ЭНХБАЯР.         УРТЫН ДУУ

             

Сайвар жороо морины задгай дэргэх хатираанд

Салхин хээтэй тоос нь сүүл даран хөвөрнө

Сар нарны өртөөнд зовлон жаргал халихуй

Сав ертөнцийн ай түрж уртын дуу мэндэлнэ

       Зуун зууныг дамжин мөхөлгүйеэ оршихуйн бэлгэдэлтэй

       Замбуутивийн элгэнд л мөнхөд тасрахгүй эгшиглэгч

       Цагийн урсгалд зүлгэгдэн улмаа гэрэлтэн гялалзах

       Цахиур чулуун дундах эрдэнийн ганц очир шиг

 Домог түүхэнд үлдэн ертөнцийн чихийг дэлдийлгэсэн

Догшин морьдын үүрсэлт нь гурван голдоо дуурссан

Хангай,Говь,Тал тэгш хосолсон өлгий

Хамаг Монгол туургатанд л Бурханаас хайрласан бэлэг ээ

       Хүйлэн цэнхэр дэлхийн орой мэргэн суутнууд

       Хүний бүтээлийн манлайг орон орноос цуглуулахдаа

       Хөг аялгууны гайхамшиг уртын сайхан дууг минь

       Хүмүүний чадлаас тасарсан тэнгэрийн хишиг хэмээсэн

Цадиг түүхийн тоосноос мартагдсан дурсамж сэргээж

Цанхир хуурын эгшиг хөллөн дов толгодыг хэдрэхдээ

Цуутай Эзэн Богдын морин төвөргөөнөөр ай хийж

Сүүтэй мөнгөн аяга дагаж найрын түрлэг эхлүүлдэг

       Унаган багын амьдралаа зүүдээр нэхэн дурсаж

       Утааны үнэр хүлгийн тоосыг салхиар тэмтчин хайхад минь

       Уртын дууны аялгуу  самсаа шархируулан шуранхайлж

       Ухаарал хайрын тавиланг надтай хамт аргамждаг

Сайвар жороо морины задгай дэргэх хатираанд

Салхин хээтэй тоос нь сүүл даран хөвөрнө

Сар нарны өртөөнд зовлон жаргал халихуй

Сав ертөнцийн ай түрж уртын дуу эгшиглэнэ

 

              2006-12-29     Сөүл     Энкел