“Байгалийн сайхан,  амьдралын сайхан, хүний сайхныг эргэцүүлэн, бодрол бясалгалаа дөч гаруй жил үгсийн чуулганд эрхэж яваа” (Ц.Гомбосүрэн) Төрийн шагналт зохиолч Долгорын Нямаа  хөдөөх амьдрал, бага, залуу насныхаа тухай номоо “Тэнгэрийн хаяа” гэж нэрлэжээ. Нэг их сайхан монгол хууч шиг боловч одооны хүүхэд залууст цоо шинэ ертөнц мэт санагдах энэ номынхоо тухай эрхэм найрагч нэгэнтээ “Намайг ер нь зохиолч гэж хэлүүлсэн ном юм шүү дээ” гэж хэлж билээ. Аугаа их Расул Гамзатовын “Миний Дагестан”-ыг санагдуулам энэ ном “Бидний монголчууд” цувралаар хэвлэгдсэн билээ. “Урьд эрт цагт”, “Сар мичдийн тохиол”, “Нар зөв тойрог”, “Мандалын говиос Москвад нүүсэн минь”, “Би хоёрын учир”, “Зэл чулуу”, “Тэнгэрийн хаяа нүүж явдаг” зэрэг арав гаруй бүлэг бүхий энэ сайхан номоосоо “Могойн чуулган” хэмээх хэсгийг толилуулж байна.

МОГОЙН ЧУУЛГАН

Говьд бороо орж байгаад зогссоны дараа могойнууд ташуур хаячихсан мэт эв эгцхэн  болоод хэвтэж байдаг. Солонго татахыг харж байгаа юм уу гэмээр. Нарлаж буй царай нь тэр юм байлгүй. Хойноос урагшаа явах тутам, дэлхийн гол бүслүүр өөд дөхөх тутам“ урт хорхой” олон болдог шиг.

Ургаж байгаа наран доогуур харахад нүх болгоны аман дээр могой хэвтсэн нь борооны ус тогтсон юм шиг гялтайж харагддаг гэж эмэг ээж минь ярьдаг байв. Багадаа би хад, бутан дунд хурга хариулж яваад юм юмыг шагайж хардаг, сонирхдог байжээ. Хүүхдийн саваагүй зангийнх биз. Нэг удаа нисэх онгоцны өрөөсөн далавч шиг тэнгэр өөд гозойсон том хадны доогуур орсон нүх хонгилыг шагайж харж яваад толгойн үс зарсхийж билээ. Хадны хонгилд олон могой цуглажээ.  Цагаан сарын боов өрчихсөн юм шиг харагдлаа. Түүнээс хойш би элдэв агуй хонгил руу харах гэж дурладаггүй болсон. Харин морьтой явж байхад бут сондуул шүжигнүүлээд том могой шургахад морь үргээд байдаг.

Манай нутагт байнга сонсогддог юмны нэг нь том могойн тухай яриа. Тийм яриаг багаасаа сонирхож цуглуулсан бол өдий насанд нэг дэвтэр болох байсан биз. Гэтэл нутаг болгонд тийм яриа бас өрнөөд байдаггүй шиг санагддаг.

Хөнжлийн ууланд таарсан нэг явдлын тухай яруу найрагч Л.Мягмарсүрэнгийн бичиж нийтлүүлсэн мэдээ сонирхол татдаг. Энэ мэдээг 1998 оны хоёрдугаар сард төвийн нэг сонинд нийтлүүлжээ. Түүнд өгүүлсэн нь “Эх газрын эрс тэс уур амьсгалтай нөхцөлд  аварга могой байх үндэсгүй гэдэг юм. Гэтэл 1962 оны намар Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг Хөнжлийн уулын ард тормын чинээн толгойтой том могой биеэ эвхэж, хураасан бараа шиг хэвтэж байхыг Хоомон гэдэг эмэгтэй олж үзжээ. Маргааш нь Доржсамба гэдэг хүнтэй очиж үзэхэд шуудайтай юм чирсэн мэт мөр нь тод гараад ойрын нэгэн нүх рүү толгой их биеийн хэсэг нь шургаж, дөрвөн метр хэртэй үлдсэн хэсэг нь ил байжээ.

Бас 1930-аад онд анчин Лүүсэр гэдэг хүн Хөнжлийн уулын баруун   хойно байдаг Мүүлэнгийн цавд сууж байтал чөдөртэй морь нь нэг жалганы зүгээс хүчтэй соролтод татагдаад байх шиг санагдахаар нь  ажиглавал нэг шавар хонгилоос тэмээнийхээс дутуугүй нүдтэй том могой амаа ангайчихсан харагдахыг үзээд сандрахдаа буудаж орхисон юм байна. Дараа жил нь тэр шавар нүхнээс их тос урсаж эвгүй үнэр гараад байсан” гэжээ. Энэ бол хүмүүсийн ам дамжсан яриа. Гэхдээ газар ус нь нэр, байрлал, нутгийн хүмүүсийн нэр хаяг тохирч байгаа нь сонин. Дээр нь нэмж нүдээр үзсэн зарим хүний өөрийнх нь амнаас сонссон нэг, хоёр шинэ баримтыг өгүүлье. Манайхантай олон жил айл саахалт явсан Хоомонгийн Ичинхорлоо надад нэг ийм түүх (2002) ярилаа.

-Манайх Улаан эргийн ард байв. Нэг өдөр хоёр морио бариад нэгийг нь хөтлөөд Ямаагийн шандан дээр услах гээд очлоо. Гэтэл юу болсон гэж санана. Худгийн онгоцны дэргэд нэг том могой эвхрээд хэвтэж байснаас морьд үргээд ойртдоггүй. Би ч айгаад тэр чигтээ буцлаа. Гэр рүүгээ явж байтап Сий өвгөн (Энэ номын эхний хэсэгт нэр гарсан Лүүсий гуай билээ. Д.Н) тэмээнд хоёр хавчиг тэгнэчихээд хонь, тэмээ услах бололтой явж байна. “Усан дээр мал байна уу?” гэж надаас, асуув. Би “Мал алга. Харин нэг сүрхий амьтан байна даа” гэв. Сий тоох ч үгүй яваад өглөө. Хонь, тэмээгээ усалчихаад гараад ирэхлээр нь амдаж уулзаад юу болсныг нь сонирхвол “Лусын эзэн л байх чинь билээ. Ус уугаад урагшаа гарсан” гээд жишим ч үгүй тэмээгээ гуядав” гэж ярьсан.

Тэгтэл Баруун булгаас холддоггүй улсын аварга малчин Түмэндэлгэрийн Чимидийн гадаа 1970-аад оны дундуур нэг том могой хүрч очсон тухай яриа байдгийг дуулаад сураг тавьсаар 2002 оны  дөрөвдүгээр сард Дундговь дээр ирэхэд нь уулзаж ярилцлаа. “Тэр зун манайх Шандны улаан овоонд байв. Баруун талдаа гүү зэллээстэй. Цаана нь нэг мухар эрэгтэй юм. Хонинхүү эмнэг байдастай ирж манайд айраг уудаг байлаа. Нэг ирээд мордоод явснаа буцаад айсуй. Унаа нь хоргодоод явж өгсөнгүй юм байх гэж бодлоо. Гэтэл “Энэ баруун талаас нэг лут амьтан айсуй” гэв. Тэр нь могой байжээ. Бид гэрийн гаднаас харж зогстол зэлний цаанаас нуруу нь гүвэлзээд ирж яваа нь тод байна. Тэгснээ гүүн зэлний хойгуур тойроод гараад ирлээ. Ээж байсан. Хүүхэд хөтлөөд овоо өөд зүг бурууллаа. Могой явсаар хотны толгой дээр ирээд хэвтэхээр нь бид ойртож очлоо. Бүдүүнээрээ бол хөдөө айлын ацтай баганын дайтай л юм. Урт нь лав хоёр метр хүрнэ. Сүрхий том хар нүдтэй. Уурганы үзүүр хүргэсэн чинь ер уурлахгүй юм. Тэр уургүй нь их сонин санагдсан. Би ч төдхөн малын хойноос мордоод явчихлаа. Орой ирэхэд алга байв. Сураглавал “Хойшоо явсан” гэлцэв. Дараа нь  сумаас хүн амьтан ирээд олж үзэх гэсэн боловч олдоогүй. Уурга чирсэн юм шиг мөр улдсэн байж билээ” гэв.

Дээр өгүүлсэн хэдэн баримтууд бол дандаа манай нутаг дээр болсон явдлын тухай. Ямар ч гэсэн санаанд оромгүй том могой хааяа үзэгддэг гэж ойлгохоос аргагүй. Харин могойн чуулганы тухайд бол аль ч нутагт ярьдаг. Үзсэн хүн ч байдаг. Яруу найрагч П.Пүрэвсүрэн багадаа могойн чуулгантай яаж тааралдсанаа бичсэн байна. Түүнийг уншвал “Могой элбэгтэй газар зуны эхээр чуулган болдог. Тэр хавийн олон могой нэг дор цугларан зарим нь орооцолдон мушгиралдаж, зарим нь бие бие дээгүүрээ гулгаж нэг л их баяр цэнгэлийн байдал бий болно. Би багадаа Далан түрүүний голын дэрсэн дунд нэг тийм чуулган дээр орчихсоноо одоо хэр нь тод санадаг. Лавтайяа хориод могой байсан байх. Тэднээс нэг хачин шийхнах чимээ гарч байсан” “Багш” сонин. 2002.3.30) гэжээ.

Могойн чуулгантай тааралдвал нар гарах талаас нь хормойгоо дэвсэн мөргөнө үү гэхээс биш айлгаж цочоож болохгүй гэдгийг манай аль ч нутагт өвгөчүүд ярьдаг. 1980-аад онд Өмнөговь аймгийн Ноён сумын Цагаан мааньтад болсон нэг явдлыг дуулаагүй хүн байхгүй биз. Чуулганд хурсан олон могойн дээр шатахуун цацаж дэлбэлсний улмаас пинхийсэн эвгүй дуу гарч хэргийн эзэд нь ум мани бадми хум болсон эмгэнэлт явдал билээ. Тэр үед Өмнөговьд сууж байсан яруу найрагч Э.Хархүү хожим нь энэ тухай:
Бөөрөнхий улаан гап задарч

Бөмбөг тэсрэх шиг их дуу гарав гэсэн дүрслэл бүхий айхтар шүлэг бичсэн.
“Байгальтай тэрсэлдэж болохгүй, тэгвэл алуулна” гэж Оросын  зохиолч Юрий Бондаревийн бичсэн нь тэр үед санаанд орж байсан. Байгалийг хүндэтгэх дорны соёлоос улбаатай энэ асуудал үеэс үед сануулга, сургамж болж үлдсэн буй заа гэж боддог.

Лусын аюул болсон тэр нутагт арван таван жил өнгөрсний дараа могойн чуулган сэргэж байгаа тухай сонсогдож эхэлсэн. Нутгийн хүмүүс могой чуулдаг тэр дуулиант газрыг нүдлээд авсан болохоор яван суун харж ажигладаг юм билээ. Тэднээс ирж буй мэдээнд өгүүлснээр “Могой бие биеэ хэрхэн хүндэтгэдэг болохыг нутгийн хүмүүс гайхаж байна. “Хаан могой” голд нь өндийн “илтгэл тавьж” чуулганыг удирдана. Түүнийг нягт хүрээлсэн олон могой нэг нь нөгөөгийнхөө дээгүүр огт гардаггүй бөгөөд ирэх буцах, байраа солих шаардлага гарваас дороо мурилзан арагшаа ухарч гардаг нарийн дэгтэй” (“АЭ” 1995.5.20) гэсэн байх юм. Нутгархах дуртай хэн нэгнээс “Танай тэнд могой байхгүй биз дээ” хэмээн сорьж асуувал “Байлгүй яадаг юм. Бүр олон бий”  гээд босч ирсэн тухай хэн нь ч надад ярьж байлаа. Тэгсэн тэгээгүй говь бол могойн орон. Могойн чуулганы их танхим билээ. Ямар сайндаа Америкийн эрдэмтэн Р.Ч.Эндрюс (1933) Монголын говийн тухай тэмдэглэлдээ “Бид майхан дотроосоо 47 могой барьж аваад хорт могойн бууц гэж нэрлэв” хэмээн бичиж байхав. Аягүй бол “харийн” тэр майхныг лусын эзэд бүсэлж аваад байсан ч бил үү, хэн мэдлээ. Юм гэдэг учиртай.