Сергей Есенин (Оросын нэрт яруу найрагч)

Яг одоо л би дурламаар байна

Яг одоо л би
Ятга шанзны гэгэлгэн аялгууг мэдэрмээр байна
Янзаган нүдтэй бүсгүйд хөл алдан дурлаж
Ямархан нэг сэтгэлийн хөг эгшгийг үзмээр байна

Энгэр цээжээ түлхэн харц гижигдэх мөөмийг нь
Энэ насандаа цавдаж үзээгүй
                амтат дарс хэмээн санаж
Хайр татах нууцынхаа оргилуун охь дээжийг
Хадгалж яваа мөнгөн бумба
                хэмээн таалмаар байна

Шүүрс алдахын зуурт урсаад өнгөрөх мишээлийг нь
Шүлгийн шад болгож ширхэг ширхгээр өрмөөр байна
Явган зэврүүн салхитай хаврын энэ тэнгэрийг
Янагийн халуунд булхуулсан өдрүүд олныг үзмээр байна

Галзуурсан юм шиг дурлалыг
                яг одоо л амсмаар байна
Газар дэлхийгээ дахиад
                цоо шинээр нь олж хармаар байна
Цээжин чанад дүрэлзэх зүрхэн тулгатай галаа
Цэцэг дэлгэрэх цагаар тийм л гоо бүсгүйд
                дэлгэж нэг харуулмаар байна.
profile