ЭЭЖЭЭ

Э
Ээждээ үнсүүлэх дэндүү сайхан
Элгээ наагаад эрхэлмээр сайхан
Ээжтэйгээ байх дэндүү сайхан
Элдэв зовлонг мартмаар сайхан
Э
Ээждээ үнсүүлэх дэндүү сайхан
Эрхэлж наалдаад уйлмаар сайхан
Ээжтэйгээ уулзах дэндүү сайхан
Энэлсэн сэтгэл дэвтмээр сайхан
Ж
Жаахан ээжээ хайрламаар сайхан
Жаргалтайн дэлгэр дуулмаар сайхан
Жавхлант ээжээ хармаар сайхан
Жавартай намар дурсмаар сайхан
Э
Ээждээ үнсүүлэх дэндүү сайхан
Энгэрийн үнэрээ санамаар сайхан
Ээжтэйгээ эрхлэх дэндүү сайхан
Эргэж хорвоод төрмөөр сайхан
Э
Ээждээ үнсүүлэх дэндүү сайхан
Эвлэсэн сүүгээ уумаар сайхан
Ээжтэйгээ ярих дэндүү сайхан
Эгшигт бүүвэй уярмаар сайхан...

Энэ сайхан бүхэн байхгүй юм бол
Ээждээ үнсүүлэх гэж яараад ч яах юм
Энэ сайхан бүхэн байхгүй болчихбол
Элгээн дэвтээх гэж уйлаад ч яах юм

Эхэлсэн цэг нь БИ болохоор
Ээжээсээ эрчмийг сорж ургадаг
Эхлүүлсэн тал минь ЭЭЖ болохоороо
Эцсээ хүртэл соруулж ширгэдэг

Энэ хорвоогийн хуурмаг бүхэн
Ээжтэйгээ байхад солонго шиг сарнидаг
Энэ хорвоогийн үнэн бүхэн
Ээжгүй болоход од шиг тодордог

Ээжийгээ амьдад нь гомдоох юм бол
Эрвээхэй болоод нисээд явчихна
Эрвээхэй болоод нисээд явчихбал
Эрээн цэцэг болоод ч нэмэргүй

Ээжийгээ амьдад нь хайрлахгүй юм бол
Эрлэгийн элч олоод харчихна
Эрлэгийн элч олоод харчихвал
Эрхэс тэнгэр гуйгаад ч нэмэргүй

Ээжийгээ баярлуулсан эгшин бүрийд
Эрчим хүчээрээ төлжин ургана
Ээжийгээ хайрласан ачлал бүрийд
Эд эсээрээ нас нь уртасна

Эгэлгүй энэхэн ээжтэйгээ мөчүүд
Эрин зуунаас ч уртхан байгаасай
Энэрэлт сайхан ээжтэйгээ бид
Эгнэгт үүрд хамт байгаасай билээ

Ээжээсээ ургасан бид сайхан
Эд эсээ ургуулсан ээж сайхан
Ээжийг минь ургуулсан ээжүүд сайхан
Ээжүүдийг ургуулсан эх орон сайхан

Ээждээ үнсүүлэх дэндүү сайхан
Элгээ наагаад эрхэлмээр сайхан
Ээжтэйгээ байх дэндүү сайхан
Элдэв зовлонг мартмаар сайхАН    Бичсэн: Ц.Батмөнх |

profile