Оруулсан bataka


Эх хүн гэж
Миний ээжийг хэлдэг
Ээжээ гэж дуудах үр нь би байдаг
Энэ орчлон нь өөрөө
Эх хүний ертөнц байдаг

Газар дээрхи
Ганц гэрэл гэгээ нь эх хүн байдаг
Гарцаагүй үнэнийг олж хэлдэг
Гайхамшигт үг эх хүнийх байдаг
Гал усыг эвлүүлдэг
Гагцхүү ид шид нь эх хүнийх байдаг

Төрүүлж өсгөсөн заяа нь эгэлгүй байдаг
Түшиж өндийхөд эх хүний хайр дэм байдаг
Түгдчиж алхахад урмын үг нь тэнцвэр болдог
Түгшиж айхад нөмөр ивээл нь байдаг

Унаж бүдрэхэд сэтгэл нь газар зөөллөдөг
Уйлсаар очиход нулмис сэврээх шидтэй байдаг
Урмын үг нь бурам шиг байдаг
Ухаан тэгширүүлсэн үг нь сургаал байдаг

Сүү сэтгэл хоёр нь цагаан байдаг
Сүсэг бишрэл гэгээн байдаг
Сүүдэр газар ч нартай байдаг
Сөгдөж суугаад залбирмаар байдаг

Гаслан хяслан хорвоогийн
Ганц аврал нь эх хүн байдаг
Гамшиг аюулыг сөрөх
Ган хатуу зориг эх хүнд л байдаг
Гал усан дундаас бүтэн гарах
Гарцаагүй амьдралын ухаан эх хүн байдаг

Дуун аялгуу нь бүүвэй байдаг
Дундаа тасардаггүй аялгуу байдаг
Дуулж суугаа нь элбэрэл байдаг
Дууны дахилт нь сүү байдаг

Бараан нөмөрлөсөн ч гэгээн дүртэй байдаг
Бачимдаж орилсон ч тайвшруулах үгтэй байдаг
Зовлон туулахад эх хүн зориг нь байдаг
Зорилгод хүрэхэд нь гүүр нь байдаг


Эх хүн гэж
Үртэй хүнийг хэлдэг
Үеийн үед байх үргэлжлэл байдаг
Үрдээ дуудуулах нэрийг нь ээж гэдэг

Эх хүн бурхан биш ч
Элбэрэл хайр нь ид шид байдаг
Эмч домч биш ч
Эдгээх анагаах нь дом байдаг
Эгэл жирийн л хүн

Үнэний төлөө худалтай эвлэрдэггүй
Үрийнхээ төлөө өөрөө өвддөг
Үхлийн өмнө ирсэн ч
Өөрийнхөө төлөө бус
Үрийнхээ л төлөө шаналдаг

Хариу нэхээгүй сэтгэл нь сүү байдаг
Халамж хайр нь амь байдаг
Харж суухад бурхан байдаг
Хайрлаж санахад шүтмээр байдаг

Эх хүн гэж
Энэ амьдралын эхлэл байдаг
Эцсийн зогсоолгүй үргэлжлэл байдаг
Энэ цагийн аврал байдаг

Үгийн үзүүрт нь сургаал байдаг
Өгүүлбэрийн төгсгөл нь ухаан байдаг
Үнсэлт бүхэн нь
Үнэний төлөөх урам байдаг

Алдаан дундаас амьдралыг ялгах
Арга ухаан нь эх хүнд л байдаг
Аз жаргалын замаас зовлонг холдуулах
Авъяас нь эх хүнд л заяадаг

Эрийн цээнд хүрсэн ч
Эх хүн бүрт үр нь нялхаараа байдаг
Элэгдэж эмтэрсэн ч
Эцсийн ганц амьсгал нь үрдээ л байдаг
Ээдрээт амьдралын эсрэг
Ирлэж хурцалсан сэтгэл байдаг

Бурхан биш ч эх хүний
Бүтээсэн бүтээл нь
Бүхний эхлэл амьдрал байдаг
Буян хийсэн тус нь
Бурхан шүтээнээс ч илүү
Булайг нимгэлж
Бузрыг арилгасан ухаан байдаг

Буртаггүй сэтгэл нь
Бусдын төлөө шаналсан
Буяны мөр байдаг


Эх хүн гэж
Энэ биеийн үндэс байдаг
Ирж буцах хорвоогийн үргэлжлэл байдаг

Эцэг хүний хайр нь байдаг
Элбэрэл буяны даллага байдаг
Эндэх алдах нь үгүй байдаг
Ирээдүй цагийн эхлэл байдаг

Ахадсан ачаатай хэрнээ
Амьдралд хөл алддаггүй
Арга ухаантай
Ихэдсэн гэмээр тавилантай хэрнээ
Энэ бүхэндээ түүртээгүй
Эх хүний ухааныг шүтмээр байдаг

Тэнгэр их заяа нь эгэлгүй байдаг
Тэвчээр хатуужил нь гайхмаар байдаг
Тэнцүү биш эр эмийн тавиланд
Тээж төрүүлэх их хувь нь

Эх хүнд л олдсон
Эгэлгүй нэгэн заяа байдаг
Эхлэлээсээ аваад төгсгөл хүртэл
Эх авсан ундрага шиг байдаг

Үхэл амьдралын зааг дээрээс
Үрдээ биеэ хуваасан ачий нь
Үнэлж цэгнэх аргагүй байдаг

Үүрд ханийн түшиг байх заяа нь
Үргэлж гэгээн байдаг
Үдийн нарны илч шиг
Үнэнч хайр нь дулаан байдаг

Хол ойрын газрыг сэтгэлдээ багтаасан
Хорвоогийн амьдралын эхлэл байдаг
Хосоор амьдрах тавилангийн
Холдох аргагүй
Хоёр амины нэг нь байдаг

Эх хүн гэж
Монголын бүх ээжийг хэлдэг
Эх орны минь үндэс болсон
Энэ ачтангуудыг эхчүүд гэдэг
profile

Биe биeнээ хvсэн мөрөөдөж санан дурласан хайр, хэзээ ч хувирдаггvй...