- ЗҮҮНИЙ ҮЗҮҮР ДЭЭР ТОГТОХ ХОВОР ХУВЬ ЗАВШААНЫГ АТГАСАН ҮРСИЙГ ХӨНӨӨХ НЬ УУЧЛАШГүЙ НҮГЭЛ –
Үр хөндөх зөвшөөрөлтэй 10 гаруй эмнэлэг бий
Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 150 гаруй эмэгтэйчүүдийн эмнэлэг байдаг. Үүнээс 10 гаруй нь үр хөндөлт хийх зөвшөөрөлтэй аж. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн эмнэлэг болгон үр хөндөлт хийдэг болсон. Өнгөрсөн жил гэхэд манай улс зургаан мянга гаруй үрсээ гэдсэн дотор нь хөнөөсөн гэх тоо гарчээ. Энэ баримт зөвхөн холбогдох газруудад ирсэн мэдээлэл юм.
Харин нууцаар хэдэн мянган эх гэдсэн дотроо хүүхдээ хөнөөснийг мэдэх аргагүй. Нийтийн орон сууцны жижиг өрөө, орц, хонгил гээд эмэгтэйчүүдийн эмнэлэг хаа сайгүй байрлаж, хууль бусаар үр хөндөлт хийсээр байна. Үүнд холбогдох газрууд анхаарал хандуулахдаа хойрго хандаж байгааг ч хэлэх нь зүйтэй. Ер нь сүүлийн жилүүдэд үр хөндөлт хийлгэх эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэх хандлагатай болжээ. Үүнийг дагаад үр хөндөлт хийж мөнгө олдог далд бизнес цэцэглэсээр байна.
Ихэвчлэн хэдэн насны эмэгтэйчүүд үр хөндөлт хийлгэж байгаа талаар холбогдох газрууд судалгаа явуулахад 16-38 насны эмэгтэйчүүд үр хөндөлт хийлгэдэг нь тодорхой болжээ. Ялангуяа, насанд хүрээгүй эмэгтэйчүүд жирэмсэлж үр хөндүүлэх нь жил ирэх тусам нэмэгдэж байгааг холбогдох газрын мэргэжилтнүүд ярилаа. Эмэгтэйчүүдийн эмнэлэг болгон үр хөндөлт хийдэг гэсэн буруу ойлголт иргэдийн дунд байдаг. Мөн тухайн эмнэлэг зөвшөөрөл аваагүйг мэдсээр байж мэдлэг хомс эмчээр хожим гарах сөрөг үр дагаварыг тоолгүй үр хөндүүлж байгаа.
Эмнэлгийн үйл ажиллагааг зогсоох, эмчийн эмчлэх эрхийг нь хасахаас өөр хариуцлага тооцдоггүй
Эмчийн алдаанаас болж эрүүл мэндээрээ хохирсон эмэгтэйчүүд олон байдаг. Мөн амь насаа алдах тохиолдолд гардаг аж. Гэвч хохирсон эмэгтэйчүүд холбогдох газруудад гомдол гаргах нь цөөн байгаа нь хууль бус үйл ажиллагаа явуулж мөнгө олох эмнэлгүүдийг өөгшүүлж байна. Энэ талаар жишээ дурьдая. 15 настай жирэмсэн охинд ар гэрийн зөвшөөрөлгүй үр хөндөлт хийжээ. Мэс ажилбарын үеэр охин их хэмжээний цус алдаж, эрүүл мэндээрээ хохирсон байна. Энэ тохиолдолд эмнэлэг хариуцлага хүлээгээгүй аж. Тэд үр хөндөлт хийхийн өмнө эмэгтэйтэй аман гэрээ байгуулж, үр хөндсөний дараа ямар нэгэн асуудал гарвал эмнэлэг хариуцахгүй хэмээн тохиролцсон байна.
Үр хөндөлт хийлгэх явцад эмч ямар нэгэн алдаа гаргаж эрүүл мэндээр нь хохироосон тохиолдолд хүлээлгэх хуулийн хариуцлага сул байна. Хэрэв үйлчлүүлэгч гомдол гаргавал эмнэлэгт мөнгөн торгууль тавих, цаашлаад эмнэлгийн үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авдаг байна. Гэхдээ үйл ажиллагааг нь зогсоох хэмжээний хариуцлага тооцох явдал ховор аж. Эмчийг эмчлэх эрхийг нь хасч шийтгэдэг байна. Энэ бол хамгийн том шийтгэл. Гэтэл гадаадын орнуудад үүнийг гэмт хэрэг хэмээн үзэж, үр хөндөлт зөвшөөрөлгүй хийсэн тохиолдолд эрүү үүсгэдэг байна. Үр хөндөлт зөвшөөрөлгүй хийснээс болж хорих ялаар шийтгэгдсэн эмч олон байдаг аж. Харамсалтай нь манайд үр хөндөлт хийж байгаад алдаа гаргасан эмч сайндаа л эмлэх эрхээ хасуулаад өнгөрч байна.
Үр зулбуулах баталгаагүй эм “Нарантуул” захад борлогдсоор
Эмэгтэйчүүд үр зулбуулах чанаргүй эм хэрэглэж, хохирох явдал сүүлийн жилүүдэд гарах болсон. Хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй эмийг хууль бусаар томоохон захуудад зардаг хүмүүс олширчээ. Тухайлбал “Нарантуул” захад үр зулбуулах эмийг 5-20 мянган төгрөгөөр борлуулж байна. Тэдний чанарын шаардлага хангахгүй эмийг амьдралын боломж тааруу иргэд худалдан авдаг байна. Уг нь эрүүл мэндийн газар, өрхийн эмнэлгүүдэд үзүүлснээр эмчийн хяналт дор үр зулбуулах эмийг үнэ төлбөргүй өгдөг байна. Охид, бүсгүйчүүд энэ талаар мэддэггүй, эсвэл эмчид хандахаас санаа зовдог тул захаас баталгаагүй эм авч уудаг. Энэ нь хууль бусаар эм зардаг хүмүүсийн өгөөш болсоор байна.
Үр зулбуулах эмийг ченжүүд урд хөршөөс их хэмжээгээр бөөндөн авчирдаг аж. Тэд эмээ эмийн сангаас хэд дахин хямд зардаг тул гүйлгээ сайтай байдаг бололтой. Захын олон хүн холхисон газраар охид, бүсгүйчүүд явахад хажуугаар нь “үр зулбуулах эм бөөний үнээр зарна” хэмээн хэлж зөрөх хүмүүс олон тааралддаг талаар иргэд ярьж байна. Тэд чанаргүй эм зарж, бусдын эрүүл мэндийг хохироож байгаагаа юман чинээ боддоггүй. Дээрээс нь охид, эмэгтэйчүүд баталгаагүй эм авч уухаас айдаггүй нь хамгийн эмгэнэлтэй юм. Наад зах нь л гэхэд чанаргүй эм нэг удаа хэрэглэснээс болж насан туршдаа үргүйдэх аюул нүүрлэж байна.
Эмнэлгүүд үр хөндөлт хийх тогтсон ханштай
Эмнэлгүүд гурван сараас дээш сартай урагт мэс ажилбар хийж болохгүй гэдгийг мэдэх ч мөнгөнд шунаж, өндөр үнээр үр хөндөлт хийдэг байна. Зөвшөөрөлгүй эмнэлгүүд тогтсон ханшаар үр хөндөлт хийдэг. Тэд 1-3 сартай урагийг 50-120, гурваас дээш сартай бол 150-200 мянган төгрөгөөр хөнддөг байна. Харин зөвшөөрөлтэй хувийн эмнэлгүүд дээрхээс өндөр ханш хэлдэг аж. Эмэгтэйчүүдийн эмнэлгийн орлогын багагүй хувийг хууль бусаар хийсэн үр хөндөлтөөс олсон мөнгө эзэлдэг байна. Монголын үрс маш олон болтугай хэмээн ухаант түмэн маань билэгшин ерөөдөг. Гэтэл зүүний үзүүр дээр тогтон, хорвоод мэндлэх ховор хувь завшаан атгасан үрсийн амийг таслаж байгаа нь уучлашгүй нүгэл гэхээс өөр юу гэх билээ. Нөгөөтэйгүүр, залуус хэсэг зуурын жаргалын төлөө бусдын амьдралыг бусниулж байгаа нь харамсалтай. Тэдэнд хийсэн үйлийнхээ төлөө хариуцлага хүлээх, аливаа алхамыг бодолтой хийх ухаан, ухамсар алга.