Намрын шар навчис ..гуниг хөврөх цагаар

Насны эрхээр ухаажиж бодолд дарагдах заагаар

Өнгөрсөн бүхнээ дурслаа ...зүүд мэт санагдлаа

Өмнө буй ирээдүй минь зөгнөл мэт бодогдлоо


Анхны намтарын хуудас лоозонд улайсан харагдана

Арван жилийн дурсамж ардчилалд живсэн үзэгдэнэ

Хорин насны мөрөөдөл мөнгөнд боогдсон санагдана

Хол хүний нутаг руу амьдрал хайсан минь бодогдоно


Ээжээ би 

Аз жаргал гэж чухам юу болохыг

Амьдралын утга учир хэрхэн яаж өрнөдөгийг

Хүслэн болсон мөнгөө ядарч зүдэрч олдогыг 

Хүний нутагт сэтгэл хэрхэн эвдэрдэгийг 

Алсын энэ оронд таван жил үзлээ

Аз жаргалынхаа түлхүүрийгсэтгэл зүрхэндээ нээлээ.


Нүүдлийн шувууд нутгаа  зорин ирэх цагт

Хүний нутгын хөрсөнд хөл тавин буухдаа

Нүгэл хураагүй сэтгэлээ ариун  хүслээр дүүргэж

Нүдэндээ нулимстай явсан ч сэтгэлээ чангалахыг ухаарсан

Гэнэн залуу насныхаа хэсэгхэн  алтан үеийг

Гэмшиж харуусалгүй үрсэн омголон тэнэг үе минь


Аавын хүүгийн зэрэгтэй алхаж явах гэсэндээ 

Ардын олон хүүхэдтэй мөр зэрэгцэн бужигнахдаа

Ариун хөдөлмөрийн амтыг амсаж мэдэрч явахдаа 

Атаахсан нэгний харцанд сүлбүүлж бүдэрч явахдаа

Хүн чанар гээчээ алдаагүй дээ л баярланам ..ээжээ

Хүний нутгын тэнгэрт мартаагүйдээ бахархнаа хүү нь


Мөнгөний төлөө олон аавын хүүхэд

Халуун залуу нас эрүүл мэндээ золиослож 

Хоёрхон хундаганы төлөө нэгнээ залилахаас буцахгүй

Хүн чанаргүй болж сүйрч байгааг харлаа

Олон сайхан залуус архин далайд живж 

Орон улсынхаа нэрийг унагааж байгааг харлаа

Хацар гоо охид минь биеэ харийханд дэвсэж

Олз олохоос буцахгүй ухамсар доройтсоныг мэдэрлээ

Эх оронд минь амьдрал  сайхан байсан бол

Энд Монгол залуус юунд ингэж зовох 

Ээжээ би .....

Алсын энэ улсад амьдралынхаа ханьтай учирлаа

Алдрай бяцхан охиноо хожуу ч гэсэн тэвэрлээ

Энхрий нялх охиныхоо уйлах тэрхэн дуунд

Эцэг хүн болсоноо анх удаа л мэдэрлээ

Ард түмнийхээ төлөө амь хайргүй зүтгэсэн 

Аугаа хатны нэрээр Ану гэж нэрлэлээ

Эцэг өвгөдийнхөө удмыг өндөрт өргөөрэй гэсэндээ

Элэнц эхийнхээ нэрээр Дарь гэж залгасан

Хорвоод надаар овоглох үртэй бна гэдэг

Хосгүй их жаргал болохыг анх удаа л ухаарлаа

Ээжээ би ....

Аавынхаа захиасан сургаалийг дорны тэнгэрт мартаагүй дээ

Амьдралынхаа ханийг сонгож анхны үрээ тэврэхдээ ч 

Монгол цус судсаар минь лугшиж байгаагаа бодсон ч

Мохоогүй миний сэтгэл сөхрөөгүй ээ юуны ч өмнө

Хүний дайтай амьдрах цор ганц хүсэлтэй

Харь дорны тэнгэр дор зүрхэндээ уйлж явсан

Нутгынхаа цэгээн чулууг хэзээ үнсэх болоо гэж

Нутаг нутгын залуус шаналж явсан ..газар шүү


Хүсэж мөрөөдсөн бүхнээ биелүүлээд харих цагтаа

Хүй тасарсан буриандаа эргэн хөрвөөх үедээ 

Дорны намуун Солонгосоо үргэлж бодож явнаа

Долоон бурханы чигтээ үргэлж залбирч явнаа



                                                                                   2010 10 18 БНСУ Янжү












profile