Авшигтан О.Ганболд
УБ хот. 2008.12 сар

Зоог өрсөн баярын ширээнд чинь
Зочин болж зохицож чадахгүй нь
Дотор орших Бурхан минь үргээд
Домогийн талд туйлах гээд байна.
Өхөөрдөм бяцхан тооройг минь
Өрцөлж тамлаад юунд шарав
Шанз ятгын эгшигтэй амьдралд
Шандуурсан сэтгэл амь тавих дуун дутлаа гэж үү.
Өдийг нь зумлаад алтан залаатыг
Өндөгтэй нь хамт чанасан байх чинь
Өөрөөс чинь түрүүн нартай мэндэлж залбирдагт нь
Үртэй үндэстэй нь шийтгээ юу.
Алаг үнээний хэл өндөр зэрэглэлийн зууш гэнэ үү
Аврал эрж амь тасрахдаа чамд найдсаар л байсан
Баярын ширээ чинь бойны газар шиг байхад
Буянтны дүрт чи эрлэгийн элч шиг харагдаад байна
Анд минь чиний орчин эзгүйрхэнэ
Алаг нүд минь ч хүрмээ хайж байна
Анд минь чамайг Бурхан өршөөг
Аавынхаа хойт дүрийг идчихээгүй л байгаасай
Зовлонг чухам юугаар амталчихаад
Зоог барих гэж зочид урьсан юм бэ?