Урлагийнхнаас дуу ч гарахаа байжээ

- Бидний монголчууд эв эеэ эрхэмлэх цаг ирлээ -

Үймээн самууны үеэр Соёлын төв өргөө, Уран зургийн галерей, Хүүхдийн номын ордон, Морин хуурын чуулга, Улсын филармони, “Баянмонгол” чуулга, “Соёл-Эрдэнэ” хамтлаг, “Улаанбаатар” чуулга, хошин урлагийн “Соmedy art”, “Х Түц”, “Хувьсал” продакшн, “STS” студи, “Өглөөний сонин”, “Хүмүүс”, “Хүмүүсийн амьдрал” сонин гээд олон байгууллага эд хогшил, хөгжмийн зэмсэг, үнэт бүтээлүүдээ дээрэмдэн тонуулж, хулгайд алдан ихээхэн хэмжээний хохирол амсаад байгаа билээ.

Симфони найрал хөгжим
Ардын жүжигчин Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын филармонийн симфони найрал хөгжмийн үлээвэр, цохиур, утсан хөгжим, хийл, цахилгаан хийл зэрэг хөгжмийн зэмсгүүд, компьютер, тоглолтын хувцас хэрэглэл гээд олон зүйл  алдагджээ. Хохирлын хэмжээг хараахан гаргаж амжаагүй байлаа.  Урьдчилсан тооцоогоор бүх хөгжмийн зэмсгийн дөрөвний гурав нь эвдэрч, алдагджээ. Мөн урын сангийнх нь дэлхийн сонгодог болон Монголын шилдэг хөгжмийн зохиолчдын сор болсон хөгжмийн бүтээлүүд, бичиг баримт, ноот, зэргийг урж, усанд хаясан байжээ. Гол нь эдгээр хөгжмийн зэмсэгийг манай оронд үйлдвэрлэдэггүй. Олонх нь гадаадын үнэтэй фирмийнх байсан аж.
Ерөнхий удирдаач Н.Бүтэнбаяр, удирдаач Д.Нямдаш нар “Хохирлоо ойрын 10-15 жилдээ барагдуулж чадахгүй. Тавин жил болоход гурван удаа тоглолтын хувцсаа сольж, 1987 онд Япон улсын “Ямаха” пүүсээс хөгжим бэлэглэсэн. Түүнээс хойш хөгжмийн зэмсгээ солиогүй. Цагдаа нар самуун дэгдээгчдээс зугтаж, манай байранд нуугдсанаас болж тэднийг хөөсөн улангассан залуус наашаа ирэх гол шалтгаан болсон байна лээ. Их харамсч байна” хэмээн ярьж байлаа.

Морин хуурын чуулга
Энд тэндгүй урагдаж, тарсан хувцас, эвдэрсэн хөгжим, эд хэрэгслийг харахад монгол хүн үйлдсэн гэж итгэхэд хэцүү байлаа. Тэдний морин хуур, их хуур, дунд хуур, ятга, хуучир, ёочин, товшуур, флейт зэрэг 22 хөгжим алдагдаж, 33.3 сая төгрөгийн хохирол үзжээ. Энэхүү тооцоонд хөгжмийн жижиг хэрэгсэл, тоног төхөөрөмж, эд зүйлс, хувцас, СD зэрэг эвдэрч хэмхэрсэн зүйлсийн тооцоо ороогүй байна. Алдагдсан морин хуур гэхэд 600 мянгаас хоёр саяын үнэтэй байсан аж. Тэгсэн ч баяр наадмын тоглолтод хүнээс гуйгаад ч болсон хуур олоод орно хэмээн ярихыг сонсоод урлагтаа хайртай уран бүтээлчдийн зүтгэлийг бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрж байсан юм.

Улаанбаатар чуулга
Нийт хохирлын хэмжээ 50 гаруй сая төгрөг болсон байна. Цахилгаан болон мастер хийл, эрдүү хийл, мастер морин хийл зэрэг нийтдээ дөрвөн төрлийн арав гаруй хөгжим алдагдаж, эвдэрсэн байна. Энэ нь тус хамт олны бүх хөгжмийн зэмсгийн 90 гаруй хувь ажээ. Хохирлоо хэрхэн барагдуулахаа мэдэхгүй, учраа олохгүй байна гэх үгс энд тэндгүй сонсогдож, гайхаж бас эргэлзсэн уран бүтээлчид сандралдан гүйлдэж байсан юм.

Хүүхдийн номын ордон

Байдал даамжирч, түйвээгчид тус байгууллагын цонхыг хагалан орж ирэхэд жижүүр Ц.Баатаржамц тайван, ухаалгаар хандаж “Хүүхдүүд минь та нарт хэрэг болох үнэтэй зүйл алга. Энд зөвхөн ном л байна” гэж нэлээдгүй учирлаж хэлсний  эцэст тэд орхин гарчээ. Байгууллагын ажилчидтай уулзахад “Ц.Баатаржамц гуай маань тун удахгүй хэд хоногоос тэтгэвэрт гарна. Биднийг хүүхдийн заяа, номын буян, ухаалаг жижүүрийн тайван хүлээцтэй зан аварч, хохирол бага амслаа. Манайх уншлагын долоон танхим, 150 гаруй мянган номтой. Ихэнх нь утаа тортогт дарагдсан. Гал ойрхон гарсан учир аваарын хоолойгоор утаа их орж ирсэн. Үндсэн фондны номнуудыг одоогоор үзэх боломжгүй байна. Хүүхдүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх тул номнуудыг тусгай ариутгалын бодисоор арчиж хэрэглүүлнэ. Одоогоор хохирол ямар хэмжээнд хүрээд байгааг бид сайн мэдэхгүй байна. Утааны угаар бүрэн арилаагүй учир хоолой хорсч, нүднээс нулимс гоожиж ажлаа хийхэд хүртэл хүндрэлтэй байгаа” гэж ярьсан юм.

Уран зургийн галерей
Зэргэлдээх Улсын галерейд ортол захирал нь хуралд суухаар явсан байлаа. Тус байгууллагын ажилтнаас тодруулахад “Хохирлын хэмжээг одоогоор тогтоогоогүй байгаа тул мэдээлэл өгөх боломжгүй байна. Хурлын тов зарлаж  нэгдсэн мэдээллийг хэвлэлийнхэнд өгөх болно. Үзэсгэлэнгээ гаргасан Тайванийн яруу найрагч Юй Сигийн уран бүтээлийг тусгай өрөөнд хадгалж хамгаалж байгаа” гэв.

Соёлын төв өргөө
Соёлын төв өргөө. Өөдөөс байдаг бүхнээ тонуулсан эмх замбааргүй өрөө, үнэтэй бүхнээ алдан гомдож цөхөрсөн урлагийнхан угтав. Үнэхээр хэлэх үг олдсонгүй, энэ л үлдсэн дээ гэж үзүүлэхээр бүрэн бүтэн зүйл тэдэнд байсангүй. “SТS” студийн захирал Ш.Батбаяр өрөөндөө халаглан зогсч байгаатай таарсан юм. Тэрээр “Бид ерэн хувийн хохирол амслаа. Бүтэн зүйл нэгийг ч үлдээсэнгүй. Монтажны хоёр компьютер, дүрс бичлэгийн камер гээд уран бүтээл хийдэг гол хэрэгслэлүүдийг дээрэмдсэн. Барагцаалж үзэхэд наад зах нь 20 сая төгрөгийн хохирол гарч байна. Тэр өдөр “Өнгөт инээд” энтертайнментийн жүжигчин С.Өлзийхүүгийн “Навчин дээрх шүүдэр” дууны клипийг дуусгаж, дараагийн уран бүтээлийн  DVD-ны ажилд орчихсон байсан юм. Архив, материал, уран бүтээл гээд хоёр жил хөлсөө дуслуулж хийсэн хөдөлмөр минь хэдхэн хормын дотор үгүй болсонд харамсч байна. Би хэнд хандахаа мэдэхгүй байна. Хохироод л үлдлээ. Эргээд босгох хөрөнгө мөнгө ч алга. Нэг хэсэгтээ уран бүтээл хийхгүй зогсох нь” гэсэн юм.  

“Хувьсал” продакшн
Шатаар өгсөөд хоёр давхарт байрлах “Хувьсал” продакшны хаалгыг татав. Мөн л ижил дүр төрх харагдав. Жүжигчин У.Одонтуяа “Манайхан теле зохиомж, богино хэмжээний кино хийгээд компьютер дээрээ хадгалчихсан байсан. Өрөөнд архи ууж, зургийн хоёр камер, тоглолтын хувцас хулгайлж, хамаг эд зүйлсийг маань эвдэж сүйдэлсэн. Уран бүтээл үргэлжлүүлж хийнэ гэхэд үнэхээр хэцүү болчихлоо. Одоогоор бид 28 сая төгрөгийн хохирлын тооцоо гаргаад байна” гэлээ.

“Соёл-Эрдэнэ” хамтлаг
“Соёл-Эрдэнэ” хамтлагийн өрөөгөөр орлоо. Олноо “том” нэрээр алдаршсан хөгжмийн зохиолч Г.Жаргалсайхан, Д.Ухнаа гуай нар урамгүйхэн угтлаа. Тэд “Үнэд хүрнэ гэж бодсон бүхнээ аваад үлдсэнийг нь устгасан. Миний хоёр даралтат хөгжим, төгөлдөр хуур гээд үнэтэй хөгжмийн зэмсгүүдийг лоомдож эвдсэн. Бөмбөрүүдийг цөм цохисон. Сейфэнд байсан ойр зуурын хэрэглээний мөнгийг авчээ. Өрөөг шатаах гээд гал тавьсан байхад хүүхдүүд орж ирж унтраасан байна билээ. Монголын урлаг харгис балмадуудын гарт сэхэхээргүй өртсөнийг хараад сэтгэл зүрх минь хэдэн өдөр эмтэрч байна “ гэв

“Сomеdy art”
Гарч яваад “Сomеdy art” хамтлагийн жүжигчин Д.Хүрэлхүүтэй таарав. Тэрбээр “Биднийг ирэхэд өрөөнд байдаг болгон маань алга болчихсон аймаар байдал угтсан. Уран бүтээлч бид чинь баян биш шүү дээ. Хөрөнгө олоод босгоно гэвэл нэг хэсэгтээ л мөдгүй. Эд хөрөнгөөс илүү энэ үймээн самуунд олон хүний амь үрэгдсэнд их харамссан. Дахиж ийм дайн шиг зүйл бүү дэгдээсэй. Бид уран бүтээлээрээ шинэ CD гаргах гээд бэлэн болгочихсон байлаа. Урлагийнхан сайн сайхан бүтээл толилуулсныхаа төлөө ийм хэрцгий шийтгэл амсах ёстой гэж үү. Арай ч дээ. Үнэнийг хэлэхэд ямар нийгэмд амьдраад байгаа ч сайн мэдэхгүй байна. Манайхан 25 сая төгрөгийн хохирол амсчихаад байна” гэсэн юм.

Г.Батцэцэг, Н.Цогцолмаа