Алтан овоо /Б.Явуухулан/

Талын улаан наран доор
Тос дааварлан бараантах
Тойгийн чинээ хар уулыг
Алтан овоо гэх юм.
Талын улаан наран доор
Тос дааварлан бараанттал нь
Тал нутгийн хүмүүс
Тахиж шүтсэн гэх юм.

Орой дээрх овоог нь
Онголж тахихын үед
Дээр нь цугласан хүмүүс
Дэвсэг дээр нь багтахгүй

Бие биенээсээ зуурч
Бэл рүү нь халин унжиж
Ноос нь сэмэрсэн тэмээ шиг
Нэвсийж байсан гэх юм

Барааг нь харан залбирч
Бэлийг нь тойрон гороолохдоо
Эр эмийн ялгаагүй
Ижилхэн шүтдэг мөртлөө

Онгон талын бүсгүйг
Охин заяанд төрсөн гээд
Орой дээр нь хэзээ ч
Гаргадаггүй байсан гэх юм

Дээр нь гардаг байсан гээд
Эрчүүл нь өөр болсонгүй
Дэргэдээс нь буцдаг байсан гээд
Эмэгтэйчүүд нь гомдсонгүй

Талын улаан наран доор
Тос дааварлан бараантах
Тойгийн чинээ хар уулыг
Алтан овоо гэх юм.

1980 оны 9 сар

profile