Эрчүүдээ та нар хааяа ч болов өршөө
Эрлэгт явахаас нь өмнө ханийн жаргал эдлүүл
Эр нөхөр чинь үгүй бол
Гэрийн зай эзгүйрдэг юм
Эрдэмт хөвгүүд үгүй бол
Төрийн зай эзгүйрдэг юм
Эр цэрэг чинь үгүй бол
Эх орон эзгүйрдэг юм.
Халуун залуу насыг нь
Хамтарч элээснээ бодоо
Хайрын галзуу дурлалд
Хамт элэгдсэнээ болгоо
Өөрийг чинь ээж болгох эрийн тэнгэр шүү дээ
Үрийн чинь эцэг болсх хүний дээд шүү дээ
Хичнээн жил амьд явахаа мэдэж болдоггүй орчлон дээр
Хэзээ хаана жаргана гэж хэрүүлийн алим хуваах вэ
Хазайсан газар нь тэдэнд чинь
Бүүвэй ээж түшиг болдог юм
Халтирсан газар нь тэдэнд чинь
Бүсгүйн хайр ивээс болдог юм
Уул шиг юм гэж дандаа битгий давар
Үүл шиг нүүгээд явчихдаг юм
Ус шиг уян гэж дандаа битгий самар
Уур болоод дэгдчихдэг юм
Төгөлдөр их урмыг нь бүр хугалчих юм бол
Төрсөн шигээ тэд чинь
Уруугаа хараад уначихдаг юм
Эр хүнийг та нар хааяа ч болов өршөө
Эрлэгт явахаас нь өмнө ханийн жаргал хайрла
Дээл бүсэн гоёлтой
Дээрээ малгай хийморьтой
Андынхаа дэргэд цовоождог
Аавынхаа харцанд томоождог
Янагийн сэтгэлд нялхардаг эрчүүдээ
Янжинлхамууд минь болгоо
Эр нөхөр чинь үгүй бол гэрийн зай эзгүйрдэг юм
Эр цэрэг нь үгүй бол эх орон эзгүйрдэг юм
Олон олон авааль гэргий та нараасаа
Олон олон аавын хөвгүүдийг
Өмөөрч бичсэн шүлгийг минь өршөө
Өөрсдөө та нар нөмөрт нь жарга
profile