Оруулсан bataka




Өвгөдийн сүнсний өмнө
Нүүр улайхгүйн тулд
Өөрөөн өнөөдөр
Нүгэлгүй явах юмсан

Зүүд нойрон дунд сүнс сүүдэр минь улиран баларсан он жилийн тэртээгүүр хэрэн нисч юуг эс үзэж, юуг эс сонсдог гэхэв. Өнгөрсөн шөнө би зүүдээ манаж хонолоо... Мориныхоо хударга хөмөлдөргөнд алтан товруу гялалзуулж, хүнд нүсэр хуяг дуулгаар өвч биеэ хамгаалан саадаг хоромсго агссан Хүннү их гүрний хан хөвгүүн дэргэд минь хүрч ирлээ. Тэр өгүүлрүүн: “Хүчирхэг их Хүннү улсын хаалга босго хатуу гэдгийг үеийг үед сануулахын тул харийн түмнээр өөрсдөөр нь босгуулсан эртний тэмдэгт Түмэн газрын их цагаан хэрэт гүрэн улсын хаяа хатавчийг заагласан хэвээрээ байгаа юу?” гэж надаас асуулаа... “мэдэхгүй , би мэдэхгүй” гэж чичрэн өгүүлэхэд сахал хөмсгөө сөрвөлзүүлэн хилэгнэж илд рүүгээ гараа явуулав.


Би дуу алдан хашгираад сэрчихэв... “ хэл хил хоёр маань мөнх орштугай!” гэж залбиран залбирсаар дахин унтлаа. Төдөлгүй бас л морин туурай тачигнав. Нар салхинд аяншсан хүрэл царайтай, шар сахалтай, жавар нүдтэй, өтгөс их баатар өмнө минь ирж жолоогоон татлаа. Өвдөг чичиртэл өөдөөс минь ширтэж байснаа “ хоёрхон асуултанд хариулна уу” гэлээ. “айлдагтун” гээд би сөхрөв. “ өвлөсөн үлдээсэн бүх дэлхий газар гэж ярихаа болъё, бүү дальдар! өмнө зүгийн Хатны голоос, өрнө зүгийн Зүлэг мөрөн хүртэлх гүрэн их улсын тэг тэмдэг хаа байна?” гэлээ. “ мэдэхгүй би мэдэхгүй”гэж хариу өчив. “ Эзэнт гүрний хаш тамган дээр сийлж, их улсын цэдэг товчийг туурвисан номын бичиг хаа байна?” гэв ээ. Би юу хэлэхээ мэдэхгүй “Өршөө баатар минь өршөөн соёрх хэмээн Үглэн мөлхлөө. Тэрхэн зуур газрыг холбосон галт цахилгаан гялсхийж, хотол хорвоог ташуурдах мэт аюумшигт чимээ гарахйяа сүнсээ зайлтал айж тархиа даран босон харайлаа. Сая нэг юм сэрж ядан тайвшраад “ Хэл хил хоёр минь мөнх орштугай” гэж үглэн үглэн залбирсаар хөнжилдөө шургав.
Дахиад л нойрны барин тавин орчлонд сүнс минь тэнүүчилж мөн л морьтон нэг нь айсуй. Энэ удаад боржигон хийцийн ганган эмээл дээр жишүүхэн суусан дэгжин эр ялгуун саарал мориороо дөмөлзтөл алхуулсаар дэргэд минь дөрөө мултлав. Бор торгон дээлэн дээр бажгар дурдан ороож бүрх малгай духдуулсан тайжийн угсаат тэр хүнд тэргүүн бөхийн, амрыг айлтгалаа. Тэрээр өгүүлрүүн “ миний нутаг”-н гурван их говь, гурван их нуур, таван их уулс, зургаан их мөрөн тоо ёсоороо биз? “ гэв ээ. Урмыг нь сэргээх сайхан хариу өчих гэтэл надаас урьтан “ Хүний газар зорьдог болохоор нь Хэрлэн, Онон, Туул, Орхон, Сэлэнгэ, Хөхүйн зургаан их гол мөрнөө минийх гэж сануулсан юм. Умардын салхинд урсаж нүүдэллэдэг болохоор нь Мэнэн, Шарга, Номины гурван их говио минийх гэж бататгасан юм. Улсын хил дээсэнд дэрлэж оршдог болохоор нь Хөвсгөл, Увс, Буйр чандмалсан гурван нуураа минийх гэж онцолсон юм. Хөх тэнгэрээн тулж, хөрст дэлхийгээн өлмийдсөн өлгий нутгийн минь таван их багана Хэнтийн, Хангай, Соён, Алтай, Хянганг минийх гэж гэрээсэлсэн юм гэж айлдлаа. “билиг оюунд тань бишрэм үү” нэхэд “Байз” гэж мөрөн дээр минь дарснаа асууж бодлогоширсон, уйтайхан харцаар эгцлэн ширтлээ. Тэгээл “ миний нутаг”-н Соёны уулс хаа байна? Хянганы нуруу хаана байна?” гэлээ. Юу гэж хэлэхээ мэдэхгүй бүлх залгисан юм шиг түгдчин зогстол цал буурал үсээ дал мөрөндөө шүргүүлэн багсалзуулж, цалин мөнгөн сахлаа хоёр тийш нь имхэрдсээр цаст уулын уаган даяанчийн дүртэй номын их өтгөс мэргэн, дээд тэнгэрэс залран бууваа. Намайг эс тоосон тэрээр бардам тэргүүнээ өргөн тайжийн хөвгүүнд хандаж “ Жийдаан Хуушаан гуай та өөрийн бүтээлээн засах болж... эсвэл зарим нэгий нь хасах болж.... нэрий нь хүртэл “ миний нутаг” биш “чиний нутаг”... эсвэл бүр “ тэрний нутаг” гэч байж...” гээд доогтойхон инээмсэглэв. Нүүрнээс гал бутарч, нойрноосоо би сэрэв. Залбирах минь : “ Хэл хил хоёр минь мөнх орштугай”
profile

Биe биeнээ хvсэн мөрөөдөж санан дурласан хайр, хэзээ ч хувирдаггvй...