Эр хүнийг та нар хааяа ч гэсэн хайрла
Эрлэгт явахаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ.

Эр нөхөр чинь үгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ
Эрдэмт хөвүүд нь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ
Эр цэрэг чинь үгүй бол эх орон чинь эзгүйрнэ
Эрчүүдээ та нар хааяа ч гэсэн хайрлаач
Эрлэгт явахаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ.

Хэл нь тагнайгаан олохгүй тультчиж
Хөл нь дэлхийгээн онохгүй тэмтчиж
Хааяа нэг халамцуухан ирэхэд нь
Хараалын үг урсгаж
Халаасыг нь битгий хоосло оо.

Янагийн захиа л лав гарахгүй шүү дээ наадахаас чинь
Яах вэ хөөрхий шараа тайлах юмыг нь үлдээ
Дээл бүсэн гоёлтой
Дээрээ малгай хийморьтой
Андынхаа дэргэд цовоожижи
Аавынхаа харцанд томоождог
Янагийн сэтгэлд нялхарсан эрчүүдийг
Янжинлхамууд минь өршөө...

Уул шиг юм гэж дандаа битгий давар
Үүл шиг нүүгээд явчихдаг юм
Ус шиг уян гэж дандаа битгий самар
Уур болоод дэгдчихдэг юм
Төгөлдөр их урмыг нь бүр хугалчихвал
Төрсөн шигээ уруугаа хараад уначихдаг юмаа.

Хичнээн жил амьд явахыг мэдэж болдоггүй орчлон дээр
Хэзээ, хаана жаргана гэж хэрүүлийн алим хуваах юм бэ?
Хазайсан газар нь тэдэнд чинь бүүвэй ээж түшиг болдог юм
Халтирсан газар нь тэдэнд чинь бүсгүй хайр нөмөр болдог юм

Өөрийг чинь ээж болгосон хүний дээд юм шүү дээ
Үрийн чинь эцэг болсон эрийн тэнгэр юм шүү дээ
Эр хүнийг та нар хааяа ч гэсэн хайрла
Эрлэгт явахаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ.

Олон олон авааль гэргий та нараасаа
Олон олон аавын хөвгүүдийг
Өмөөрч бичсэн шүлгийг минь болгоо
Өөрийн минь биеийг битгий болгоо

Эр нөхөр чинь үгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ
Эрдэмт хөвүүд нь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ
Эр цэрэг чинь үгүй бол эх орон чинь эзгүйрнэ
Эрчүүдээ та на хааяа ч гэсэн хайрлаарай
Эрлэгт явахаас нь өмнө ханийн жаргал эдлүүл
Янжинлхамууд минь ээ...