Аав, ээж хоёр минь малч удамтай ч, хот хүрээ бараадсан сэхээтэн айл билээ. Хүүхдүүд бидний гар ганзаганд, хөл дөрөөнд хүрсэнтэй зэрэгцэн, настан буурал эмээ минь ная гаран насыг зооглосон тул нутаг усаа бараадах хүсэлтэй, бас  өсгөсөн хэдэн ач, зээ нь гараас гарсан. Ийм байхад, сард нэг тохиох тэтгэврийн хэдээ үрэхээс өөр ажилгүй, угаартай агаарт, уцаартай зурагт шагайн бухимдаж суухаар гээд түрүү жил эмээгийн нутгийг бараадан нүүдэллэсэн юм.

Тэртээ 40 жилийн өмнө эмээ минь хэдэн хүүхдийнхээ хамт өвөлжөөлдөг байсан тэр газрыг сонгон, энд л нутаглая хэмээн уул усны эздээс газар гуйж, буурь төвхнөсөн. Хөдөө газар малгүй бол өдөр өнгөрөхгүй, бас гэдэс цайлгана хэмээн нэлээд холоос  тугалтай үнээ, байгаа нутгаасаа бас нэг тугалтай үнээ авч малласан юм. Олон бол дэмий, мал дагаж мэдэх биш, багаас нь бас ядралгүй эхлэе гэцгээж байсан цаг саяхан. Голын шугуй захлаж зуссан аавынх дороо л тохижсон.

Хоёр тугалаа аргамжихгүй бол дасаагүй нутагт эх идээшихгүй, нутгаа гүйх аюултай. Ангаж, өлдөх вий, ялаанд бариулах вий, гэж өдрийн хэд аргамж солин модны сүүдэр бараадуулна. Малаа гэх ээжийн арчилгаа мундаг. Эвий минь, гээд л халуунд аргал уугиулан, ялааг нь үргээж хүзүүг нь маажин зогсдог. Тугалдаа ээрэгдэх үнээнүүд хоёр биедээ таарамж муутай ч өвөл нэг саравчинд хамт байсных уу,  намайг сая очиход бие биеэ бараадаад нэг айлын мал болжээ.

Хоёулаа хээлтэй, нэг нь дэлэгнээд тугалах дөхчихлөө. Мал эх барьж үзээгүй хүн будилнаа, яанаа хэмээн  сандарч суусан ээждээ зав багатай хэмээн, гуйлган байж очдог би гэдэг том толгой хүүхдийн баярыг тохиолдуулан, тэр гуравтаа  зүсээ үзүүлж " гийгүүлэв ".  Өглөө унтаж, орой нь тугалаад удаагүй үнээгээ саан, өдөрт тарьсан ногоог нь услах зэргээр амралтын 3 хоног харвасан сумнаас хурдан өнгөрөөд л.... Тэгтэл  алсыг харуулдан гадаалж суугаа аав хэлж байнаа.

Мал ухаантай юм аа, энэ малууд чинь гаднаа үстэй ч хүн шиг ухаан гаргахын, гээд ийнхүү хуучлав.

...Тугаллах дөхсөн үнээгээ өглөө гаргаад туусан гэнэ. Гэрээс нээх холдуулалгүй орхиод, гэр  зуурхаа эмхэлж байтал түрүү жилийн тугал, энэ жил бяруунууд  гэрийн баруунтай мөөрөлдөөд байж. Өглөө бэлчээрлээд холдсон хоёр хэзээдээ гадаа ирчихэв? Өвөл бол ус уумаар болбол бэлчээрээсээ ирэн, мөөрч дуудаад, усаа уугаад явдагсан хэмээгээд аав тоогоогүйн байна. Ээж гарч орох завсараа нэг хартал өнөөх 2 баруун урд зүг рүү моодойтол чавхдаж харагдаж.

Ялаа гарах болоогүй байхад, юундаа оодроо юм болоо гэсээр  гэрт орж хэсэг байтал урдхан саахалт нутагладаг айлын хүн утас цохин, танай үнээ болтой, манай хойно тугалчихсан харагдана гэжээ. Аав, ээж хоёр заасан зүг рүү алхсаар очиход, үнээ маань тугалаа долоож зогсжээ. Харин өнөөх  хоёр хэл дуулгагч  хажууханд нь бөөрөө нийлүүлээд" гайхчихсан " зогсож байв гэнэ.

Ээж, аав бид хоёрын ярианд оролцон, мал гэж ухаантай юм. Эхлээд би ч тоогоогүй, гэтэл яахын аргагүй  хоёр бяруу минь, гэрийн гадаа ирж хэл дуулгасан даа. Учир зүггүй мөөрөлдөөд, гарч харангуут дагуулах гэсэн мэт хар гүйхээрээ чавхдаад явчихсан. Ёстой сонин гэж байна. Аав бол бодь хүн. Олон юм ярихгүй. Харин ээж их ажигч. Тэгсэнч барин тавин ярьдаггүй, аливааг олон талаас нь авч үзэж байж, нотолгоотой гэж үзвэл сая ам давуулдаг үгтэй хүн.

Хүн гэгч байгалийн бүтээгдэхүүн ганцаараа ухаантай юу?

Эзэндээ ээлтэй мориний домгууд, хүний хүүхдийг хөхөөрөө хооллож өсгөсөн эмэгчин чонын түүх, дайны жилүүдэд дельфиний гүйцэтгэсэн үүргүүд гээд л... хүн бид ганцаараа ойлголцдог оюун ухаант амьтан биш бололтой.

                     
 

Юу бодож буйгаа анхаарч бай

учир нь бодол үг болдог

Юу хэлж буйгаа хянаж бай

учир нь үг үйлдэл болдог

Юу хийж буйгаа анхаарч бай

учир нь үйлдэл зуршил болдог

Юуг үргэлж хийдгээ анхаарч бай

учир нь зуршил зан чанар болдог

Зан чанараа анхаарч бай

учир нь зан чанар


ХУВЬ ТАВИЛАН болдог