Ардчиллаас урвахын цаад учир шалтгаа
Ардчилсан намын гишүүн Э.Бат-Үүл намынхаа нөхөддөө хандан ил захидал илгээж байна. Тэрбээр УИХ-ын анхдугаар чуулганд хүрэлцэн очсоныхоо төлөө намаасаа хөөгдөхдөө тулаад байгаа билээ. Гэвч тэрбээр Монголын ардчиллыг аврахын төлөө энэхүү захидлыг бичин, намынхаа нөхдөд хандаж байгаа аж.

-”Намынхаа большевизмд автаагүй гишүүдэд”-
“Бойкот мандтугай! Парламентат ёс сөнөтүгэй!” гэсэн лоозон бол “…харгис дүр төрхийг нь харахаар цус хүртэл царцмаар” хэмээн Бертран Рассель уулга алдаж байсан Ленин гээч дөвчин этгээдийн тунхагласан лоозон. Тэрбээр бойкотлох, зэвсэгт бослого гаргах зэргээр парламентат ёсыг устгах явдлыг шинжлэх ухааны төвшинд аваачсан хүн хэмээн өөрийгөө ичгүүргүй дөвийлгөж байсан юм. Ленин тэргүүтэй коммунистууд санасандаа хүрсэн, тэд парламентын ардчиллыг, өөрөөр хэлбэл, ардчиллыг устгаж хүн төрөлхтний түүхэнд урьд хожид үзэгдээгүй цар хүрээтэй дарангуйлагч аллагын дэглэм тогтоосон билээ. Энэ дэглэмийн хар гайгаар гэм зэмгүй 100 гаруй сая хүн хэлмэгдэж амь насаа алдсан юм. Тухайн үедээ социалист дэглэмийн лагерьт хамрагдаж байсан улс орон бүрт удирдагч нар нь иргэдээ олон мянга, саяар нь алах ажлыг зохион байгуулж байсан. Жижигхэн Монголд гэхэд 800 мянга гаруйхан хүн амтай атлаа эрчүүдийнхээ 20 орчим хувийг устгаж, багашаарагхан Камбож гэхэд найман сая хүнийхээ хоёр сая гаруйг нь хүйс тэмтэрсэн байх жишээтэй байв.

“Парламентын ардчилал бол хорт хавдар бөгөөд түүнийг авч хаяхад хүчирхийлэл хэрэгтэй “хэмээн лүндэгнэсэн хүн бол фашистуудын удирдагч Муссолини билээ. Тэр этгээд парламентын гишүүдыг зодох, алах мэтээр эрхшээлдээ оруулах, хуралдааныг бойкотлох замаар дарамталсаар парламентын ардчиллыг устгаж өөрийн хэмжээгүй эрхт дарангуйллаа тогтоосон түүхтэй юм.

“Шууд хэлэхэд, ертөнц дээр парламентаризмын зарчим шиг буруу зарчмыг олоход хэцүү биз…үүний оронд хариуцлагыг тов тодорхой болгодог, удирдагчаа сонгодог жинхэнэ герман ардчилал бидэнд хэрэгтэй…” хэмээн номлоод”… тийм удирдагч нь би байна…” гэсэн хүн бол өөрийнх нь багш Муссолини хүртэл хийрхүү зангаас нь жийрхдэг байсан мөнөөх Хитлер билээ. Хитлер тэргүүтэй нацистууд парламентын байрыг өөрсдөө шатаагаад, түүгээр шалтаглан сөрөг хүчнээ устгаж цуст дарангуйллаа тогтоосон юм. Нацистууд коммунистуудыг бодвол далайц багатай боловч харгисаараа тэднээсээ хол давсан дэглэм тогтоосон. Хүн амьдаар нь шатаадаг бүхэл бүтэн хорих газрын сүлжээ байгуулсан юм шүү дээ!

Ийнхүү парламентын ардчиллыг устгахыг дарангуйлах санаатан бүхэн баруун зүүн ялгаагүй зорилтоо болгож хэрэгжүүлдэг байв. Тодорхой үзэл санаагүй боловч угаасаа эрх мэдэлд жигтэйхэн шуналтай Салазар, Франко, Сухарто мэтийн жижиг гарын дарангуйлагч нар ч мөн ингэдэг байв. Ерөөсөө аливаа дарангуйлагч дарангуйллаа тогтоохын тулд давын өмнө ардчилсан парламентат ёсыг устгаж, дараа нь чөлөөт хэвлэлүүдийг хаадаг нэгэн нийтлэг араншинтай нь одоо түүхээр нотлогдчихоод байна. Ингэх нь бас гарцаагүй. Яагаад гэвэл ардчилсан парламентат ёс нь ардчиллын хэрэм цайз нь билээ. Тийм учраас нэн тэргүүнд түүнийг эвдэх ёстой болдог ажээ.

Дарангуйлагч нар парламентын ардчиллыг устгах “мандат”-ыг яаж олж авдаг вэ? Олон яизын аргаар, тухайлбал Ленин яг л өөрийнхөөрөө хийсэн. Уг нь ард түмний шаардлагаар парламентын сонгууль явуулсан юм. Гэтэл большевикууд 25 орчим хувийн санал авч орхижээ. Тэгмэгц буу агссан усан цэргүүдийг Анхдугаар чуулганы хуралдааны танхимд оруулан сонгууль луйвартай, шударга биш болсон, тарах хэрэгтэй гэх зэргээр орилон үймүүлжээ. Уурандаа шатсан Бухарин бүр иргэний дайн дэгдээнэ гэж агсарч байжээ. Тэгээд большевикууд зүүн эсерүүдийг дагуулан хуралдааныг хаяж гарчээ. Энэ дүр зураг манайханд тун танил, 2004 онд Энхбаяр тэргүүтэй МАХН иймэрхүү байсан, юу гэвэл; тэд коммунист угшилтай билээ! Засгийн газрыг тэргүүлж байсан Ленин парламентыг тараах тухай шийдвэр гаргасан бөгөөд парламентаа хамгаалан тайван жагсаал хийсэн олон түмнийг цус урсган хядсан юм.

Харин Муссолини, Хитлер нар парламентыг устгахад нь олон түмэн дэмжиж байжээ. Үүний учрыг Ф.А.Хаек “…нүсэр их ардчилсан процедурт түүртээд хөдөлж чадахаа больсон алгуур хойрго, идэвхгүй цалгар төр засагт бүх нийтээр дүргүйцэх явдал зонхилох хүчин зүйл болсон байна” гэж “Боолчлогдох зам” номдоо тайлсан байдаг. Мөн Людвиг фон Мезис, гишүүд нь ард түмний элч гэдгээ ухааралгүй “онцгой эрх ашгийг төлөөлдөг…намын талынхан…” байснаас парламентат ёсонд “…эцсийн бүлэгт бүх нийтийн урам хугарч… “дарангуйлалд хүрснийг онцолжээ.

Ийнхүү, бүх дарангуйлагч үзэл санаанууд, намууд, лидерүүдийн хүссэнээр парламентыг устгасан түүхийн сануулга байсаар атал, либерал ардчиллын үзэл санааны оройлогч нараас парламентат ёсыг дарангуйлагч нарт олзлуулсан учир шалтгааныг олж сануулсаар байтал өнөөдөр, “Ардчилсан” гэх нэр хаягтай манай намын Гүйцэтгэх зөвлөл 2004 оны Энхбаяр тэргүүтэй МАХН-ын хичээлээс онц сайнаар суралцчихсан, Ленин гэх хий хуутай большевикийн “Бойкот мандтугай!” гэсэн уриа лоозонг мандуулсан явааг харахад үнэхээр хувь заяаны шоглоом шиг санагдаж байна. Ардчилагчид, ардчилалд илтэд устах аюул нүүрлээгүй тохиолдолд хэзээ ч хүч хэрэглэхийг тэвчдэггүй. Яагаад гэвэл хүчирхийлэл хүчирхийллээ төрүүлэн гинжин урвалд орж дарангуйлалд хүрдэг номтой. Бойкот бойкотоо төрүүлэн хөвөрсөөр парламентат ёсыг ард түмний нүдэн дээр гутааж орхидгийг, олон түмэн “хүчтэй гар” хүсэх хандлагатай болдгийг бид практик дээр бас харсан. Ийм байсаар атал өнөөдөр Ардчилсан намын удирдлага ариглан хамгаалах ёстой парламентат ёсоо бойкотлоод сууж байна шүү дээ! ! Ардчиллыг албан тушаал, эрх мэдэлд авирах боломж төдийхнөөр ойлгох хэмжээний боловсролтой Эрдэнэ мэт ( ийм хүмүүсийг хараад Платон ардчиллыг жигшдэг болсон ) тэй адил шавилхан этгээдүүдээс бойкотлох гэдэг мунхгийн мэргэн санаа гарах нь ойлгомжтой. Харин Америкт суралцаад ирсэн журмын нөхөд маань улам бүр большевик болоод ирсэн нь гайхаш төрүүлж байгаа юм. Тэд, асуудал байгаа бол түүнийг зөвхөн хуулийн хүрээнд шийдвэрлэх ёстой бөгөөд улстөрийн хүчээр тулган дарамтлах зэрэг хүчирхийллийн аливаа арга хэрэгслийг үл тэвчдэг нь Өрнөдийн, тэр дотроо Америкийн ардчиллын үндсэн зарчим мөн болохыг хараагүй, ойлгоогүй ирсэн гэхэд хаашаа ч билээ.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж Ж.Буштэй өрсөлдсөн А.Гор, хэдийгээр сонгогчийн олонхийн санал авсан боловч тооллогын хачин процедураас болж ялагдсан, санал тоолоход луйвар орсон байж болзошгүй гэж өөрөө үзэж байсан боловч шүүхийн шийдвэрийг биелүүлж ялагдлаа хүлээн зөвшөөрч байсныг манай суралцагсад харсан л байх. АГорын санаанд Конгресст сууж байгаа Ардчилсан намын гишүүдээ удирдан бойкот зарлах ленинч бодол цухасхийгээгүй гэдгийг тэд харсан л байх ёстой. Манай суралцагсад “аяыг сураад үгийг нь тогтоогоогүй” ирсэн байхааргүй ухаалаг улс юмсан уг нь. Би ингэж бодож байгаа учраас Америкт суралцагсдаар толгойлуулсан, тангараг өргөх ёслолын бойкотын цаана шал өөр зорилго нуугдаж байна, шуудхан хэлэхэд, Ерөнхийлөгчид эрх мэдлийг өгөх, МАХН-тай албан тушаалын наймаагаа тохиролцох гэсэн хоёр зорилго нуугдаж байгаа хэмээн үзээд байгаа юм. Эхнийхийг нь Үндсэн хуулийг өөрчилье гэдэг санал, удаахийг нь долдугаар сарын 10-ны өдрийн танилцуулсан дүнгээр тангараг өргөх, өөрөөр хэлбэл, 62-ын бүлэг дахин байгуулъя гэдэг тулгалт илчилж байгаа юм. Эхнийх нь хэрэгжвэл парламентат ёс Баабарын онож нэрлэснээр “муурын отоо”-нд орж Ерөнхийлөгчийн засаглал руу хальтрах аюултай, хоёр дахь нь хэрэгжвэл парламентын ардчиллын түшиг тулгуур болох сөрөг хүчин устаж, манай нам 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-ын нэр дэвшигчийн төлөө ил далд зүтгэх болно. Ийм болох учраас л Батжаргалын Батбаяр гишүүн бид хоёр Гүйцэтгэх зөвлөлийн эсрэг “босоод” байгаа юм. Большевизмд автсан Гүйцэтгэх зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулж, жинхэнэ ардчилсан үзэл санаатай Намаа мандуулах цаг болжээ!

С.Баярын Засгийн газар УИХ-ын сонгуулийн өмнө шатахуун, хүнсний бүтээгдэхүүний үнийг зохиомлоор барьж байсны уршгаар өнөөдөр үнийн өсөлт хөөрч байна. Ард түмнээ хуурсан энэ хууран мэхлэлтийн хариуг манай нам орон нутгийн сонгуулиар авах ёстой. Үүний тулд УИХ-д сонгогдсон Ардчилсан намын гишүүд бид хурдан тангаргаа өргөж УИХ-ыг ажилд оруулан С.Баярын хууран мэхлэлтийг илчлэх шаардлагатай байгаа билээ! Батбаяр гишүүн бид хоёрын “бослогын” бас нэг шалтгаан энэ бөлгөө.
Э.Бат-Үүл /УИХ-ын гишүүн/