Нүгэл хэмээн маяглаж
Нүдээ таглахгүйгээр
Нүцгэн биеийн гоо үзэсгэлэнг бахдаа
Шалиг завхай шунаг тачаалыг цааш нь түлхэж
Шалдан биений тэнгэрлэг сайхныг алдаршуулья.
Янаг минь чи хувцсаа тайл!
Ялгаа байхгүй, өмдөө ч бас тайл
Ядам хуруун дахь бөгжөө ч бүү үлдээ
Яг л урд минь чи бүр мөсөн нүцгэл!
Алдарт зураачийн зурсан
Адам Ева хоёр шиг
Ариухан хүйснийхээ ялгааг навчаар бүү хаа
Рафаэлийн бийрээр амилсан
Амиррлангуй нэгэн дүр
Алган дээрээр нар мандуулсан хүүгээ өргө
үүрийн гэгээг нэвт гийэн дагина шиг
Үзсэн харсан бүхний алаг нүдийг булаа
Яргуй дэлгэрч ятга уянгалатал инээд алдан
Янаг минь чи хувцсаа бушуухан тайл!
Ялдам хорвоотой анх инээгээд мэндэлсэн
Яг л урд минь чи бүр мөсөн нүцгэл!
Газрын холоос цанган анган тэмүүлсээр
Гал халуун нулимсаа хаян мансуурдаг
Гар хүрвэл хиртчихмээр ариухан
Гантиг чулуун цээжийг чинь бахдая
Залуу насны чадал дуудсан оргил шиг
Замба тивийн тахилга нь болгон шүтмээр
Гангар шаазан шилдүүлэн хөмөрсөн шиг
Ганган товчлуурт мээмийг чинь бахдья
Занабазарын урласан дарь эх шиг
Заяасан биеийн гоо үзэсгэлэнг бахадья
Бүхэл зуунаар шагших найрагчийн
Бүжин хархан нүднээс албаар доошлон
Бүлээн халуун эсээр цангаа тайлан
Бүсгүй хүний нүцгэн биеийг алдаршуулья
Тансаг дээд нейлон капроныг
Таар шуудай эсгийнээс би илүүтгэхгүй
Нүдэнд минь тээр болсон хувцсыг мулталж
Нүцгэн биеийг чинь онцгойлон магтья
Нүцгэн бие мандтугай!
Нөмөрсөн хувцас нүд далд хаана
Нүцгэн бие нүглээ нуудаггүй
Нүцгэн бие нүцгэн биенээс тасарна
нүгэлтэй юм хаана байна?
Гүйлсийн өнгөт сайхан биеийг чинь
Гүйцэд харах хүслэн надад байна
Усны цээлд жараахай шиг булгилан
Учхнаар туялзах бэлхүүсийг чинь магтья
Жавартай шөнө зүрх халууртал энхрийлж
Жавхаалаг биений чинь илчийг хүртэж хайрлаж
Хуурын хялгас шиг зөөлөн
Хун цагаан гарыг чинь бахадья
Сар хүртэл сүүтэгнэн чичигнэх
Сайхан цагаан хасыг чинь алдаршуулья
Уруул хацрыг улам доошлуулж
уудам хороотой учран золгохоор
Хайлан уйлан тэмүүлж гарсан
Хамгийн анхны хаалгаа алдаршуулья
Ертөнцөд урьд хэдийд ч гэсэн тэр
Эр хүн эр хүнээс төрөөгүй
Эгэл бие нь бүсгүй хүнээс тасарсныг
Эрхгүй мөнхөд хичээнгүйлэн дурсаж
Эр хүний итгэл хайранд ижилдэн дассан
Эмэгтэй хүний шидэт цогцсыг бахадья
Энэ орчлонд анх нүцгэн биеийг алдаршуулж
Юм бүхнээс онцгойлон хайрлаж шүтэн
Ертөнцийн эх болсон бүсгүй хүнийг алдаршуулья
Нүд булаам ургасан зуны гоо цэцэг шиг
Нүгэлгүй ариухан нүцгэн биеийг чинь алдаршуулья