Амьдрахуйн уйгаар хаана чиг алслан тэнэдэг тавилан юм
Амьдран суугаа орноо адлаж битгий хараагаарай
Алгуурлахын уйгаар бүгд л амжуулж чаддаггүй ажил юм
Аав ээж хоёрынхоо мэндийг асууж яваарай
Санахын уйгаар хэний чиг самсааг шархируулдаг нутаг юм
Саатаж удсан нэгнээ уйлтал битгий дурсаарай
Энэлэхийн уйгаар бүгд л энгэртээ дусаадаг нулимс юм
Аргадаж арчих хүнгүй бол аньсагаа цөөхөн норгоорой
Элээхийн уйгаар хаана чиг элэгдэж хорогддог нас юм
Энд өнгөрөөсөн жилүүддээ эргэж битгий харамсаарай
Мөрөөсөхийн уйгаар хэн чиг мөрөөдөн санадаг хань юм
Мөд уулзахгүй нэгнээ шаналтал битгий дурсаарай
Зоосныхоо оронд заавал золиос нэхдэг амьдрал юм
Зоргоороо залуу насаа харамлаж битгий бодоорой
Ангахын уйгаар хэн чиг амраглахыг хүсдэг хүсэл юм
Аргамжиж яваа бол чи бусдыгаа битгий шоолоорой
Харамлахын уйгаар бүгд л хардаж боддог сэтгэл юм
Хайртай нэгнээ гомдтол хаширлаж битгий мөрдөөрэй
Хилэнгийн уйгаар хэн чиг хэрэлдэж маргадаг амьдрал юм
Чиний төлөө л зовж явна гэж чичиртэл битгий загнаарай
Гансрахын уйгаар бүгд л ганцаардаж цөхөрдөг амьдрал юм
Гараас чинь татах хүнгүй бол галзууртлаа битгий шаналаарай
Өнхөрч ирээд өглөө нь өнгөрч холддог өдрүүд юмаа
Өөдрөг золбоотой аавын хүү өвөртлөөд л буцдаг мөнгө юмаа
profile