9164d9094e7b9bbf2c12cb65fea73fea_x3.jpg

Ээжээ  Би уг нь таныг анх дуудахад диваажингийн цэцэрлэгийн солонгын өнгөт хивсэн дээр соно бялзуухайнуудтай хамт тоглож, сахиусан тэнгэрүүдийн хайрын дуунд баясанхан бүжиглэж байсан юм. Гэтэл гэнэт урьд хожид сонсогдоогүй намуухан хоолой миний хүү гэж дуудах нь тэр. Тэрхүү уянгалаг хоолойг сонссон сахиусан тэнгэрүүд дуулалдахаа азнан чагнасан бол далай давалгаагаа хумин бодолд дарагдсан билээ. Миний явах цаг ирж. Би дэлхийн хүн болох нь.

1 дэх долоо хоног: Ээжээ? Та минь ямар дулаахан юм бэ? Диваажингийн цэцэрлэгт үүлэн орон дээр нараар хучуулан нойрсдог боловч таны хэвлий шиг ийм дотно, ийм тухтай байсангүй. Та мэдэхүү? Би таны хүүхэд болохын тулд их хичээсэн. Сургуульд онц сурж, бурхадын үгэнд сайн орсон. Бас хэзээ ч нисдэг морьд шиг дэггүйтэж, шидтэнүүд шиг оддын хооронд зугаалдаггүй байсан. Та намайг хүлээж байсан уу? Би ч бас таныг зөндөө хүлээсэн. Багш хэлэхдээ зөвхөн сайн сурагчдад л дэлхийн хүүхэд болох шагнал өгдөг гэсэн. Найзууд маань тийшээ явчаад эргэж ирэхгүй болохоор нь би жаахан айдаг байсан. Сайхан байдаг байсан болохоор л эргэж ирэхийг хүсдэггүй байсан юм байна л даа. Та намайг аймхай хулчгар хүүхэд байна гэж битгий бодоорой. Би зоригтой жаал шүү. Хамгийн сүүлийн жишээ нь гэхэд л би марал бугыг унан 7 бурхан өвөөгийн руу гал авахаар ганцаараа давхисан юм. Ээжээ? Би хэтэрхий их яриад байна уу? Намайг бүгд л тэгдэг юм. Сар эгч хүртэл надаас залхаад өдрийн турш нүүрээ буруулдаг. Шөнө харин би унтчихдаг болохоор сайхан эгч минь гэгээн мишээлээр үзэсгэлэнт царайгаа гоёдог юм. Тантай байх ямар сайхан юм бэ ээжээ..

4 дэх долоо хоног: Ээжээ? Би сая зүүдэллээ, эсвэл бүгдийг эргэн саналаа. . Нэгэн цагт та минь уулыг уултай холбосон урсгал дөлгөөн их мөрөн байсанаа санаж байна уу? Тэр үед би таны их уснаас эх авсан хоржигноонт бяцхан горхи байж билээ. Нэгэн цагт та минь анхилуун үнэрээ алаг тайгадаа түгээсэн мөнхийн ногоон хуш мод байсанаа санаж байна уу? Тэр үед мөчирийг тань дамжин дүүлэх бүлтгэр жаахан хэрэм би байсан юм. Нэгэн цагт та минь хараад сүрдэм байц хад байсанаа санаж байна уу? Энгэрийг чинь түшин бараадсан хэдэн хөх чулууны нэг нь би байж билээ. Тэгэхээр та бид 2 мянган жилийн ерөөлтэй байгаа биз. Таныхаа урсгал их мөрөн мэт саруул оюунаас үр чинь ухаан нэмнэ, мөнхийн ногоон хуш мэт гандашгүй гоо үзэсгэлэнгээс чинь зүс нэмнэ, байц хад мэт бат суурьтай хүмүүжлээс чинь мэдлэг нэмнэ, Ээжээ би таныг ядраагаад байна уу? Та минь сүүлийн үед нэг л дуу муутай болчихлоо..

 ec335321cf9a46e8big.jpg

7дахь долоо хоног: Ээжээ? Та битгий уйлаа би өдрөөс өдөрт том болж таныг өвтгөж байгаагаа мэдэж байна. Таныг уйлахаар би бас дагаж уйлаад байна. Та бид хоёрыг уйлахаар таны хайраар цалгидаг миний ханатлаа сэлдэг энэ далай шорвог болоод байна. Шорвог болохоор үр чинь амьсгалж чадахгүй тийчлээд байна. Намайг тийчлэхээр та минь өвдөөд байна шүү дээ..

9дэх долоо хоног: Ээжээ? Та аавд хайртай юу? Би лав хайртай. Харин аав минь надад хайргүй бололтой. Аав яагаад "наадхаа авахуулсан нь дээр дээ, бие чинь дийлэхгүй, тэгээд ч сургууль соёлоо төгсөж, ажил амьдралтай болсоныхоо дараа хүүхдийн тухай бодсон нь дээр" гээд байгаа юм бол. Эгээл би энд огт байхгүй юм шиг юм ярих юм. Ааваа би энд байна! Хүү чинь таныг сонсож байна. Хожимоо тантай усны дусал мэт адилхан гэж найзууд чинь өхөөрдөх, хөлд орох гэж яваад таны гутланд тээглэн бүдэрч сүрхий сорвитой үлдэх, тэр соривийг нь нэгэн үзмэрч ''Сайн цагийг авчирах төрийн түшээ, их гэгээнтэн өргөөнд заларчээ'' хэмээн өлмийнөөс нь адис авах, ээжийн залуугийн төрхийг санагдуулам сайхан охин дагуулан ирж гал голомтоо бадраах, хорвоогийн жамаар хадан гэртээ буцах болоход хөлийг тань хучин асрах ганц үр чинь таньдаа учирлаж байна. Би эндээс явмааргүй байна Ээжээ надад туслаач!

12дахь долоо хоног: Ээжээ? Таньд хэцүү байна уу? Надад аль хэдийн эм тарианы үнэр ханхлаад эхэлчихсэн. Сувилагчийн зандрангуй ''гутлаа тайл'' гэхийг сонсоод ч цочирдоогүй. Би зөн совингоороо ямар аймшигтай зүйл та бид хоёрыг хүлээж байгааг мэдчихсэн. Тиймээс намайг битгий энхрийл, надаас бүү уучлалт гуй. Хэвлий дээрээс тависан гар чинь ийм дулаахан байхад таны минь сэтгэл яагаад ийм хүйтэн болчихвоо. Ээжээ та үүнийг хүсээгүй тиймээ. Би таниас холдмооргүй байна. Хүү нь шөнө уйлж таныг сэрээж байхгүй, айлийн хүүхдүүдийг шоглож нүүрийг тань улалзуулахгүй. Муу сурч чихийг чинь халууцуулахгүй. Өвдөж, гэмтэж, бэртэж өр нимгэн сэтгэлийг тань чилээхгүй. Би сайн хүүхэд байна аа ээжээ. Ээжээ? Би айгаад байна аа Ээжээ? Би даараад байна аа. Битгий...

Эхийн хөх ивлэж сүү нь асгарч эхэллээ. Хөх нь ивлэхтэй зэрэгцэн нулимс нь бас урсав. Миний хүү хөөрхий үр минь... Эх нүдээ анина. Хоосон өнгөгүй... Хэвлий дотор нь одоо нэг бяцхан амь хөдлөхгүй. Тэгэж бодохтой зэрэгцэн бүр ч хов хоосон утгагүй санагдана. Гэтэл хоосон дундаас нэгэн эрх балчир хоолой ийн цангинуулав: Ээжээ би таны уургыг амлаагүй, энгэрт чинь тэврүүлээгүй ч бурханаас заяасан үр чинь билээ. Гологдсон үрсэд эргэж очих газар диваажинд олддоггүй юм. Гэхдээ сахиусан тэнгэрүүд таны цагаан сүү урсахыг үзээд, намайг гэсэн хайр тань буйг хараад өршөөн нигүүлсэв биднийг. Би гэртээ ирэв. Та гэртээ үлдэв гэвч бидний уулзах тавилан энэ насанд үл үлдэнэ. Цангинасан хоолой замхрав. Эх цөхрөн хашгирлаа. Дуу үл гарна.....Ээжээ ааваа би та хоёрын хүүхэд болж төрөөгүй ч гэсэн та хоёртоо хайртай

profile