Хайртай гэж чангахан хэлсэндээ үнэн байдаггүй
Хайртай л бол хэлээд байхын хэрэг юун!
Эх орон гэж элдэв тангараг, сүржин үгийн хэрэггүй
Эгэл жирийн хамгийн чимээгүйд ч эх орон байдаг юм
Хайрлана гэдэг сүржин үг, танхай шүлэг биш
Халамцуухан явахдаа Чингисийг магтаж ширээ тойрсон яриа биш
Шивнэж цөөхүүлээ ярьдаг нууцгайхан сэдэв ч биш
Шивнээ ярианы дайтай
Эх орон гэж байдаггүй юм
Салхин шүүдэр тусаагүй шувуун цоохор өндөг шиг
Саран доорх орчлонд эмзэг зулай эх орон минь!
Таныг хайрлана гэдэг чухамдаа юусан билээ?
Тасархай үлэмжийн хайр бидэнд үгүй бил үү?
Өчигдрийг муулж, өнөөг магтах нь хамаагүй
Өнчирч ганцаардсан эх орон хэзээ ч лав байгаагүй
Чимээгүйхэн он жилүүд бүхнийг далдлаад өнгөрөхдөө
Чи биднээс харин эх орныг минь л нууж чадаагүй.
Хайртай гэж хожим нь хэлэхийн тулд
Халуун зүрхнээс эхэлдэг нутгийнхаа хилийг манаж
Хазааргүй хүлэг шиг он жилүүдийг дөрөөлөн
Хаяа тусгаар Монгол Улсыг өнөөдөрт би авчраагүй.
Туждаа балчир үрс голомт залган үлдэх
Тулгандаа сахисан улаан нар хэвээрээ байна.
Эндэж осолдсон тавилан бидний дунд дутуу ч
Элэгдэж хорссон юм алга, Эх орон бүтнээрээ байна.
Чалчаа дэмий ярьж, тангараг өргөхөө боль!
Чамаас чухам юу хүлээж, алгаа тосох вэ? Эх орон!
profile