Эгэл боргил эрс

/Нэгдүгээр бүлэг/




Ганц мод гал болдоггүй

Ганц хүн айл болдоггүй /Монгол ардын зүйр цэцэн үг/

Нэг. Зэвхий саарал хуй салхитай өдөр
1.
Хээлэндээ түүртсэн хөгшин үнээ шиг туйлдаж зутарсан үхэр жил, аргын тооллоор 1174 оны тэргүүн сар гарлаа.
Тал нутагт өвлийн амьсгал орон хүйтний ес эхэлж, есөн ес давтагдах мөчийг өвөл хэмээн нэрийднэ. Зуны урин цагаар заримдаа цасан шамарга тавьж байдаг энэ нутгийн өвөл хичнээн хүйтэн болохыг үгээр өгүүлэхэд бэрх. Өвлийн ид хүйтнийг нүүдэлчид гурав хуваан идэр ес, ид ес, хижээл ес хэмээн нэрийддэг билээ. Энэхүү есөн ес наян нэгэн хоногт амьд үлдэхийн тулд зорьж тэмцэхгүй бол хэзээ чөтгөрийн хүйтэн уулгалан ирж амь насыг нь авч одохыг хэн ч үл мэднэ. Жил бүр л хорвоогийн тоос хөдөлгөх хувь дутсан золгүй тавилантнуудыг ийнхүү авч оддог билээ. Тэр өдөр бол таван есийн яс янгинам хүйтэн тачигнасан өдөр байлаа. Энэхүү чөмөг царцам тэсгим хүйтэнд мөнх тэнгэрийн доорх амьтай голтой болгон толгой гудайлган бээвийн үзэгдэх ажээ. Өгсүүр хөтлийн замаар хоёр хөлт хүмүүн хүртэл дөрвөн мөчлөн байж давна. Эх газрын элгэнд шүтэхгүй бол давж гарахад бэрх энэ хүйтэнд ус хийгээд салхины амьсгал хүртэл тасарчээ. Шөнийн гүн харанхуй анир чимээгүй дүнсийсээр өглөөтэй золголоо.

Ай хөөрхий. Энэ ертөнцийн хөдөлдөг хөрвөдөг бүхэн л заавал эзэнтэй байдаг жамтай билээ. Гол царцам хүйтэн хичнээн тачигналаа ч дорнод талын морин хэлбэрт уул огт ажирсан шинжгүй ихэмсэг орших ажээ. Цагаан цасаар битүү хуягласан энэ сүрлэг уулын цавчим оргил нь яг л дэл сүүлээ хийсгэн давхиж буй азарга мэт сүр жавхлантай харагдана.

Энэхүү цасан хуягт сүрлэг уулсыг холоос харахад эрвэн сэрвэн, гүвээ нугачаагүй мэт харагдавч ойртож очиход жалга судаг, овон товон ихтэй ажээ. Бүр хажууд нь тулж очиход цасанд дарагдаагүй хад асга эрвийн сэрвийн үзэгдэх нь ер бусын сонин төрхийг агуулна. Энд бургасан шугуйг нөмөрдөн буусан хоёр гэр бөмбийн харагдах агаад нэг гэрийн өрхөөр аргалын хөх утаа суунаглана. Энд амьтай голтой хөдөлж байгаагаас аргалын утаа л байх шив дээ. Гэрүүд үүд нь тас хаалттай. Гээд хичнээн хүйтэн байлаа ч гэсэн хэн нэгэн гарч морь хардаггүй юм болов уу гэх агшинд гэрийн эсгий үүд сөхөгдөж цан хүүрэг татуулсаар өргөн цээжтэй сүрлэг эр гарч ирлээ. Тэрээр цааш хэд алхан шожигнотол морь харж орхиод хойд зүгийн тэнгэрийн царайг ширтэн хэд алхалснаа газар сөхрөн урагш тонгойж газар үнэрлэж үзлээ. Тэгснээ шуудхан босож уудам тал руу хандан чанга дуугаар:

“Хүйтнээс айдаг ядарсан эр биш ээ, би” хэмээн хашгирав. Өөрийнх нь дуу ууланд цуурайтахыг сонсон зориг зүрх нь хөвчирч зогсоо энэ сүрлэг эрийг Жамуха гэдэг. Түүний эцэг баатар Хар Хадаан дайны олзонд ирсэн нэгэн эмийг өөрийн эм болгон авч, түүнээс нь хоёр хүү төрсөн бөгөөд дахин цавчилдан дайтаж яваад тулааны талбарт эрсэдсэн билээ. Цөс ихтэй, зориг зүрх нь хөвчирсөн сүрлэг эр Жамуха тулаан болгонд алдар цуугаа мандуулсаар аавынхаа нэр сүрийг өндөрт өргөж явна. Харин хичнээн баатарлаг, дайн тулаанч байлаа гээд удирдагч байхгүй бол өмгөөлөн тэмцэх зүйл байхгүй байдаг юм байна гэдгийг голдоо ортол мэдэрч байлаа. Тал нутгийн тархай бутархай олон овог аймгийг хураан захирч байсан Есүхэй баатар тэнгэрт хальж, түүний албат иргэд элсэн ширхэг мэт таран бутарч эрх мэдлийн төлөө орондоо орох завгүй олзлолдон тэмцэлдэж байлаа. Ингэж байгаад хэзээ хэний идэш болдог бол.

Тал нутгийн үнэн дүр төрх ийм л байлаа. Байгаль далайгаас Түмэн газрын цагаан хэрэм хүртэл, Манжуурын талаас Балхаш нуур хүртэлх өргөн уудам нутагт дөрвөн мянга орчим нуур цөөрөм, хорин долоон том гол мөрөн урсана. Дөрвөн сар хиртэй үргэлжлэх сэрүүн сэвэлзүүр зун, найман сар үргэлжлэх хахир хүйтэн улирал ээлжилдэг нутаг. Өндөрлөг сэрүүн бүсэд хонь, ямаа, үхэр, адуу, тэмээ маллан өвөлд цас бага унадаг, өвс ургамал сайтай нөмөр дулаан нутаг бараадаж өвөлжинө. Гэвч тийм нөөлөг дулаан газар орон тийм элбэг биш болохоор өнтэй дулаан, ус бэлчээр сайтай газар эзэмшиж байх, түүнээ бусдад алдахгүйн тулд зүрх зоригтой, эзэн шиг эзэн нь байх хэрэгтэй. Дайн тулаанд ялалт байгуулсан нь эргэн тойрны хэдэн арван бээр газарт өөрийн тааваар амьдрах боловч ялагдсан нь хэдэн зуун бээр газар дайжиж очсон ч өчүүхэн амиа хоохойлоход хүнд байдаг болохоор талын нүүдэлчдийн амьдрал нь ямагт нэг бол аз хийморь, нөгөө бол цус нулимс байдаг бөлгөө. Өвөр зуураа хөнөөлдөн тэмцэлдэх ная орчим том бага овог аймаг хоорондын эцэс төгсгөлгүй алалдаан, эх толгойгүй үймээн. Энэ нь урд зүгийн шавар оромжтуудын нүдэнд бүгд л дээрэмчид, зандалчид, бүдүүлгүүд болж харагдана. Оройн нар жаргахад оршин байсан багахан овог, ястан өглөөн нар мандахад бусдад эзлэгдэн алга болсон байх нь энүүхэнд.

Ийм л хэцүү цаг үед монгол аймгийн язгууртан дээдэс нэгнээсээ өрсөн эрх мэдлийн жолоог атгах гэж шөнө унтаж чадахаа больсон байлаа. Жамуха олон удаа эдгээр ихэс дээдэст бараалхан Татаарын хүч нөлөө өдрөөс өдөрт хүрээгээ тэлж буйг сэрэмжлүүлэн хэлж байсан боловч хэнд нь ч сонсох чих байсангүй. Чонотой тулгарсан өнчин ишиг хүртэл өчүүхэн амиа хамгаалах гэж оролддог биш бил үү.

Цаг үе өөрийн баатар хүүгээ төрүүлдэг жамтай. Хайлган халуун намраар царцаан нүүдэл ирж бэлчээр нутгийг сүйдлээд өнгөрсөн бөгөөд одоо өвөл хүйтэрч их цас унаж, зуд нүүрлэвэл Гурван голын үржил шимтэй сав нутаг ч зудын хөлд өртөх нь гарцаагүй боллоо. Үүнийг ч бас олон удаа анхааруулан хэлсэн боловч хэн нь тоож сонсоогүй болохоор Жамуха эрх мэдлийг гартаа авч өөрийнхөөрөө шийдэхээр тохиромжтой цаг мөчийг хүлээн суулаа. Ирээдүйн том тулаанд хүлэглэх аргамаг сайн морьдыг өнгөрсөн намраас эхэлж эмээл тохомноос салган тусгай агтчинаар маллуулсан нь бас учиртай. Одоо үлдсэн цөөхөн хоногийг хор хохирол багатай давж чадвал өвлийн идэр ес шувтарна. Дараа нь шинэ баатар хүүгийн үе эхлэх болно. “Эр хүний дотор эмээл хазаартай морь” гэдэгсэн билээ. Ирэх хавар, зун, намрын урин цагт дайчин эрсээ тэргүүлэн мордож гүйцэлдүүлэхээр төлөвлөөд байгаа их үйл хэрэг, дараа ирэх алдар хүнд, нэр нөлөө, наадам зугаа бүгд л түүний толгойд эргэлдэж байлаа.

“Тэр сайхан өдрийн төлөө одоо агт морьдоо нутаг сэлгэх цаг болсон.”
Зорьсон газар хол, тэнгэр хангай тэсгим хүйтэн. Ингэлээ гээд эр хүн зорьсноосоо ухрах гэж үү. Жамуха энэ мэтийг бодон хэсэг зогссоноо эргэж гэртээ ороод баруун хаяанд нэхийгээр хучсан бөөрөнхий зүйлийг хөлөөрөө нудран:
“Аяга айраг хийгээд аль” хэмээв.

Тэгтэл тэрхүү арьсан хучлага доороос хүн гэж хэлэхэд хэцүү, биш гэхэд бас тиймхэн нэгэн босож ирлээ. Энэ хүн бол түүний агтчин Цог билээ. Цог нойрмоглон босож толгойгоо маажсанаа аргалын утаанд харласан нэхий дээлийнхээ өврөөс хэт цахиур гарган ирэв. Гал түлэх гэж байгаа бололтой. Жамуха түүний эв хавгүй хөдөлгөөнд эгдүүцэн хурц үгээр түнших ажээ.
“Арз дотор гал байдгийг мэддэг юм бол гал дотор бас арз байдгийг дуулаагүй юу” гэхэд эзнийхээ ааш авирыг сайн мэдэх Цог тулганы дээд талд ирж бохирон суугаад архи аягалан эзэндээ барив. Удалгүй тулган дээр цай даргилан буцлахад модон шанагаар дээжлэн хутгаж гараад “мөнх хөх тэнгэр минь” хэмээгээд зүүн зүгт өргөж, дахин “Нөмөр нөөлөгт Бурхан Халдун минь” хэмээн хойд зүгт өргөөд гэртээ орж ирэн дахин дээжилж “өмөг түшигт Эзэн ноён минь” хэмээн шивнээд галдаа өргөв.
Жамуха аягаа барьсан чигээрээ аялгуут уран цэцэн үг урсгаж эхлэв.

“Энэ дотор баясгасан амтат идээнээс өөр үнэнч нөхөр үгүй юм шив дээ. Байгаль далайгаас ниссэн сүрэг хунгийн ганганаа аяган дотроос минь сонсогдов. Тэнгэрт элин халих бүргэдийн хурц нүд, хөх талын эзэн зэрлэг хөх чонын зориг зүрх, эр хүнийг хайлуулсан үзэсгэлэнт эмийн уян налирхай ааш бүгд л эндээс амтагдах юм. Харин энэ арз шиг тунгалаг хар нүдийг анх чухам хэн олж харсан бол”. Эзэн ноёных нь амнаас ийнхүү уран цэцэн үгс намрын хур мэт асгарахыг харж гайхсан барлаг Цог хэсэг алмайрснаа тэсэлгүй асууж орхилоо.

“Сая таны өгүүлдэг тань уран яруу шүлэг үү” гэхэд Жамуха “Нүдэн балай чихэн дүлий эр юм даа чи” гэж хэлээд тас тас хөхрөхөд гэр доргих шиг болов. Хэсэг чимээгүй сууснаа:
“Чи бас үүнээс амсаач. Талын зэрлэг хөх чононоос чамайг аварч чадах ганц нөхөр үүнээс өөр бараг байхгүй л болов уу. Туулай зүрхтнийг арслангийн авиртай болгож чаддаг шидтэн бол зөвхөн энэ сархад юм шүү дээ” гэв. Жамуха чонын уран аргын тухай дотроо эргэцүүлж бас атаархаж суулаа. Урд шөнийн цасан шуурга эсгий гэрийн дээврийг хөөрөгдөн улин исгэрч ахуйд Хэрлэнгийн шугуйн хөх чонын гаслант улиан бас сонсогдож билээ.

Чоно бол дэндүү өсөрхүү, өс хонзонгоо тун хорсолтойгоор тайлдаг амьтан. Тал нутагт олон овог аймаг, үндэстэн ястан хоорондоо унтах нойроо умартан хөнөөлдөн тэмцэлдэж эх захаа алдсан, туйлын түгшүүртэй бөгөөд хөл жийн тайван суух мөч тун хомс үе байлаа. Чонын үүрээ засч, үр бэлтрэгээ төрүүлэхээр нутагласан өндөр уул, өргөн хөндийг Жамуха адууныхаа бэлчээр болгож орхисон болохоор хөх чонос чимээгүй өнгөрнө гэж үү. Гэвч давах ёстой л даваа, үзэх ёстой л гарз биз. Өглөө босч тэнгэр хангайгаа ажин байсан нь ийм учиртай. Жамуха сэтгэлдээ дэнслэн байсан бодлоо дахин нэг цэнэж үзээд уртаар амьсгал татан үлээхэд амнаас нь гарсан уур мөсөн ширхэг болж буйг ажин зогсохдоо гүн бодлоосоо салахгүй л байлаа. Одоо ихээр бодож хоёр өдөр өнгөрөхөд л улин исгэрэх салхи, нүүр нүдгүй балбах цасан шуурга тэнгэр газрыг бүхэлд нь нөмөрч чөмөг царцам хүйтэн жавар уулгалан ирэх нь мэдээж. Түүнээс урьтаж Хөх нуурыг гатлах ёстой. Арван долоохон настай гэхэд хүний ой тойнд орохооргүй буурьтай загнаж байлаа.

Цог нэгэн сүрэг адууг шагай болтол нь хураан ирэхэд Жамуха нар салхины үнэр нэвт шингэсэн түүний толгойг тэвэрч үнэрлэв. Хонь шиг номхон дөлгөөн Цогийн цоглог хурц нүд нь баяр хөөрөөр гийж харагдана. Нүүрэн дэх ядарч аяншсан төрх нь хоромхон зуур үгүй болж чинь зүрхнээсээ дуулдаг сайхан дуугаа эзэндээ дуулж өгөв.

Тулааны талбарт аргамаг хүлэг шиг хурдан шалмаг,
Тулсан дайсны өмнө өршөөлт эх шиг ухаалаг,
Тал нутагтаа шувуу мэт дүүлэн ая дуугаа өргөж,
Таанын салхит холыг морин дэл дээр туулдаг, эзэн баатар эр мину”.
Жамуха түүний энэхүү уян зөөлөн сэтгэл холд зорьж яваа түүнийг улам ноомой, үлбэгэр болгочих вий гэж болгоомжлон шууд л дууг нь тасалж зогсоов.

“Дэмий уянгалуулан гингэнэх хэрэггүй. Нулимс эр хүнийг муухай харагдуулдаг юм” гэхэд Цог гэмшсэн царайгаар харцаа буруулан морьдын зүг ширтэв. Адуун сүрэг тургилан газар үнэрлэж урт янцгаалдана. Чөдрөөс салдаггүй хонины хоёр морь хүртэл гэнэт унгалдан үүрсэв. Гэнэт цасан шамарга хуйларч харанхуй нөмөрч эхлэхэд Жамуха газар хэвтэн чихээ наан чагнаж үзэв.

“Морьд тавгүйцээд нэг л юм болох нь. Эд чонын үнэр авах шиг боллоо.”
Хүн гээч хичнээн ухаан сэргэлэн, нүд, чих хурц ч монгол адууны дэргэд арай л балчирддаг юм. Адуу бол орчин тойрноо дэндүү сайн мэдэрнэ. Ухаа толгодын цаана ч, уудам хээр талд ч юу болж байгаа, юу болох гэж байгааг соргог зөн, хурц хараа, сонор чихээрээ хэдийнээ мэдээд түүнийгээ илэрхийлж буй нь энэ. Адуучин хүн азаргынхаа нүднээс бүгдийг уншиж чадна.

Жамуха Цог-т хандаж
“Азаргаа адууны хойно гарга. Чи өөр морь барьж уна” гэв. Азарга бол агт морьдоос илүү хүч тэнхээтэй, зориг зүрхтэй, жинхэнэ сүргийн манлай эзэн байдаг юм. Цог жинхэнэ адуучин эр шиг шаламгайлан босч хонины номхон мориндоо үсрэн мордож давхиулан одов.

“Азарга унаснаас ат унасан нь дээр” гэж Цог өгүүлсэн нь ийм үед хонины морь биш уурганы морь унах ёстой биш үү гэсэн үг байсан бөгөөд салхин дунд түүний үгийг Жамуха сонссонгүй.
“Чоно сүргээрээ дайрч ирвэл сүйд болно. Гэхдээ ухаантай зоригтой байж чадвал өнчин ишигний ч гарзгүй гарч болно” гэж Жамуха өгүүлэн чангаар исгэрч, бас уухайлан адуун сүрэгтээ чимээ өгөхөд эзнийхээ дууг сонссон морьд сүрхий тогтож эхлэв.
“Жинхэнэ эр хүний унаа-Тэнгэрийн салхи шиг зоргоор омголон морьд минь. Одоо цасан шуургыг зүсэн урагш давхицгаая. Иймхэн шамаргыг давж гарахгүй юм бол дайсны сумны өөдөөс хэрхэн сөрж чадах билээ” гэж Жамуха амандаа өгүүлэн мордож уухайлан чимээ өгөхөд адуун сүрэг шамарганы өөдөөс сөрөн давхилдаж, унага даага хааяа нэг янцгаалдан дуу дуугаа авалцах ажээ. Улам хурдлах хэрэгтэй. Хөх нуурыг хөндлөн гаталж, Хэрлэн голын нөмөр шугуйд амжиж очихын тулд яаравчлах хэрэгтэй. Саглагар мөчрөө дааж ядан ганхах хэдэн өвгөн нарсны дэргэдүүр өнгөрч явах ахуйд чонын гаслант улиан сонсогдож эхэллээ. Ауу. Ауу. Тал бүрээс ульж байгааг бодоход сүрэглэн ирж довтлох гэж буй нь тодорхой байлаа. Цог айсандаа зүрх нь цээжин дотроо тогтож ядан бөмбөрч нурууных нь шар үс босох шиг боллоо. Одоо өрөвдөлтэй хулчгар амьтан болсон байв. Агт морьд аймшиг дундуур янцгаалдан давхилдаж цасан шуурганд тэнгэр газар үл ялгагдан орчлон дэлхий цасан хуягаар хучигджээ. Гэвч Жамуха огт яарч тэвдсэнгүй.

Тэр бол дорой эр биш. Адуун сүргээ цуваа болгон ардаа дагуулж шамарга сөрөн урагшилж явахдаа огт өөр зүйл төлөвлөж байлаа. Яарч зугатаж болохгүй. Тэгвэл чонод улам зориг орж улайран дайрах болно. Би тэднээс айхгүй байх тусам тэд надаас эмээх болно. Ингэж алмайрч явсаар тэд нэг бол араас довтолно. Ингэсэн тохиолдолд хоёр арга байна. Тэднийг гэнэдүүлэх арга ямар бол? Чоно сунахдаа хүрвэл мориноос ч хурдан амьтан. Миний төлөвлөсөн ёсоор болвол учиртай. Адуу бол бас хүч тэнхээтэй, хийморьтой амьтан болохоор чоно араас нь дайрч хондлой цавиас нь хазах үед тэд эцсийн хурд хүчээ шавхан давхиж бас өшиглөж тангарах болно. Харин төлөвлөснөөр болохгүй бол огт өөр хэрэг. Адуу гэдэг бол хөлийн сайнаар биш нүдний хурц хараагаар орчноо зөв мэдэрдэг амьтан болохоор цасан шуурга орчныг харанхуйлан нөмрөхөд зүг чигээ алдаж, хурд нь ч саарна. Харин чоно бол зэрлэг хурдаар адууны огт төсөөлөөгүй талаас нь дайрах болно. Энэ нь адуунд хамгийн аймшигтай. Энэ бүхнийг Жамуха сайн тооцсон болохоор зориг хурц, сүр хүчит азаргануудаа адууны сүүл хэсэгт явуулж байлаа. Чоно азарга руу шууд халдаж дайрч чадахгүй. Нөгөө талаар азарга бол зөвхөн өөрийгөө хамгаалах биш бүх ижил сүргээ хамгаалдаг болохоор чононд сүргээ тийм ч амар алдахгүй. Гэвч чоно бол чоно л болохоор ямар ч байдлаар довтолж болно. Хаанаас ч дайрч болно. Ингэсэн тохиолдолд яах вэ. Сүргийн тэргүүн азарган чоно адуутай зэрэгцэн давхиж яваад нэг л мэдэхэд дотор нь орж хутгалдаж яваад сиймхий гармагц л адууны нимгэн цавинд юмуу хоолойд асах, дээр нь мордох аюултай. Адуу туйлж унагаалаа ч гэсэн энэ чонын хувьд бөөс хазсаны дайны санагдахгүй. Эхний дайралтаараа сарвайснаа базаж санаснаа хазаж чадахгүй бол дахиад л өөр аргаар үзнэ. Тал бүрээс нь сунан орж ирнэ. Сүргээ хамгаалж байдаг хүч хурдаараа үзэлцэвч намрын ус мах нь гүйцсэн, тарган цатгалан азарга амархан сульдана.
Тийм болохоор Жамуха өөр арга бодохоос аргагүй байдалд хүрлээ. “Үгүй би чинь ухаан санаа эрүүл л байлтай” гэж өөрийгөө зүхэв.

Адуун сүрэг дугуй тойрог үүсгэн хуйларч азарга нь захад нь гарсан байлаа. Даага сарваанууд сониучирхан адууны захаар гарч ирэхэд нь азарга урдаас нь хулмалзан дайрч дотогш хөөж оруулаад эргэж зогсон сүргийнхээ захад гарч ирнэ. Адуун сүрэг хамраа тачигнуулан хуухирдаж, урт богино олон янзын дуугаар унгалдаж янцгаалдан дороо хуйлран эргэлдэнэ. Зарим балчир унага даага түрэгдэн захад нь гарч ирэхэд сүргийн манлай азарга дор нь дотогш хөөж оруулна. Жамуха адуун сүргээ улам шавдуулан хөөхөөр шийдэн морио давиран ухасхийх үед Цогийн унаж явсан морь бүдэсхийн дунгуй хадан ойчиход тэр мориноосоо унан хэд өнхрөөд босож ирлээ. Жамуха үүнийг харсан бол дэлбэртлээ уурлах байлаа. Гэвч тэр үүнийг харалгүй адууныхаа нөгөө жигүүр лүү давхиж байлаа. “Эзэнтэн минь авраарай. Өршөөгөөрэй” байдаг чадлаараа аврал эрэн хашгирах тэр үед хөндий яндан мэт уртаар гонгиносон чонын дуу бараг дэргэд нь сонсогдов. Жамуха юу болсныг харж даруй жолоогоо татан эргэн ирээд давхиан дундаа гараа сунган түүнийг татаж ардаа сундлан цааш давхисаар түүний морийг барьж унуулав. Энэ үед шамарган дундаас чонон сүрэг дуу хоолойгоороо биш буй биеэрээ харагдаж эхэллээ.

“Цог. Чи адууны урд гаран дагуул. Хэрлэнгийн зүг хуй салхи мэт довтолго” гэж тушаав. Цог урд нь гарч замчлан адуун сүргээ араасаа дагуулан давхиж Жамуха өөрөө сүргийнхээ араас дуу чимээ өгөн уухайлан хөөж байлаа. Цогийн яг дэргэд чоно улихад ухаан алдталаа айж хайшаа явж буйгаа үл мэдэн ум хумгүй л морио шавхуурдан давхиж байлаа. Ухаан нь орж гаран байх шиг. Гэнэт чихэн дээр нь улин исгэрэх салхины чимээ хөөмийн аялгуу мэт сонсогдох шиг болж нүдээ анивал мөнхийн амгалан орчлон тийш очиж яваа мэт санагдав. Жамуха эзний “чүү чүү” гэх дуу бүдэг бадаг сонсогдох аж. Цог ийнхүү ухаантай ухаангүйн завсар жолоогоо хаашаа залахаа ч үл мэдэн бүхнийг мориндоо даатгаж орхив. Сүргээс хишиг хүртэж болох багахан сиймхийг ч чоно алдана гэж үү. Ийнхүү үхэл амьдралын ширүүн тэмцэл эхлэв ээ.

Үргэлжлэл бий.

profile