Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 19-нд задгай сансарт гарах үеэрээ сансрын нисгэгч Хайдемари Стефанишин-Пайпер багажтай цүнхээ сансрын уудам орон зайд алдсан билээ. Тэрбээр цэвэрлэгээ хийж байхдаа тосолгооны хоёр гap буу, хогны уут, багахан чингэлэг, хүрзтэй цүнхээ гээсэн юм. Дундаж үүргэвчирхүү эл цүнх задгай сансарт ажиллаж байх үед сансрын нисгэгчдийн гарт байх ёстой хамгийн чухал эд зүйл аж. Америкийн Хьюстон дахь сансрын орон зайд хяналт тавих төвийн төлөөлөгчийн мэдээлснээр сураг алдарсан өнөөх цүнх энэ сарын 25-нд хэн нэгний толгой дээр унаж магадгүй хэмээн сэрэмжлүүлж байна. Цүнх 13 кг жинтэй учраас нэлээд жинтэй тусч магадгүй. Задгай сансарт гарах үеэр сансрын нисгэгчид бяцхан эд зүйлээ гээх нь олонтaa тохиолддог ч цүнхээ бүтнээр нь алдаж байгаагүй гэнэ. Уг үйл явдал болоод өнгөрсний дараа мэргэжилтнүүд эл цүнхийг агаар мандлын зузаан давхаргад шатаж үгүй болно хэмээн үзэж байсан ч өнөөдөр ингэж хэлэхэд нэгэнт оройтжээ. Сансрын пуужингийн салбарын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар задгай сансарт хэрэглэгдэх багажийг өндөр чанарын тусгай гангаар хийдэг тул зарим хэсэг нь агаар мандлын зузаан давхаргад шаталгүй дэлхийн гадаргууд хүрэх магадлалтай аж.
Тэгэхээр цүнх хаана газардах вэ? Олон улсын сансрын станцаас налуу буюу өмнөд өргөргийн 51 градус, хойд өргөргийн 51 градус хоорондын бүсэд л унана гэж мэргэжилтнүүд баттай хэлж байгаа юм. Ингэвэл сансрын нисгэгчийн гээсэн цүнх Африк, Крым, Дундад Ази эсвэл Ойрхи Дорнодод унах магадлалтай. Хэрвээ хэн нэгэн цүнхийг олбол өөрийгөө азтайд тооцож болно. Учир нь цүнхэн доторхи багаж хэрэгсэл 100 мянган ам.долларын үнэтэй юм байна. Гэхдээ сансрын уудам орон зайд бохирдож гэмтчихээгүй бол шүү дээ.
Дашрамд дурдахад, дэлхийн тойрог замд 2000 км-ийн өндөрт сансрын хөлөг, төхөөрөмж бүхий 5000 тонн биет хог болон хөвж яваа юм.