Зүрхэнд хэдийнээ тэрлэсэн хайрын мөрүүдээ урсган
Зүүдэнд учирсан чамайгаа найргийн хэлхээгээр наадуулж
Зүс үзээгүй ханиа дуулан хүлээх учиртай
Зөн билгийн орчлонд сэтгэлийн жолоо хол байна
Чамайг хүлээн удсаныгаа жаргалд тооцон баясаж
Далай хайрыг чинь хүртэх хувьтайгаа бас мэдэрч
Зуурдын боловч хэн нэгэнд сээтэн хаяж үзээгүй
Зулай нимгэн дурлалд өлмий бат зогсном
Эмзэг сэтгэл хөрсөн ч үнэн хайр үгүй бол
Энгэр зөрүүлэх ёсон бүсгүй хүнд үгүй
Одоо хир учраагүй яваа чамдаа гомдсон ч
Охин биеэ хүний өвөрт найр тавиагүй явна
Сэтгэлд ширээгдсэн хайр энэ биеэрээ долгилж
Сэмхэн цохилох зүрх хосоор юм шиг булиглахад
Зүрх түгших агшинд уруул шүргэн өнгөрсөн
Зүүдний юм шиг учирлыг ухаарч ядан дэнсэлнэм
Нойр хулжсан шөнөөр тэнгэрийн одод айлгүйтэж
Нойтон сормуусанд минь бөнжийх нулимсанд минь тольдож
Эрийн гар хүрээгүй ангир цээжээ тэврэн
Эрхгүй хүсэх жаргалаа бодлын үзүүрт дагуулна
Ханиа дагуулан үрээ тэвэрсэн бүсгүйн жаргалд
Хар санаж атаархсандаа уйлж би хэвтэхгүй ээ
Халуун сэтгэл минь нэг л удаа дурла гэдэг болохоор
Хажууд байгаа хэнд ч гар сунгаж зүрхлээгүй
Нэг л мэдэхэд шувуу шиг нисээд ирэх хайраа
Нэхэл дагал болгон урьдаж би үргээхгүй ээ
Зая түшсэн ханийн энгэр түшсэн жаргалд
Замбуу тивийн ёсонд тэгтлээ би яарахгүй ээ
Унаган хайраа хүртээх гэж чамайг би хүлээнэм
Учрал хайраа билгэдэн чамайг би үгүйлнэм
Хүрээд ирсэн хайраа жаргал гэж баярланам
Хүсэн хүлээсэн сэтгэлээ хоёргүй гэж амалнам
Уруул даван тэр бүр унаад ирдэггүй
Учирсан болгонд тэр болгон дайж явуулдаггүй
Ганцхан чамайг хэлэхэд өөрт чинь хосгүй сонсогдох
Гал халуун үгээр зүрхийг минь чи ундаалаарай
Дусал бүхэн үнэгүй сувдан хэлхээг минь түүж
Дурлал дуулах хуурын уян чавхдас хийгээрэй
Насны хань надтайгаа эн тэнцүү хайрлаж
Найраг шүлгийн минь мөрүүдийг зүрхэндээ бас хайрлаарай

</meta></meta></meta></meta>
profile
Дэрвэж нисдэг шувуу болоосой
Дээрээс чинь үргэлж харах юмсан
Өөрийн чинь дуртай сүрчиг болоосой
Өвөрөөс чинь үргэлж үнэртэх юмсан