Өвгөн Дэндэвийн бие муудаж,”Сэхээн” нэртэй сэжиг хүрмээр хүйтэн хөндий, нилэнхүйдээ цагаан өрөөнд арав гаруй хоног хэвтлээ. Гэрийнхэн нь гадаа үүд манаж, нүднээсээ бусдыг далдалсан ихэмсэг, хямсгар эмч нарыг царайчилж, тэднийг нэг бол авралын элч, эсвэл эрлэгийн элч шиг л бодож, горьдлого дүүрэн нүдээр дагуулж харсаар арван зургаа хонов. Нэг өглөө хэлтэй хэлгүй нь үл мэдэгдэх өндөр цагаан хүүхэн гэнэт ам нээж “Дэндэв гуайн ар гэрийнхэн орж болно” хэмээн уриалгахан хэрнээ нэг л хөндий хоосон хэлчихээд үүдээ нээлээ.Дэндэв өвгөний бие барагтайхан байгаа нь харваас илт. Хүндэрч, сэлхэрсэн зовхио арайхийн өргөж,  хөх судас гүрэлзсэн гараа хөдөлгөх гээд чадсангүй. Тавин жил цайгаа хуваасан эмгэнээ өрөвдсөн нүдээр харж байснаа “Миний ажлын бор цүнхийг аваад ирээч...” хэмээн тасалданги сулхан дуугаар хэлээд чимээ тасарчихав. Хэдэн хүүхэд нь гайхаж, мэгдэж, харин Дулам хөгшин “Алив хүү минь давхиарай. Зуслангийн амбаарт, миний новш хадгалдаг бор авдарын ёроолд байгаа байх. Яагаав дээ. Аав чинь залуудаа л үүрч явдаг байсан жижиг бор цүнх...” хэмээн сандарч, бага хүү нь ухасхийн гарлаа.

Авдрын ёроолд бараг хориод жил хэвтэж байгаа бор цүнхийг олох гэж гэж бага хүү нь чамгүй цаг зарсан учраас нилээд амьсгаа өндөртэй орж ирэв. “Хөгшөөн. Цүнхийг чинь аваад иржээ” гэж Дулам хөгшний намуухан дуудахад Дэндэв анх удаагаа л хөгшнөө харж байгаа юм шиг удаан тогтуун харснаа цүнхээ уудал хэмээн гараараа зангах нь тэр. Дөрвөн хүүхэд, гурван бэр, бас Дулам хөгшин оёдлоороо ханзарч, тоос шороонд дарагдан будаг нь холцорсон хуучин бор цүнхийг нүд салгалгүй харж, чухам юу гарч ирэхийг тэсч ядан хүлээж  байлаа. Дэндэв өвгөн бүхий л насаараа аймгийн шуудан холбоонд ажиллаж, энэ бор цүнхийг үүрчихээд олон жил шороо манарган бичиг цаас зөөсөн нэгэн. Хурааж хумисан эд зүйл гэхээр юм байхгүйг том хүү, хөгшин хоёр нь л сайн мэдэж байлаа. Харин бусад нь тэр жижигхэн навсгар цүнхнээс алт эрдэнэс гарах юм шиг л амаа ангайн харж, бие биенийгээ түлхэн өвгөн рүү улам бүр ойртов. Дулам хөгшин бор цүнхийг ухаж ухаж сонинд боож, гадуур нь гялгар уутанд савласан цаас гаргаж ирэв. Дэндэв өвгөн “Наад захиагаа задлаад уншаад өгөөч” хэмээн том хүү рүүгээ гуйсан харцаар харж хэлэх нь тэр. Олон давхар цаасанд боосон, булан нь хүртэл элэгдчихсэн цэнхэр дугтуй. Том хүү нь захидлын хаягийг хараад цочин, бондгосхийв. Тэр захидлын буланд “Диваажинд байгаа миний ээжид” гэж их л  хичээнгүйлэн бичсэн байлаа. Сонин хаягтай захиаг задаллаа. Олон жил хурган дарга хийсэн эр тун эв хав муутайхнаар “Сайн байна уу ээжээ. Намрын шар өдрүүд навчсын ёолох дуутай хамт өнгөрч байна. Нарны илч харьсан энэ шар өдрүүд сэтгэл сэмлээд, холоо явсан таныг санаад ганцаардаж байна. Эх газрын зөөлөн хөрс, нар, хуранд угаагдаж, эргэх дөрвөн цаг бие биеэ дэрлэн зүйрмэглэж, хорвоо дэлхий бахь байдгаараа эргэж байгаа ч хөөрхийдөө тэнэг, гэнэхэн охины тань сэтгэлд өвлийн жавар хургачихаад салахгүй байна. Дэлхий ямар даахгүй гэсэн биш дээ. Дэргэд минь сууж, жаахан ч гэсэн амрахгүй яасан юм. Өөдгүй энэ орчлон дээр мянга мянган хүмүүс өр авлага нэхэж амьдраад л байхад өөдөсхөн жаахан охиндоо ачийг тань хариулж баярлуулах өдөр хоног жаахан ч гэсэн үлдээхгүй яасан юм.”хэмээн уншаад нулимсаа арчин аав руугаа зориг муутайхан харав. Өвгөн Дэндэв нүдээ ч нээсэнгүй. “Цааш унш” гэж байгаа бололтой гараа дохих нь тэр.  Хүү нь унших гэсэн ч хоолой нь чичирч, гар нь салгалаад тун их сандарч байгаа нь илт. “Цээжинд бөөн гуниг, бас бөөн гомдол үерлээд байгаа ч цорын ганцхан удаа бичих энэ захидлыг дуусгамааргүй байна. Аминаасаа амь тасалж ургуулсан, цээжнээсээ сүү нэрж амилуулсан цэцгийн таван илтэс шиг үрс тань сайн байгаа. Ээжийгээ санадаг цор ганц зовлонтой, эх хүний энхрийлэл хайраас өөр дутагдах зүйлгүй амгалан байгаа. Энгэрт тань зүүгдэхээрээ өнгө орон гялалздаг, эрхэлж, нялхарч, чихэр шиг хайранд тань дэвтдэг, эрх дөрвөн зээ тань өдрийн уртад өсөж, шөнийн уртад өндөр болж байгаа. Санаа зовох хэрэггүй дээ. Миний жаахан ээж. Таны оршин байгаа миний мэдэхгүй тэр орон зай торго мэт зөөлхөн, эхийн хэвлий шиг дулаахан. Тэндэхийн хүмүүс хэрүүл тэмцэл, хов живгүй амар амгалан. Тэр газар хааны харш шиг эрхэмсэг тансаг, хэзээ ч дутагдах гачигдахын зовлонгүй элбэг дэлбэг байгаа гэдэгт итгэж байна. Өнө мөнхийн амар амгалан тэр нутагт үрсээ ч санах зовлонгүй тайван суугаарай миний жаахан ээж. Хорвоогийн юм бүхэн мартагдаж, хуучирч элдэг ч гэсэн хөөрхий хүний үр ээжийгээ л хэзээ ч мартаж чаддаггүй юм байна. Хэзээ нэгэн цагт та Бурхантай уулзах юм бол, хэрэг болгож ганцхан зүйлийг л гуйгаарай. "Үрсийг ээжийгээс нь салгахдаа өрөвдөж хайрлаач" гэж хэлж байна гэдгийг минь дамжуулаарж өгөөрэй. Бөөр алаг дэлхийд амьтай бүхэн ээжийтэй.Бүхий л хүний өмнөөс гуйж байна гэдгийг минь дамжуулаарай. "Өнгө мөнгөний энэ хорвоо дээр өчнөөн тэрбум хүн чихэлдэн амьдардаг ч өөрийн минь ээжээс өөр энэрэлтэй хүн алга. Хал хайр дүүрэн орчлон дэндүү хуурамч, хайртай ээжий шиг минь үнэнч хүн байхгүй байна" гэж хагацлын сүүдэрт дайруулсан сая сая хүн уйлж байна гэж өрөвдөхийг мэддэггүй тэр Бурханд хэлээд өгөөч ээжээ. Өөрөөс минь өөр хүний үр ээжээсээ битгий хагацаасай гэсэн дээ. Өнчин дэрсний бутанд хүртэл нуугдаж амьдардаг эрхийн чинээ туулайн бүжин ч ээжийтэйгээ хамт байг гэсэндээ энэхүү захидлыг илгээж байна. 1981 он 10 сарын 23 хэмээн бичсэн байлаа. Захидлыг уншиж дуусахад бүх хүний нүд чийгтэй. Өвгөн Дэндэв захианы үг бүрийг өөртөө шингээж авсан юм шиг уртаар санаа алдав. Энэ захидлын эзнийг олох гэж Дэндэв олон жил хайсан юмсанж. Анзаарга муутай ялгагч хүүхэн “Диваажин” гэсэн үгийг Даваажав гэж уншаад бүртгэлийн дэвтэртээ тэмдэглэчихсэн байлаа. Аваачаад өгөх эзэнгүй, буцаагаад явуулах эзэнгүй энэ захидлыг задлаж үзэх гэж хэд хэдэн удаа оролдсон ч зүрх хүрэлгүй цүнхэлж байсан удаатай. Одоо л өвгөн Дэндэв хорин жил хайсан захианы эзнийг олж аваачиж өгөх цаг нь болсон бололтой. Бүхий л насаараа баяр гуниг, гомдол, жаргал тээсэн сэтгэлийн үгтэй захидал зөөсөн өвгөн хамгийн сүүлчийн захидлаа хүргэж өгөхөөр хаалга татаж байлаа.

Гэр бүл,f-6 виз,зөвлөгөө

http://gerlelt.blog.gogo.mndaraad or.***Чат


profile