Б.Лхагвасүрэн

Хайрын батлан даалт

Миний чамд хайртай минь үнэн.
Мэн гашуун давс мэт үнэн.
Хур нар хоёрт хат суусан
Эрмэг хэцийн чулуу шиг үнэн.
Хурмастын элгэнд тохиож төрсөн
Эрхсийн зургаан мичид шиг үнэн.

Уулс гаднаасаа бууралтаж
Дотроосоо ургадаг шиг үнэн.
Ус урссаар хөлдөж
Урсаж гэсдэг шиг үнэн.
Миний чамд хайртай минь үнэн.
Он жилүүдийн эгшиглэнт хүлэг морин
Орших оршихуй хоёр хосолсон
Ардын дуу шиг үнэн.
Өнгө сүүдэр ээлжилсэн ертөнцийн
Өдөр шөнө хоёр шиг үнэн.
Дэлхий тэнхлэгээ эргэх шиг үнэн
Дээд шаргал нараа дагах шиг үнэн.
Миний чамд хайртай минь үнэн.
Гантиг болон мөнхөд царцахын өмнөх
Ганц халуун эгши, эцсийн амьсгал шиг үнэн.
Гадаа цантах хүлгийн чих хамайтал чаргаж.
Гараараа тэнгэр самардан хүн төрөх шиг үнэн.
Миний чамд хайртай минь үнэн.
profile