Оруулсан bataka




Сандал өгүүлрүүн:

Би ч зовлонтой нь зовлонтой л доо. Хэн нэгэн дээр минь сандайлахдаа зүгээр байна гэж ер үгүй. Хөл гарын минь хугалчих шахаад л нааш, цааш нь санжигнуулж гарна. Заримдаа эзэн маань эхнэртээ уурлахаараа хэмхэртэл минь өшиглөнө. Тэгэхэд бэрх өдөр ч их таарна даа. Гэхдээ тэр тухай яриад яах вэ ? Эзний зовлонгийн дэргэд миний зовлон юу ч биш. Та нар мэднэ шүү дээ ! Манай эзэн гэж нэг арчаагүй амьтан цаас цоохорлохоос өөр юу ч хийж чаддаггүй гэж.



Ширээ өгүүлрүүн:

- Тэр тухай би чамаас сайн мэднэ шүү ! Чам дээр сандайлчихаад намайг ноолж гарахдаа юу хийдэг гэж санана. Нэг бол хэнд ч хэрэггүй утгагүй үгс бичнэ. Нэг бол ямар ч утгагүй дүрс зураад л сууж байдаг юм.

Үзэг өгүүлрүүн:

- Та нар яаж ойлгох вэ дээ. Эзэн шүлэг бичэж байгаа юм. Эсвэл шүлгэндээ тааруулсан зураг зурж байгаа юм. Заримдаа ч сэтгэл хөдөлмөөр утгатай үгс бичнэ шүү дээ. Заримдаа ч яахав аахар, шаахар зүйл бичиж байдаг юм. Харин нэг удаа мөнгө, мөнгө гээд л өдөржин бичсэн. Ямар ч утгатай юм бэ, бүү мэд.

Хана өгүүлрүүн:

- Ойлгомжтой шүү дээ. Эзэн цалин багатай болохоороо л тэгж байгаа юм. Би олон эзний царай харсан учраас сайн мэдэж байна. Мөнгөтэй эзэн бол огт тийм юм ярихгүй, харин мөнгөгүй эзэн бол сав л хийвэл мөнгө, мөнгө гэнэ. Урьд нь би энэ эзэн шиг цалин муутай эзэнтэй байсан. Тэр нөхөр юм л болбол: “- мөнгө, мөнгө” гээд л үглэдэг байсан. Уур нь хүрэхээрээ хашгичаж гарна. Түүний мөнгө, мөнгө гэж хашгичах дуу нь заримдаа сонстох шиг болдог юм. Би тэр нөхөрт үхтэлээ залхсан. Яаж нэг энэ амьтнаас салая даа гэж өдрийн бодол шөнийн зүүд болдог байсан. Ашгүй тэгтэл тэр нөхөр явж санаа амрасан. Түүний мөнгө, мөнгө гэж үглэх нь заримдаа зүүдлэгддэг шүү. Энэ эзэн харин хашгирдаггүй бичдэг юм байна.

Хаалга өгүүлрүүн:

- Манай эзний охин их ааштай байх аа. Юм бол эзнийг “аав арчаагүй, өөдгүй” гэж загнах юм. Эзэн арчаагүй юм л байгаа биз тэглээ гээд намайг нугасаар минь салтал саваад байхдаа яах вэ дээ ? Эзэнд л уураа гаргадаг юм байгаа биз.

Тааз өгүүлрүүн:

- Чиний нугас салчих шахдаг юм байгаа биз. Хана чамайг дагаад доргиод миний элэг өрцийг цөмлөх шахдаг юм.

Хана өгүүлрүүн:

- Бид хэдийн зовлон ч гайгүй ээ. Манай энэ эзэн юм юманд санаа зовдог байх. Заримдаа элий балай хүн шиг намайг цоо ширтээд суучихдаг юм. Би нүдийг нь харж чадахгүй дальдраад байдаг юм. Тэгсэн хэрнээ зовлонгоо найз нөхөдтэйгөө хуваалцахгүй юм аа. Ингэж байгаад галзуурвал яана. Зовлонгоо ах дүү, найз нөхөдтэйгөө хуваалцаад тайвширмаар юм.

Цонх өгүүлрүүн:

- Эзэнд олигтой сайн найз ерөөсөө байдаггүй байх аа. Дээр хамгийн сайн найз нь гэсэн байх аа нэг өндөр шар залуу эзнийг байхгүйд нэг хүнтэй цуг муулж, муулж байгаад л явсан шүү. Аягүй бол тэр нөхөр эзнийг хаа явсан газраа муу муухайгаар нь ярьж нэр хүндийг нь унагадаг байх шүү.

Шал өгүүлрүүн:

- Тэр ч үнэний ортой байж мэднэ. Саяхан эзэн маань ганцаараа юм бодож, бодож сууж байгаад чимээгүй нулимс унагаж байна лээ.

Үнсний сав өгүүлрүүн:

- Та нар эзнийг зовж байна, зовж байна л гэх юм. Тэгэтлээ зовоод байгааг нь би лав харахгүй байна. Харин эзэн намайаг өдөр бүхэн л тарчилган зовоож байна. Тамхи татсан шиг татчихгүй халуун цогоор нь хамаг нүүр, амыг минь түлж гүйцлээ. Та нарыг ч гэсэн эзэн зовоож байгаа шүү дээ. Эзний зовлонг биш өөрсдийнхөө зовлонг ярьцгаая л даа.

Хөшиг өгүүлрүүн:

- Бид өөрсдийнхөө зовлонг байнга л ярьцгаадаг шүү дээ. Бид олуулаа учраас сэтгэл санаагаа хуваалцаад болоод л байна шүү дээ. Харин манай эзэнд олигтой ах дүү, хамаатан садан алга. Ганцаардаж байгаа л амьтан шүү дээ. Тэгээд ч эзэн бидний хэлийг мэдэхгүй учраас бидний зовлонг мэдэхгүй шүү дээ.

Үнсний сав өгүүлрүүн:


- Бид эзнийг юу ярьж байгааг ойлгож байхад, эзэн биднийг ойлгомоор юм.

Сандал өгүүлрүүн:

- Тэртэй тэргүй эзэн нэг өдөр нас нөгчөөд бидний хэн нэгний ах дүү болж ирнэ. Тэр үед эзэн тэртэй тэргүй бидний зовлонг ойлгож л таарна. Харин бид эзнийг хүн байхад нь зовлонг нь ойлгож байх хэрэгтэй л байхгүй юу !





profile

Биe биeнээ хvсэн мөрөөдөж санан дурласан хайр, хэзээ ч хувирдаггvй...