Бардамхан омголон зангаа гээчихэж мэднэ
Баяслаар дүүрэн сэтгэлээ умартчихаж мэднэ.
Бүхнийг бүтээх эрч хүч нь суларчихаж мэднэ.
Бүрэнхий шөнөөр ч хямрах айдаст автчихаж мэднэ.
Бүсгүй түүнд хэрэггүй үг бүү хэл ээ.

Хайрын халуун сэтгэлд нь сэв суучихаж мэднэ.
Хамгаас илүү хайрладаг хүндэтгэл нь үгүй болж мэднэ.
Хэлсэн хатуу үгийг тань мартахгүй ч байж мэднэ.
Хэрэггүй хоосон гансралд хүлэгдчихэж мэднэ.
Хэн нэгнийг гомдоох үг бүү хэл ээ.

Болохгүйг болгох гэсэн зүтгэл нь үгүй болж мэднэ.
Болд мэт хатуужил нь сарнин замхарч мэднэ.
Бороо шиг гомдлын нулимсаа асгаруулж мэднэ
Босон суун уймарч сэтгэл нь хямарч мэднэ.
Бодлогогүй муу үг бүү хэл ээ.

Сэтгэлийн гүн дэх шарх нь сэдэрч мэднэ.
Сэвгүй ариухан сэтгэл нь хиртэж мэднэ.
Сэм сэм санаа алдан ганихарч мэднэ.
Сэрүүн салхинд жиндэн гиюүрч мэднэ.
Сэргэлэн түүндээ муу үг бүү хэл ээ.

Чавхдаст хөгжмийн аялгуу тасрах шиг зогсож мэднэ.
Чамд итгэдэг сэтгэл нь голдоо ортол гомдож мэднэ.
Чадан ядан босгосон амьдрал чинь утгагүй болж мэднэ.
Чарламаар, уйлмаар болж бачимдан давчдаж мэднэ.
Чинхүү хайртдаа хатуу үг бүү хэл ээ.
profile