Орон сууцны ханш 2008 онд оргилдоо хүрсэн ч иргэд авсаар л байсан. Тухайн үед иргэд орон сууц гээч ямар амин чухал эд болохыг яс махандаа шингэтэл ойлгож. Тохилог орон сууцтай болох гэсэн иргэд байдгаа баран зээл аван байж мөнгөө бүрдүүлж байгааг харсан барилгын компанийнхны сэтгэл эмзэглэсэнгүй. Өгөх тусам нь авах гэсэн шуналдаа автан үнээ өсгөн болзол гэрээгээ чангаруулсаар. Шинэхэн байрны ханш тэнгэрт хадаж хүрэхэд хэцүү болохоор нь хуучин байр худалдан авах нь нэмэгдсэн аж. Гэтэл үүнийг овжиноор ашигласан хүмүүс орон сууцны ченж хийн мөн л ханшийг нь өсгөж орхив. Ингээд шинэ хуучин байрны үнэ ялгаагүй болж орон сууцтай болох гэсэн иргэдийг тохуурхав. Энэ л үед байрны үнэ өдөр, сараар өсч сэтгэлийн шаналгааг нэмж байсан гэхэд болно. Чех, Солонгост хүү, ханиа ажиллуулж ирүүлсэн долларыг нь хураасаар байгаад иртэл нь өнөөх байрных нь ханш нэмэгдээд дахиад л хэдэн сараар мөнгөө нэмж цуглуулах хэрэг гарна. Мөнгөө гүйцээж цуглуулах гэсээр байтал нөгөөх байгуулсан гэрээ нь дуусч алданги төлнө. Эсвэл дахин гэрээ байгуулж компаниудын хатуу болзлыг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болно. Тэр үед эдийн засгийн хямрал гээч дуулдахаас өнөөдрийнх шиг гэрт орж ирээгүй байсан юм. Тиймээс л иргэд хуруу хумсаа хуйхлан байж орон сууцныхаа мөнгийг бүрдүүлдэг байж. Гэтэл 2009 он гарсаар эдийн засгийн хямрал нүүрлэн бэлэн мөнгө гаргаад байр авчих тэнхээтэй хүмүүс ховордов. Үүнийг дагаад барилгын компаниуд орлогогүй болж төрөөс дэмжлэг хүсч байх юм. 2008 оны байдлаар орон сууцны ханш дээд цэгтээ хүрсэн дөрөвдүгээр улирлаас буурч эхэлсэн үзүүлэлт гарч байна. Энэ өнөөх эдийн засгийн хямралын сүүдэр байсан гэхэд болно. 2009 он гарсаар үл хөдлөх хөрөнгө тэр тусмаа орон сууцны ханш харьцангуй буурсан гэх. Саяхан явуулсан судалгаанаас харахад хуучин орон сууцны үнэ өмнөх оны эцэстэй харьцуулахад өөрчлөгдөөгүй бөгөөд графикаас харахад нэг хорооллын байрууд өөр өөр үнэтэй байдаг нь харагдаж байна. Энэхүү үнийн ялгаа нь тухайн байрны ашигтай байрлал, давхар, цонхны байрлал, засвар, орон сууцны нас, орчны тохижилтоос шалтгаалж байдаг. Хуучин орон сууцны үнэ харьцангуй буурч тогтворжсон боловч банк санхүүжилтээ түр хугацаагаар зогсоосон байгаа тул худалдан авалт бага байна. Үүнийг эрэлт бага буюу байхгүй гэж ойлгох нь буруу юм.
2008 онд орон сууцны үнэ ханш ямар байсан бэ? /сая төгрөгөөр/
Эдийн засгийн хямрал нүүрлээд байгаа үед орон сууцны ханш буурч байна гэсэн мэдээлэл бараг ташаа болж байна. Учир нь Статистикийн газраас сар бүр гаргадаг тайланд барилгын материалын ханш 20-40 хувиар нэмэгдсэн гэсэн дүгнэлт гаргажээ. Мөн цаашдаа ч өсөх хандлагатай гэсэн байх юм. Учир нь манай улс хэдийгээр 100 мянган айл орон сууц хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ч гэлээ өөрсдөө барилгын материалын үйлдвэрлэл хөгжүүлээгүй нь нөлөөлж байгаа аж. Гэтэл хаврын сар эхэлж барилгын ажил ид эхэлж байх үе байдаг. Барилгын компаниуд одоо өндөр үнэтэй материалаар орон сууцаа барих нь ойлгомжтой. Өртөг өндөртэй барьчихаад хямд үнээр зарахгүй. Тэгэхээр 2009 оноос хойш ашиглалтад орох орон сууцны ханш тэр хэрээр нэмэгдэх болж байна. Гэтэл эдийн засгийн хямралаас болж гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчууд орлогогүй болж эх орондоо ирэх нь нэмэгдээд байдаг. Тэндээ үлдсэн хэсэг нь ажил олоход хүндхэн байгаа гэх. Энэ хямрал гээч барилгын салбарыг гэнэт боссон шиг нь унагахад ойрхон байна.