Хаалга чимээгүйхэн онгойж, нөхөр нь 
орж ирж байгааг тэр мэдлээ. Гэвч Гэрэлмаа 
орноосоо ч өндийсөнгүй. 
Нөхөр нь хэрэндээ л чимээ гаргахгүйг
 хичээж байгаа нь илт, хувцсаа тайлан, 
хажуугаар нь орж ирэхэд архины эхүүн үнэр
 өрөөгөөр нэг ханхийв. Гэвч Гэрэлмаа 
дуугарсангүй. Итгэл орондоо ороод л 
шууд буруу хараад хэвтчихэв. 
Түүний хүзүүнээс үнэтэй брэндийн тансаг үнэртэй усны үнэр архины үнэртэй  
холилдон нэг л хачин эвгүй, муухай санагдахад Гэрэлмаа орноосоо өндийлөө. 
Итгэл бас л нөгөө хүүхэнтэйгээ уулзаж,  буудлын өрөөнд шөнө дунд хүртэл
 жаргаж байгаад ирж гэсэн бодол түүний нойрыг ор мөргүй хийсгэж орхив.
 Гэвч тэр ямар нэгэн хэрүүл шуугиан тарихыг хүссэнгүй. Урьд нь бол Гэрэлмаа    
өхрөө ирэхийг тэсч ядан хүлээж, оройтохоор нь хэрүүл хийж, утасных нь 
дуудлага бүрийг бүртгэж үздэг байлаа. Орой ажлаасаа яагаа ч үгүй тараад л 
нөхрийнхөө ажлын үүдэн дээр зогсож байна. Хэнтэй хаана явааг нь алдалгүй 
мэдэж авахыг хүснэ. Нөхрийнхөө ажлын хүүхнүүдтэй нэг бус удаа хэрэлдэж, 
нөхөртэйгээ хардаж сэрдэж байсан. Үнэндээ Гэрэлмааг Итгэл хуурч, нэг л өдөр
 хаяад явчих юм шиг санагдан дотор нь бачуурч, байж суух газраа олохгүй 
шаналдаг байлаа. Өөрөөс нь хоёр насаар ах, өтгөн хөмсөг, гялалзсан хар нүдтэй, 
 рэгтэй хүнд тэр бүр заяагаад байдаггүй цайвар шаргал царай, өргөн ханхар
 цээжтэй чацархаг бадируун энэ залууг тэр алдчихна гэдгээс үргэлж
 айдаг байсан. Үргэлж хүүхнүүдийн анхаарлыг татдаг хөгжилтэй, бас хэнтэй ч 
учир зүйгээ амархан олчихдог Итгэл Гэрэлмаатай суухаасаа өмнө хамт 
амьдардаг найз бүсгүйтэй байсныг тэр мэднэ. Нэг л өдөр найз бүсгүйгээсээ
салж, Гэрэлмаатай хамт амьдрахаар ирсэн. Итгэлийн хуучин найз бүсгүй 
Гэрэлмаа дээр ирж, баахан уйлж, түүнд хайртайгаа ярихад Гэрэлмаа учиргүй
 их өрөвдсөн ч хэзээ нэгэн цагт Итгэл өөрийг нь бас л хаяад явна даа" хэмээн 
бодож байснаа санав.  Тэр өдөр Итгэл Гэрэлмаагийн амьдралд хамгийн 
их аз жаргал, хамгийн их айдас түгшүүр хоёрыг зэрэг дагуулан хаалгыг нь 
татсныг тэр саяхан л ойлгож. Хамт амьдраад дөрвөн жил болж байгаа хэрнээ
 Итгэл Гэрэлмаа хоёр үр хүүхэдтэй болсонгүй. Өнгөрсөн дөрвөн жилийг
 Гэрэлмаа нөхрөө цагдах, хардах хоёрт л зориулж ирж. Үнэндээ энэ хэрүүл 
шуугиантай амьдралаас бүсгүй залхаж, цөхөрч байлаа. Тэр гал тогооны өрөөндөө орлоо.
 Хүйтэн ус залгилж зогсохдоо  ханын том хуанли дээр бичсэн 97 гэсэн тоог хараад 
санаа алдав. Одоо гуравхан хоног үлдэж, гэж бодохоор нэг л харамсалтай
 санагдаад болдоггүй. Жаргаж биш зовж, хайрлаж биш харамлаж өнгөрөөсөн 
дөрвөн жилийн амьдралаа эргэж санахад бүсгүйн нүдийг гашуун нулимс бүрхээд ирлээ. 
Хачин юм шүү. Хүний нулимс яагаад дуусдаггүй юм бол. Итгэлд итгэл алдан уйлж
 байсан өдрүүдэд хэтэрхий их нулимс урсгасан. Яахаараа нулимс асгарч
 байгаа хэрнээ аяга дүүрдэггүй, тэгсэн хэрнээ ширгэж дундардаггүй юм бол 
хэмээн бүсгүй бодох тусам нулимс чимээгүйхэн бөмбөрсөөр... Шөнийн хот, хаа
 нэгтээ тас хийтэл инээх хөгжилтэй бүсгүйн инээд, оройтсон, айсан хүмүүсийн
 яарсан алхааг харж, тэр цонхон дээрээ үүр цайтал зогслоо.

Гэрэлмаагийн дургүй хүрч, нөхрөө цохиод авчихмаар санагдаж байсан ч гэсэн 
тэгсэнгүй. Яг л урьдынх шигээ хөнжлийг нь хуу татан хүйтэн ус цээжрүү нь цацаж,
 “Хар архичин минь тэр завхайрдаг хүүхнүүдрүүгээ зайл” хэмээн хашгирмаар 
байсан ч тэвчлээ. Хөргөгчнөөс хүйтэн сүү аягалж, Итгэлийн хөнжлийг татан, 
“Яасан дотор чинь муу байна уу? Жаахан хүйтэн юм уучих" гэвэл
 Итгэл нойрмог нүдээ нухлаж, “Арай хэтэрхий удаан суучихжээ. 
Тайлан гарах гээд баахан цаас нухаад. Ядаж байхад Батхүүгийн төрсөн өдөр
 гээд ажил дээр ганц юм задлаад” хэмээн амандаа бувтнав.
 Гэрэлмаагийн дургүй хүрч байсан ч гэсэн юм хэлсэнгүй. 
Урьдын адил битгий худлаа хэл. Чамайг хаагуур явж байгааг чинь мэдэж байна.
 Эмэгтэй хүний үнэртэй ус ханхлуулчихаад чи тайлан гаргасан гэж хэлэхээсээ ичээч” хэмээн хашгирмаар байсан ч тэр дуугарсангүй. Нөгөө л дуусдаггүй нулимс нүдийг нь бүрхээд ирэхэд Гэрэлмаа буруу харлаа. Итгэл Гэрэлмаад ая тал засахыг оролдож байгаа нь илт. 
“Нэрэээ нөгөөдөр чиний төрсөн өдөр. Найз нь бэлгээ авчихсан байгаа. 
Чамайг яаж баярлуулахаа бодож байна” гэхэд Гэрэлмаа хүчээр инээмсэглэв.
 Гэвч тэр дотроо “Би энэ гэрээс явж л чамайг баярлуулна даа” хэмээн
 бодоход цээжин дотор нь дөрвөн жилийн турш нургилан ассан хармын сэтгэл, 
хардалтын гал дахиад л цоролзоод хэлэв. Гэвч тэр нулимсаа залгиад бослоо.
 “Усанд орчихоод эртхэн яв даа. Би өнөөдөр жаахан оройтох байх” гэж хэлэхдээ 
Гэрэлмаа өнөө оройг хаагуур өнгөрөөнөө хэмээн гунигтайхан бодлоо.
 Итгэлтэй хамт өнгөрүүлсэн дөрвөн жил тэр зөвхөн түүний хойноос гүйж, 
найз нөхөд ч гэхээр хүнгүй үлдэж. Харин сүүлийн хэдэн сар өөрийгөө 
хүчлэн барьж, ямар ч хэрүүл шуугиан хийхгүй, ямар ч маргаан гаргахгүй. 
Бас Итгэлийг өөрийнхөө сэтгэлээс арчиж хаях бэлтгэлээ хийнэ.
 Яг 100 өдөр л тэвччихээд энэ гэрээс явна” хэмээн хатуу шийдсэн байлаа. ]
 Тиймээс орой ажлаа тараад Итгэлийн ажилруу биш гудамжаар ганцаараа баахан алхана.
 Хамгийн сүүлчийн дэлгүүр хаатал дэмий тэнэж, ганцаараа зоогийн газар орж, 
ганц хундага улаан дарс ууж цаг нөхцөөж байгаад гэртээ орж ирдэг байлаа.
 Гэрэлмаагийн энэ огцом өөрчлөлт ч Итгэлд таалагдаж байгаа нь илт.
 Сүүлийн үед оройтох нь багасаж, бас хамт тоглолт үзэж, оройн хоолоо хамт 
хийж амьдрал арай л гэрэл гэгээтэй болж байсан.
 Гэвч тэр дахиад л архи үнэртүүлж, дахиад л худлаа хэлж байгаа нь илт.

Гэрэлмаа өөрийн гэсэн байр сууцтай болтлоо эгчийндээ амьдрахаар шийдэж, 
хүүг нь дуудуулан хувцас хунараа хүргүүлчихээд сайхан хоол хийв. 
30 насны төрсөн өдөр. Өөрийгөө ялсан анхны өдөр. Бүхий л амьдралаа 
Итгэлгүйгээр төсөөлж чадахгүй байсан тэр өдрүүдийг ард хаяж, 
өөртөө л итгэж амьдрах цаг мөч иржээ гэж бодохоор нэг л харамсалтай 
санагдаж байсан ч тэр бодлоосоо няцахгүй шүү хэмээн өөрөө өөрийгөө
 дахин дахин ятгаж байлаа. Орой бараг 8 цаг болчихоод байхад 
Итгэл ирсэнгүй. Ширээн дээр тавагласан зуушны өнгө нь гундаж, 
хийсэн хоол нь хөрч байгааг тэр хараад дэмий л санаа алдлаа. “
Итгэлийн биш миний төрсөн өдөр. Гэтэл яахаараа би тэр хүнийг
 хүлээгээд төрсөн өдрийн хоол хутгаад зогсож байдаг байнаа”
 гэж бодохоор л баахан ажил удаж зассан ширээгээ нурааж орхимоор санагдав.
Гэвч тэр тэслээ. Улаан бал авч ханын хуанли дээр томоос том 100 гэсэн тоог
 бичихэд гар нь салгалж байлаа. Итгэлийг найзуудтайгаа хамт хөзөр
 тоглоод хэмээн архи үнэртүүлсээр үүр цайж байхад ирсэн тэр өглөө
 Гэрэлмаа 1 гэсэн тоог тавьсан. Би  энэ хүний биеийг цагдаж чадсан ч 
сэтгэлийг нь цагдаж чадахгүй юм байна гэдгээ Гэрэлмаа тэр шөнө ухаарсан. 
100 өдөр л тэвчинэ. 100 өдөр л хэрүүл шуугиан хийхгүй сууна. 
Тэгээд л энэ гэрээс явна гэж хатуу шийдсэн. Тэр явахаар хувцсаа өмсөж эхлэв. 
Бүлцийтэл уйлсан нүдээ нуух санаатай будаж байтал хаалга чимээгүйхэн онгойж,
 Итгэл орж ирлээ. “Хөөх. Гучин настай бүсгүй хөөрхөн харагдаж байна”
 хэмээн түүнийг үнсэхэд дахиад л өнөөх танил сүрчигний үнэр хамрыг нь нэвт
 цоргиод ирэв. 100 өдөр нуусан нулимс, хор шар, гомдол бухимдал энэ удаа
 Гэрэлмаагийн тэвчээрийг сад тавин урслаа. Нэг л мэдэхэд тэр “
 Би явлаа. Бүр явлаа” хэмээн хашгираад босоод ирсэн байлаа. 
Итгэлийн тас хар нүд гунигтай болж “Уучил л даа. Хайраа.    
Японоос төслийн удирдагч нар ирсэн. Хуралдаж суусаар байгаад оройтчихлоо.
Чиний төрсөн өдөр гэдгийг би мартаагүй ш дээ. Нээрээ чамдаа бэлэг авсан” 
гэсэн энгэрийнхээ халаасыг ухаж, жижигхэн хайрцагтай зүйл гаргаад ирэв. 
Энэ их гоё сүрчиг гэж рекламдаад байхаар нь аль дээр л чамдаа авсан юм. 
Энгэрийн халаасанд явсаар байгаад хайрцаг нь муухай болчихож. 
Найз нь яараад Их дэлгүүр орж боолгох гэснээ больчихлоо” хэмээн 
Итгэл түүний зүг итгэл муутайхан харж байлаа. Өнөөх л танил сүрчигний 
үнэр өрөөгөөр нэг ханхийхэд Гэрэлмаагийн нүдийг нулимс бүрхээд ирэв. 
“Итгэлээ чамд итгэх итгэл минь л бидний амьдралыг холбож байгаа юм шүү”
 хэмээн хэлэх гэсэн боловч Гэрэлмаагийн хоолой дээр нулимс тээглэчихээд 
дуугарч чадсангүй. Хайрын хамгийн үнэ цэнэтэй зүйл нь итгэл, амьдралын
 хамгийн том баялаг бол амар амгалан гэдгийг Гэрэлмаа өнгөрсөн 100 хоногт л ухаарч...
profile