Сарны мөнгөн гэрэл уулс ороон сүлжиж

Шигтгээ ганган мөртүүд дурсамж хөглөн гадагшлав

Сүүдэр догшрох он цаг, эгэл амьдралтай сүлэлдэж

Шаглаа цагаан гунигтай үгсэн сувд хэлхэгдэв

            Мөсөөр шаргих амьдралын мөнхийн зүүдийг хулжааж

            Мөрөөдлийн цэнхэр салхийг алчуур болгон гоёод

            Тэнгэрт гялалзах ододыг сондор болгон зүүж

            Тэргэл сартай ханьсаж үдшийн болзоонд зогссон

Дэнлүү цагаан сарны гэрэлд гэзгээ сул асгаж

Дэнжийн цэцэгсийг согттол хайрын баланд мансуурч

Энгэр задгайлж амжаагүй онгон хайрыг хөндөж

Эгэлхэн монгол залуугийн галын бурханыг аргадсан

            Сартай ханьсаж тэврэлдсэн намрын хонгор өдрүүд

            Салхи гижигдэн хийсгэсэн хархан гэзгийн намираа

            Хайранд шатаж дүрэлзсэн дүрлэн нүдэн бүсгүй

            Ханхар цээжинд энхрийлсэн хөдөөгийн борхон залуу

Ийм л нэгэн өнгө дүрс он жилүүдтэй улирч

Идэрхэн биеэ тасчин хоёр хүүгээ төрүүлсэн

Нялхарч ногоорсон дэлхий намрын цагтаа ганддаг шиг

Нүдгүй хайрын гоо нас зуурдын гоёл шиг гээгдэв

Амьдрал хэмээх замын хотгор гүдгэрт бүдрэвч

Алдрай бяцхан үрсдээ хоёрхон биеэ зориулав

Гэтэл:

            Хорол тооноо өргөсөн хос баганын нэгийг

            Хөрөөдөөд хөсөр хаях шиг зовлон аажмаар нүүрлэв

            Авааль хонгор ханийн минь оюуны тархийг ташиж

            Амилсан шингэн чөтгөр гэрийн хоймор эзлэв

Эрийн хийморь ноёрхсон чагтагын сүлд доройтож

Энхрий зөөлөн хань минь босоо ороолон болчихов

Гэрийн бүслүүрт хавчуулсан хулсан уурга бөхөлзөх мэт

Гэргий болсон бүсгүй амьдрал дунд сөхрөв

            Эрээвэр хураавар амьдралын өтгөн тоосонд дарагдаж

            Эмзэг зүрхний гүнээс гунигийн нулимс садарлаа

            Эгэлхэн бүсгүй биедээ ахадсан дарамт үүрч

            Энэлэлийн цэнхэр орчлонд ханиа өрөвдөн гансарлаа

Жихүүн өвлийн цасан дэртэй шөнө

Жигшүүрт тэр идээ манайд урилгагүй зочлов

Зүрхэн дунд минь дальдчих зулын гэрлийг унтраах мэт

Зэвэргэн хүйтэн бодол хамаг биеийг чичиргэв.

            Шулмын хар ундаа ханийн минь зүрхийг базлаж

            Ширүүн шуурган дунд намайг үсдэн гаргалаа

            Хөхөө өвлийн хүйтэнд хоёр гуталгүй хөөгдөөд

            Хөрзөн цасан дээр хөл нүцгэн гишгэлээ

Ангир жаалхан үрс минь алаг нүдэндээ нулимстай

Ааваа ээжийн гутлыг өгөөч гэж ам амандаа үглэлээ

Гутал өгөх нь байтугай гурамсан чөдрөөр ороолгож

Гүвдрүү ягаан зураас хамаг биеэр тодорлоо

            Ингэж амьдарч байхаар үхчихье гэж шийдэн

            Исгэрсэн шуурган дундуур хөл нүцгэн гүйлээ

            Хээрийн зэрлэг чонотой шөнө таарчихаад

            Хэсэг балмагдан зогсохдоо ийнхүү нулимс унагалаа

Хүүхэн хэмээх алдрын турьхан бүхнийг шингээсэн

Хорьхон насанд минь учирсан хонгор цайлган хань минь

Хээнцэр цэцэг шиг яваад чиний өвөрт хагдарсан

Хэвлүүхэн залуу насны оч бадраасан амраг минь

            Өвлийн хүйтэн шөнө хээр хөлдөж үхлээч

            Өлсгөлөн чонын ходоодыг халуун сэтгэлээр цатгавч

            Буйдан хөх замбуулинд чамд л хайртай байсан

            Бударсан цасан дунд чамайгаа л хайралсаар...

Бодролд хөтлөгдөн зогсохдоо гэнэт үрээ бас ханиа саналаа

Бүүдгэр өглөө тэд минь хүйтэн гэрт босох нь ээ

Бүгээн цайгаа оочиж халаасан хоол идэх нь ээ

Хиртэй хувцас өмсөж уранхай гуталтай явах нь ээ

Хүмүүсийн нүдэнд тэд минь ад шоо үзэгдэх нь ээ

Хөөрхий гурван алдрай минь өнчрөхийн зовлонд тарчлах нь ээ

            Эргээд гэртээ буцахаар цас манарган гүйлээ

            Исгэм нүдтэй чоно цочин цааш шогшлоо

            Үүрийн гэгээтэй уралдан өрхөө жаахан татлаа

            Үүдээ аяархан татахад хань минь нойрмоглон харлаа

Хөнжилгүй газар хэвтэхэд нь азарган дээлээр хучлаа

Хөл нь хөрчихвий хэмээн ямаан дахаар ороолоо

Архины хагархай шилэнд хөлөө зүссэнээ ч мэдсэнгүй

Алхах гишгэх бүрт цусан зам татууллаа

            Огцом толгой эргэн гэрийн тавилга хөмөрлөө

            Орны толгой шүүрэн ухаан балартан уналаа

            Удаж удаж сэрвэл эмнэлгийн орон дээр морилж

            Урагшаа хандах хөлгүй эрэмдэг амьтан болжээ би

Хорвоог тамгалах хөлгүй би яаж амьдрах вэ

Хөөрхий гурван алдрайгаа хэрхэн асрах тойлох вэ

Хожимдсон гунигийн цаанаас нулимсан бороо цайрлаа

Хүүхэд хань минь гэж... аянгын гялбаатай ориллоо

            Зутруу намрын бороонд цувгүй норчихсон ч юм шиг

            Зарлигаа уншуулж дуусаад ачигдах гэж буй хоригдол шиг

            Зөөлөн алхаж мэлмэрсээр хань минь ороод ирлээ

            Хөөрхий хоёр үр минь аавынхаа хойноос

            Хорхойссон тэжээлийн төлөг шиг

            Хөлийнхөө хурдаар гүйсээр миний өмнө ирлээ

Ухаарах л гэж амьдралд хүн алддаг

Уярах л гэж хүн хүнээ хайрладаг

Араатан болсон нөхөр нь хөлгүй болсон гэргийгээ

Амьдрах туршид нь халамжлах гэж хөл нүцгэн хөөгөө юу

            Ялзралд орсон биенийхээ алдаа бүхнээс чи минь

            Янгир халихын адилаар үүрд салж хагацав

            Ятга уянгалж яргуй нүдэлтэл намайг хайрлан

            Янзган танхил охидоо хүний зэрэгтэй өсгөвөө

Ахархан биенд минь оногдсон амрагын дээд хань минь

Алдрай хоёр үрийнхээ бахархал болсон эцэг минь

Хөлгүй ч гэсэн жаргалд бялуурсан он цагийн хэлхээнд

Хайртай хайртай байсаар дуусах миний л ганцхан энхрий минь

            Бодол бодолын зулай чиний тухай байдаг

            Бороотой үдшийн сувдан сондор миний мэлмийх байдаг

            Хүсэх хүслийн охь нь чиний л тухай байдаг

            Хүрэн зүрхний лугшилт бүхэн чамаар л ганцхан тэжээгддэг ээ хань минь.

profile