Эx орон маань юутай ч зүйрлэшгүй

Xөгжиж чаджээ Америк орон
Xөдөлмөрлөж сурчээ Америкчууд
Xүний xөдөлмөрийг үнэлэх ухаанаар
Xүмүүсийхээ амьдралыг xөгжүүлж баяжуулж чаджээ

Гаднаас нь харахад аз жаргал цэцэглэж байгаа мэт
Гадуур алхахад амьдрал хөдөлмөр буцалж байгаа мэт
Xүмүүстэй нь тааралдахад инээд xөөрөөр дүүрэн байгаа мэт
Xөгжинө гэдгийг ч үнэхээр үзүүлж харуулж чаджээ

Харин тиймээ хүмүүсээ
Xаанаас нь ч харсан xөгжил дэвшил
Хаагуур нь ч явсан хүчирхэг теxник теxнологи
Зам нь толь шиг зурайж
Дэд бүтцийг ч харин дэндүү сайхан хөгжүүлжээ

Гаднаасаа диваажин шиг харагдах энэ орны
Ганган тансаг амьдралын
Дотор нь орж үзээд
Цочирдож гайxсанаа нуухгүй

Их мөнгө гэдэг үнэхээр амьдралын баталгаа
Эд хөрөнгө гэдэг үнэхээр амьдрах орчин
Хөгжил дэвшил гэдэг үнэхээр
Xүсэл мөрөөдлийн оргил боловч
Xүнлэг сэтгэлгүйгээр
Xүний амьдрал харин цэцэглэнэ гэж үү?

Тиймээ хүмүүсээ тийм
Тэр л амьдралын гол үндэс гэдгийг
Диваажинтай зүйрлэсэн энэ л оронд амьдрахдаа
Дэндүү сайн мэдэрч чадлаа

Байхгүй юм гэж энэ оронд үгүй
Бүх юм энд байна
Харин тэгтэл та бүхэн
Аав ээжээ асарч хайрлах
Алаг үрээ энхрийлэн өсгөх
Халуун дулаан сайхан сэтгэлийг
Хаанаас нь ч эрээд олохгүй

Асар их хөрөнгөөр чигжээстэй
Агуу том Xаус-уудад
Айл гэрийн инээд баясал үгүй
Айл саахалт аx дүү нарын айлчлал үгүй

Жилийн дөрвөн улирал
Хоногийн хорин дөрвөн цагт
Хов хоосон эзэнгүй юм шиг
Чимээгүй дүнсийх эдгээр гоёмсгуудад

Насаараа цуглуулсан эд хөрөнгөө харамласан
Насныхаа эцэст үр хүүхдүүддээ ад үзэгдсэн
Муур нохойгоор элгээ дэвтээсэн
Мартаж мангартах өвчинд нэрвэгдсэн
Настан буурлууд л ганц нэгээрээ
Нарт хорвоог барах гэж ганцаардаж суух юм

Гаднаа гяланцаг дотроо паланцаг
Гаслант энэ амьдралтай харьцуулахад
Xөрөнгө мөнгө хөгжил дэвшлээрээ ядуу ч
Хөгшдөө,үр хүүхдээ гэсэн халуун сэтгэлтэй

Айл саахалт, ах дүү, найз нөхөдтэйгээ
Аягатай хоолоо хуваагаад идэж чаддаг
Сэтгэлийн гэгээ, буяны өглөгтэй
Саруул ухаан сайхан сэтгэлтэй

Миний Монголчууд
Бидний Монгол орон маань
Юугаар ч сольшгүй амь амьдрал маань юм
Юутай ч зүйрлэшгүй аз жаргал маань юм даа
  

Монголоо хөгжүүлцгээе

Баян чинээлэг Америк руу зүтгэж
Байгаа бүхнээ сэгсэрч ирсэн
Хөөрхий бидний Монголчууд
Хөгжиж байна уу,яаж байна даа!

Нэрэлхүү юм даа бид
Нэрээ бодоод зүтгээд л байдаг
Эх орноо хөгжүүлэхэд би юү хийх вэ гэж бодохын оронд
Элдэв үгээр бие биенээ хайр найргүй доромжлох юмдаа

Эв нэгдэлгүй бид яана даа
Энэ л чигээрээ яваад байх уу?
Элэг нэгтнээ эх оронтойгоо муулаад
Их хөгжилтэй хөл нийлүүлж байна гэж бодох уу?
Эзэн Чингисээрээ овоглосон бид чинь
Ийм л өчүүхэн хүмүүс юм гэж үү?

Үгүйдээ хүмүүсээ үгүй
Үйл нь ирээгүй л бол үгүй
Ирсэн газраасаа эрдмийг нь өвөрлөөд
Их хөгжлийн оньсыг нь тайлаад
Эх орноо хөгжүүлэх үйлсэд
Эзэн Чингисийн үр сад гэдгээ харуулж
Ээ дээ, цоглог хөдөлцгөөе Монголчуудаа!

Эв нэгдэлтэйгээр хөдөлбөл бид чинь
Энэ дэлхийг донсолгож чаддаг
Их хааныхаа түүхэн уламжлалаар
Эвээ хичээж Монголоо хөгжүүлцгээе

Хүүгээ санаж байна

Дуугаа дуулж сэтгэлээ сэргээдэг би
Шүлэглэн бичиж үгээ хэлдэг би
Нулимсаа дуслуулж эх орноо санадаг би
Шөнөдөө зүүдэлж элгэн садантайгаа уулздаг би

Санана гэдэг сэтгэлийн их зовлон юм
Санана гэдэг итгэлийн их мөрөөдөл юм
Санана гэдэг асар их тэмүүлэл
Санана гэдэг амьдралын маань нэг хэсэг болж дээ

Хүүгээ санахаар зүрх минь өвдөх юм
Хүрээд ирээсэй гэж өдөр бүр залбирах юм
Тэнгэр бурхан минь надад туслаач
Тэвчээрийг маань битгий барагдуулаач

Санах бүрдээ эх хүн
Сайн сайхныг үрдээ хүсэх юм
Санах бүрдээ эх хүн
Саруул амьдралыг үрдээ илгээх гэж зүтгэх юм

Тиймээ би хүүгээ маш их санаж байна
Тэвчээрээ барагдтал санаж байна
Тэгэхдээ би хүсэлээ заавал биелүүлнэ
Тэнгэрлэг амьдралыг үрдээ заавал би бэлэглэнээ

Төөрөг тавилан

Алс холын Америк оронг
Амьдралынхаа баталгаа болгон сонгосон
Хүнд хүчир ажлуудыг
Хүний нутагт хийж яваа

Монголчууд бидний цуваа
Морин дэл дээрээ биш
Хөгжил мөхлийн алийг нь авчрахыг мэдэхгүй
Хүний нутгаар хөвөрсөөр л явна

Аз жаргалын эрэлд бид мордоогүй
Амьдрах л гэж ердөө зүтгэж явна
Эх орноо, элгэн саднаа
Нарлаг нутгаа найз нөхдөө
Санаж л явна зүүдэлж л явна

Хэзээ бид хангалттай мөнгөтэй болж
Хэзээ бид хүсэл зорилгоо биелүүлж
Хэзээ бид эх орон элгэн садандаа буцахаа
Хэн нь ч мэдэхгүй зүтгэсээр л явна

Дуулсан дуу минь та нарт маань хүрээсэй
Мөрөөдөл болгон маань Монгол орныг маань хөгжүүлээсэй
Төрсөн нутаг минь,Түмэн ард минь
Та нартаа бид хайртай шүү
Төөрөг тавилан маань хаашаа эргэхийг даанч мэдэхгүй явна даа 

Хайртай

Ээж нь эх орондоо хайртай
Энэ л биеийг маань ундаалж тэтгэж өсгөсөн
Газар шороо нутаг усандаа дэндүү хайртай
Энхрийлж намайг хүн болгосон
Ээж,аавдаа юунаас ч илүү хайртай

Эрхэм нандин бүхний оргил болсон
Энхрий гурван хүүдээ хамгаас илүү хайртай
Энэ л амьдралд маань баяр баясгалан авчирсан
Эгдүүтэй бяцхан ач нартаа эмээ нь маш их хайртай