Алс холын тэдний төлөө хундага өргөе

Аж амьдралынхаа төлөө 

Амь хайргүй тэмцэн яваа тэдний төлөө хундага өргөе

Алс холын оронд 

Адгууснаас дор үзэгдэн яваа тэдний төлөө хундага өргөе..

Уудам хөх тэнгэрийн дор аз жаргалтай амьдран явсан ч

Улс орныхоо "изм"ээс "изм" рүү шилжин орох үед

Учир начрыг нь бүрэн ухаарч мэдэлгүй

Ура хашгирч морин цэрэг шиг дайран ороод

Ухаан мэдлэгээр бүхнийг шиидэх нийгэмд

Урагш муутайгаасаа болж амьдралаа бүхлээр нь сүйрүүлж

Эцэс сүүлд нь 

Энд л хүний дээд диваажин байна ..гэж

Эцэг эхийнхээ байдаг мөнгийг нь шавхан хамж аваад

Эх орноосоо алсын алс харийг зорин одож

Амьдралын төлөө 

Аав ээж амраг хань үр хүүхдийнхээ төлөө 

Хэдэн ногоон дэвсгэртийн төлөө

Хүнээс гарамгүй хүчийг гаргаж

Хүнд хүчир ажилд нухлуулж

Хүний гарт хөлслөгдөн яваа

Энэ цаг үеийнхээ золиос болон 

Эх орон энхрий үрсээ 

Элгээ бэтгэртлээ санаж яваа 

Эндэж гундаж яваа 

Элэг нэгтэнүүдийнхээ төлөө энэ хундагыг өргөе...

Хий гэсэн бүхнийг нь хэл үггүй хийж 

Хэлэлцээ гэрээ бичиггүй бүх л ажилд зүтгэж 

Ааштай баян эзний аргыг олохгүй сандарсан

Алаг нүдэн охидын минь өвөр бузартах вий дээ...

Эмээлт морины нуруунд эрэмгий арггүй сууж

Эмнэг хангалын булгианд чадал заан тогтдог

Эх орны хойч ирээдүй болсон залуус

Элдэв ажилд нухлуулж эрэмдэг болох вий дээ..

Хүний нутагт жаргахаар өөрийн нутагт зов гэсэн

Хөгшид буурал дээдсүүдийн захиас байдагыг санаач

Хөрст алтан дэлхий уудам Монгол оронд чинь

Хөл тавих зай олдохгүй байна гэж үү

Олон зууны тэртээ эзэн Богдын цэргүүд 

Онон мөрний үер шиг халгин цалгин явж

Омог бардам алхаж айлгаж сөндүүлж байхад

Орондоо ч унтахгүй наадуул чинь айж л байсан шүү дээ

Халгиж цалгиж явсан тэр үе яахав

Хамаг бүх юмтайгаа түүх болон үлдэж

Харин тэгтэл яагаад омголон ард түмэн минь 

Харь оронд очоод боол болоод явна вэ?

Төр нь арчаатай байхад түмэн нь амгалан байдаг

Түүхийн буурал харгуй юуг хэлээд байна

"Ардчилал-Ардчилал "гэж ам мэдэн бурж

Ард түмнээ жаргуулна гэж хий хоосон лоозогнож

Хөгжих үү Унах уу ?гэсэн адармаатай тэр үед

Хүн ардынхаа тавилангаар мөрийтэй тоглоом шиг тоглож

Эрх чөлөө гэж олны итгэл өвөртөлж

Итгэл зүтгэл нь мөнгөнд улайсаж эхлэх үед

Улс орон нь эзэнгүйдэж удирдлагагүй болсон хүмүүс 

Уяанаасаа тавигдсан нохой шиг дур дураар дургиж

Урьдах хойтохоо бодолгүй тал бүр рүү зүтгэн

Урьдын бэрх цаг руу улсаа түлхэж хаячихаад

Ухааны сор хүмүүнийхээ үгийг үл тоомсорлон

Уналт зогсолт бүхэнд өвдөг сөхөрсөн хойно

Арга ч үгүй байлгүй

Арчаагаа алдалгүй ч яахав

Ард түмэн нь амь амьдралаа бодон 

Алс хол луу цагаачлалгүй яахав

Гутармаар ч юм шиг

Ингээд байвал

Энэ эх оронд минь хэн үлдэх юм бэ?

Захиргаагүй болсон хэдэн тэнэмэл

Замбараагаа алдсан хэдэн архичид

Өвөр нь бузартсан хэдэн хүүнүүд

Өөр хэн үлдэх юм?

Ардынхаа төрийг атгасан шиг атгаад

Ард түмнээ удирдсан шиг удирдаад

Атомын эринд бусадтай зэрэгцэх

Аугаа их Монгол ухаан

 Алга гэж үү ?

Эд нараас бид юугаар дутуу юм?

Эх орон байна уу Эрдэм ном байна уу?

Хийх ажил байна уу? Хэлэх үг байна уу? ..БАЙНАА

Сэтгэх ухаан байн уу? сэргэлэн чанар байна уу?

Дасан зохицох чадвар байна уу? Дайчин их удам байна уу? БАЙНА

Харин ганцхан юм байхгүй ээ...

Хийлгэх ёстой эзэд байхгүй

Хийе гэсэн сэтгэл байхгүй

Эх оронч чанар байхгүй

Энэ биеэ зовоох хүсэл байхгүй

Ганц утгаар илэрхийлбэл 

Гантөмөр шиг цул чанар байхгүй

Газар дээр хага шидүүлсэн 

Гангар шаазан шиг болсон байна..

Харь холын оронд  амьдрал тэгээд байна уу?

Халуун элгэн нутгаас нь хамаагүй дээр байна уу?

Хүний хүч хөлсийг үнэлж чаддаг газар уу?

Хөдөлмөр хөгжил 2 салшгүй гэдгийг ухаарсан уу?

Онол хөдөлмөр 2с нь олигтой бүхнийг сураарай 

Олиггүй муу бүхнийг огт сонирхолгүй хаяарай

Эрх чөлөөтэй болоод удаагүй мөртлөө наадуул чинь

Ийм өндөр хөгжилд яаж хүрч чадав аа..

Энэ бичсэн зүйлээрээ та нарыг зэмлэхийг хүссэнгүй

Эмзэг сэтгэл зүрх минь өөрийн эрхгүй шаналаад байна.

 

 

Алс холын тэдний төлөө хундага өргөе

Аж амьдралынхаа төлөө 

Амь хайргүй тэмцэн яваа тэдний төлөө хундага өргөе

Алс холын оронд 

Адгууснаас дор үзэгдэн яваа тэдний төлөө шүү 

  http://burged.com/          

profile