ЭРЧҮҮД ГЭДЭГ ЧИНЬ.....
Сайхан хонгор бүсгүй минь хөмсгөө бүү зангид.
Санаа сэтгэлээ чилээж шанаагаа бүү тул
Амраг ханьтайгаа муудаж ам зөрсөний төлөө
Амьдрал хөмөрсөн юм шиг царай бүү гарга.
Эмэгтэй хүний хувиар бодлоо хувааж хөөрөлдье
Эгч бүсгүйн ёсоор нууцаа дэлгэж хөхрөлдье
Эрчүүдийг яаж хонь шиг хань байлгах талаар
Эргэцүүлж бодсон бүхнээ чихэнд чинь шивнэе
Эрчүүд гэдэг чинь угаасаа хүүхэд л гэсэн үг
Эргэн тойрондоо сониучхан хөгийн амьтад шүү дээ
Юугаар дутнав түүнийгээ хаанаас ч хамаагүй хайдаг
Юу хэрэгтэй түүндээ хамаг байдагаа зориулдаг.
Хайраар дутаад ирхээрээ нууц амраг мөрөөддөг
Халамж үгүйлээд ирэхээрээ ээж рүүгээ яардаг
Хайхрамжгүй хандаад байвал хажууд тогтохгүй гүйдэг
Хал үзээд ирхээрээ хар усанд донтдог
Хархад бараатай хад чулуу шиг мөртлөө
Ханхар цээжин дотроо чамтай л адилхан зүрхтэй
Ханилахад нөмөртэй уул нуруу шиг мөртлөө
Хажуудхаасаа горьддог чиний л адил сэтгэлтэй
Дэргэдээ түүнийг дандаа байлгамаар байвал
Дэмий олон зүйлээр санааг нь бүү зовоо
Дээвэр нийлсэн амьдралын ноён нурууг үүрдэг ч
Дэндүү ихийг түүнээс цөхрөөж бүү шаард
Ядрах зүдрэх цаг чамд хэрвээ байгаа бол
Яг бас л адилхан түүнд ч бас байгаа
Янших үглэх хоёр сэтгэл хэмлэдгийг үзсэн бол
Ялгаагүй бас түүнд сайхан биш л байгаа
Шийтгэх гэж амьдарсан биш ширүүлээд яахав
Шинийн саран шиг гэрэлтэй хайр юугаа дээдэл
Яллах гэж янагшсан биш залхаагаад яахав
Ядрах задрах хоёрт нь тэвчээртэй бай бүсгүй минь
Үглэж загнахаа болиод үнсэж аргадаад үз
Үүрийн хөх болжмор шиг сэргэж жиргээд ирнэ
Сайн сайхан бүхнийг нь өнгөлж байгаад магт
Санаа бодол нь хөнгөрөөд саранд хүртэл ниснэ
Энхрийлэл хайр дүүрэн бол эрээн мяраанд дурлахгүй
Эхнэр та халамжтай бол элдвийн юм эрэхгүй
Өргөө гэртээ тухтай бол өөрийг хайж явахгүй
Өвөртөө та жаргалтай бол өрөөлд харц унагахгүй ээ
Та ч гэсэн өөрийгөө гоё сайхан байлга
Танилцсан тэр үе шигээ харц юуг нь булаа
Тааж мэдэхийн аргагүй оньсого шиг аашил
Танхил хонгор зангаар хүзүүнд нь зүүгдэж эрхэл
Амарч байгаа агшиндаа дарстай хундага тулга
Ахуй амьдралын асуудлаа түр хааяа март
Үе үехэн аальгүйтэж үс гэзгээ өөрчил
Үеийн залуустай сээтэгнэж үдэш орой болз
Харамлахаар бүсгүй гэдгээ сэтгэлд нь мэдрүүл
Хайраа харин түүнд бүтэн хэвээр нь зориул
Уйдах завгүй байлгаж хэрвээ та чадвал
Урвана гэсэн бодол түүний толгойд орохгүй ээ
Сайхан хонгор бүсгүй минь хөмсгөө бүү зангид.
Санаа сэтгэлээ чилээж шанаагаа бүү тул
Амраг ханьтайгаа муудаж ам зөрсөний төлөө
Амьдрал хөмөрсөн юм шиг царайг бүү гарга