Найр хавтгайрч үлгэр жаргах цагаас
             Надад чи үлдэж, уруул хуваалцан, дурлал шивнэж
             Намрын сэрүүн шөнөөр халуун нулимс залгилж
             Надад чи өөрийгөө тушаах нь тэнгэрлиг гунигаа

            Хундага харших чимээ гуниг сарниаж
            Хувцасгүй нүцгэн дурлал зүрх ирлэж
            Хун цагаахан хүзүүнд улаахан сарнай ургуулж
            Хулгайлж авсан амраглал эргээд ирэхийг яалтай

            Эрвээхэй нүд харц солбин над дээр бүжиглэж
            Энгэр зөрүү сэтгэл албин аалиар жүжиглэж
            Эцэс төгсгөлгүй янаглалын намуухан хэмнэлд
            Эгшиг алдах дууны мэдрэмж тэнгэрлиг жаргалаа

            Нойтон сормуусаны цаана зовлон жаргал ээлжилж
            Норсон хүслийн амтанд энэхэн бие минь ноцож байна
            Нам гүм шөнийн анирыг сэрээж
            Наадан одсон сэтгэлээ тогтоон барьж чадахгүй нь

            Хуримын анхны шөнийг чинь
            Хулгайлж одсон болзооны
            Хором мөч бүрээр хэмжигдэх цаг хугацаанд
            Хордсон байна зүрх минь

           Амьдрал дусал дусалаар амтагдах нь ханашгүй ч
           Аль хэдийн орчлонд шинэ өглөө ирэх нь яалтай
           Алгуурхан өндийх нарны гэгээлэг сайхан туяанд
           Анх удаа би дургүйцэх нь ... гайхалтай

           ***
          Өдрийн турш чи л бодогдлоо
          Өөрөө ч мэдэхгүй би ганцаараа инээмсэглэнэ
          Ажлын ширээний ард цаг тоолон суухад
          Алдуурсан хүсэл зүрх гижигдэх нь хяслантай ..бас жаргалтай

          Сүүдэр уртсаж нар жаргах дөхөв бололтой
          Сүнс минь аль хэдийн чиний өвөрт орчихсон
          Бүүдгэр саран хэдийд ирэх бол хэмээн
          Бүлээн амьсгалаар наадан тарчилмуй