Гэрлээ шөнийн бүрэнхийд гэрлээ асаахаас ч эмээн гэртээ таг бүгсээр дөрөв хоножээ. Хүнс нь дуусч байгаа хэрэг явдал хэд хоногийн дараа сарнина гэж итгэсээр байсан боловч утсаа салгаад холбоо харилцаагаа тасалсан тул юу болоод байгааг зөвхөн телевизийн дэлгэцээс л харж болох байлаа. Гэвч хэвлэл мэдээллийнхэн энэ талаар үхсэн мэт таг чимээгүй л байцгаах аж. Гэртээ голдуухан нүцгэн байх дуртай Гэрлээ тав дахь хоногийн үдэш шуумгийг нь тайрсан богино жинсэн өмдөө углаад, бие барьсан хар майк өмсөөд түр зүүр салхинд зогсохоор гэрээс гарав. Золбоогийн төлөө хийсэн бүхэндээ айдас нь хүрч байсан ч нэг дор удаан байж тэвчдэггүй зандаа захирагдан гадагш гарахаар шийдсэн нь энэ. Гадаа нэгэнт бүрэнхий болсон тул түүний хувьд хэн нэгнээс болгоомжлоод байх шалтгаан байсангүй. Угаас аливаад тэгтлээ удаанаар шаналаад байдаггүй энэ зан нь түүнийг тогтворгүй хүн болгон хувиргадгийг Гэрлээ өөрөө ч сайн мэдэхгүй биз. Гэрлээг орцныхоо хаалгаар гарахад өөдөөс намрын бүлээхэн салхи сэвсхийгээд цаанаа л таатай агаар угтан авав. Тэр тэнгэр өөд шунамхайран ширтээд цээжиндээ гүн гэгч агаар сорон аваад орон сууцнуудынхаа дундуур аажуухан алхав. Бүсгүйн зэгзгэр нарийхан хөл, гоолиг цагаан хүзүү нь богинохон цээживчний цаанаас нүд булаам харагдана. Салхинд хийсэх үсийг нь хэн нэгэн гараараа илбээд авах шиг таатай зөөлөн салхи, хүзүү хоолойг нь гижигдэх ажээ. Нийслэлийн урд дүүрэгт шинээр баригдсан энэ хороололын орчин тойрон цэвэрхэн агаад агаар нь тунгалаг тул хүмүүс бүгд л тагтан дээрээ юм уу, орцныхоо үүдэнд тухалж, хүүхдүүд шөнө дөл хүртэл гадааг эмжин дуу хадаана. Яагаад ч юм энэ үдэш Гэрлээ Золбоогийн хиргүй тунгалаг, бишрэнгүй харцыг ихээр үгүйлж, нүүр өөд нь ямар ч элдэв булингаргүй янзаар ширтэж байдаг нь санагдав. Тэр одоог хүртэл өөрийгөө Золбоод хайртай байсан эсэхийг олж мэдээгүй л санагдана. Хэдийгээр хөнгөмсөг зантай ч бүсгүй хүнийхээ өр зөөлөн зангаар Золбоогийн тусын тулд жаахан хэрэг тарьчихсан ч тэр энэ гавьяагаа мөн л тэгтлээ хэрэгсэж ойлгоогүй байлаа. Тиймээс саяхан айж, дагжиж байсан тэр уур амьсгал сэтгэлээс нь хэдийнэ алга болжээ. Одоо Гэрлээд шинэ адал явдал, шинэ дурлал л үгүйлэгдэнэ. Нэгэнт хийсэн хэрэг, сэдсэн санаа нь таалагдаагүй тул Гэрлээ Сумхүүг сэтгэлээсээ арчаад хаячихжээ. Ор хөнжлийнхөө ажилд Золбооттой зүйрлэмгүй гавшгай хэдий ч могой мэт хар дотор луу өнгийн хараад өнгийг нь мэдэж амжисандаа Грэлээ ихэд олзуурхах байртай яваа нь энэ. Хүрээд ирэхээр нь хөөгөөд явуулах маягийн юм бодсон шигээ алхалж байсан залуу бүсгүйн дэргэд хар шилтэй урт хар машин тоормос даран гэнэт зогсов. Машины шил онгойгоод нэгэн сайхан залуу цухуйхыг хүлээж зогссон Гэрлээ инээмсэглэхэд бэлдэн зогсов. Гэнэт нэгэн хүчирхэг чанга гар хүзүүн дээрээс нь дараад машины дөнгөж онгойсон хаалгаар сурамгай нь аргагүй чихээд оруулчихав. Дуугарч ч амжилгүй ийнхүү гэнэтийн довтолгоонд өртсөндөө болоод Гэрлээ хий л гар, хөлөө сарвалзуулан тэмцлээ. Араас нь тэврэн өвөр дээрээ суулгасан нэгэн бүдүүн эр, -Бүсгүй минь, дуугүй байхгүй бол хоолойг чинь багалзуурдаад хаячихна шүү гэж зэвүүн өнгөөр хэлэхэд Гэрлээгийн бардам хэгжүүн зан хөдөлж, -Яах гээд байгаа юм бэ? Новш минь, тавиач…гэж эсэргүүцэхэд, хир, хөлс үнэртсэн том хар гар амыг нь яах ийхийн зуургүй таглачихав. Гэрлээ сэжиглэн бухимдсандаа чанга гэгч орилон тийчиллээ. Машинд харанхуй оргих агаад хажууд нь нэг, өөдөөс нь харсан нэг бүдүүн эр хий юм үзсэн мэт гөлийнө. Гэрлээ юунд орооцолдсоноо огт ойлгоогүй ч тэднийг жирийн нэг гудамжны залуус биш гэдгийг мэдэж байлаа. Тэд явсаар хотоос гарчих шиг болов. Араас нь тэвэрсэн залуу Гэрлээг тийчлэх бүрт тэврээ улам чангалж, бүсгүйн эмзэн ягаахан гуян дээр нэг гараараа тас базна. Харин өөдөөс нь харан суусан эр бүсгүйг нэгд нэгэнгүй ширтэх зуураа уруулдаа бүдэгхэн инээмсэглэл тодруулах нь тун ч зэвүүн. Гэрлээ хэн нэгнээс аврал эрэн бүлтгэнэж, айсандаа хамаг бие нь салганан чичирнэ. Тэр өөрт нь юу тохиолдох гэж байгааг тааварлахыг хичээн эргэн тойрноо болгоомжилон харах аж. Тэд явсаар шөнийн харанхуй нөмрөхөд нэгэн уулын аманд ирээд зогсов. Гэрлээг залуус хүүхэд шиг хоёр хөлөөс нь өргөн машинаас гаргаад нэгэн байшинд орууллаа. -Та нар яах гээд байгаа юм бэ? Намайг яах гээд байгаа юм бэ гэж бухимдан орилоход нь тэвэрч явсан нэгэн бүдүүн эр элэг рүү нь хүчтэй ёворчихов. Үгээ дуусгаж амжаагүй шооконд орсон бүсгүй амнаас нь цас амтагдахыг мэдэрлээ. Тэр үг хэлэх тэнхэлгүй болоод, шидэж орхисон орон дээр нь удаанаар эвхрэн хэвтэв. Намрын шөнийн зэврүүн хүйтэн бүсгүйн айсан биеийг нөмрөн авахад тэр даарсандаа орны бүтээлэгт шурган оров. Сэжигч зан нь дийлэх авч энэ шөнө түүнд амаргүй байсан тул амьгүй даавуугаар ч болтугай хань хийе гэсэндээ ийнхүү дотогш шургасан байж ч мэднэ. Гадаа үүдэнд хэн нэг нь байгаа нь мэдэгдэнэ. Байшингийн араас тойрон алхаж, хаа нэг эрэгтэй хүний хоолойгоо засах нь дуулдана. Эрчүүдийг үргэлж өмнөө сөхрүүлж сурсан зангаараа энэ бүхнээс хялбархан мултарчихна гэдэгтээ итгэлтэй байсан нь улам улам харанхуйд уусан алга болж шөнө дунд ойртохын хэрээр бүсгүй хүний зөн совингоор таагүй зүйл болох гээд байгааг тэр мэдэрч байлаа. Үүрийн таван жингийн алдад гэнэт хаалга тасхийн онгойх чимээнээр Гэрлээ орон дээрээ ухасхийн өндийв. Өөр лүү дөхөн ирэх хүний хийх гэж байгааг үйлдлээс айн эвгүйцсэндээ Гэрлээ хүндээр амьсгаадаж байлаа. Нөгөө хүн улам ойртон ирээд хажууд нь нүдийг нь олж харах гэсэн мэт удаан зогссоноо гэнэт ухасхийн нүүрэн дундуур нь тасхийтэл буулгаад авав. Гэрлээгийн ухаан балартах дөхөж, чихэнд нь ямар нэгэн жингэнэсэн чимээ хангинахад чангаар “Амь авраарай” гэж бахирав. Түрүүчийн хүчтэй цохилт дахиад толгой дундуур нь дэлсэн авахад бүсгүй үхсэн мэт таг боллоо. Хэн нэг нь өөрийг нь эрээ цээргүй оролдож байх үед Гэрлээ дахин ухаан оров. Үүр бүдэгхэн гэгээрсэн тул тэр хэн гэдгийг нь олж харж болохоор болжээ. Гэрлээ өмднийх нь товчийг ханз татан тайлах бүдүүлэг хөдөлгөөнийг аргадах мэт эсэргүүцэхэд гэнэт, -За, яасан. Чи намайг чадчихна гэж бодсон уу? надаас зугтаж болно гэж санаа ву, хүүхэлдэй минь гэсэн Сумхүүгийн дуу гарахад Гэрлээгийн уур хорсол дүрсхийн асав. -Чи муу өөдгүй амьтан. Заваан тагнуул. Тавь, зайл гэж уурсан хэлээд Гэрлээ Сумхүүтэй ноцолдоно. Сумхүү хоржоонтойгоор инээгээд, -Би чамайг өөрөөсөө ч илүү хайрлаж байхад чи намайг хуурна гэнэ ээ. Тэр муу золбингийнхоо төлөө миний хамаг амьдралыг баллаж орхичихоод зүгээр өнгөрнө гэж санаа юу гэж шүдээ зуун хэлээд Сумхүү Гэрлээгийн нүцгэрсэн цээжийг уруулаараа чанга гэгч сорон хазаад өвдсөндөө дуу алдахад нь ухасхийн дээрээс нь мордчихов. Гэрлээ нэгэнт дийлэхгүйгээ мэдээд шаралхан уйлав. Сумхүү бүсгүйн биеийг яг л янхантай харьцаж байгаа мэт эрээ цээргүй хэрэглэнэ. Гэрлээ хамаг муу үгээ амандаа багтааж ядах мэт шүдээ хорсолтойгоор зуураад ган гэж дуугарахгүйг хичээн хөмхийгөө зуулаа. Өглөөний 9 цагийн орчимд Сумхүү хөх няц, эрээн цоохор болсон Гэрлээгийн дээрээс өндийгөөд ёжтойгоор инээж, -Би оргодол босуул болсон ч гэлээ, мөнгөтэй хүн шүү. Чи миний хурааж цуглуулсан бүхнийг хулгайлсан юм чинь одоо өөрөө олж өгөх л болж дээ гэхэд Гэрлээ нулимсаа арчаад, -Битгий солиор. Чам шиг хүний муу үзэж, улыг нь шагайсан юманд би мөнгө төлөх хэрэг үү гэхэд Сумхүү, -Чи төлөхгүй юм аа гэхэд чиний төлөө надад төлөх хүн бас байна аа гээд хүд хүд хийтэл инээсээр хаалгаар гарах зуураа эргэн хараад, -Мөнгө хүчтэй гэж чи өөрөө хэлдэг биз дээ? Миний хэрэг удахгүй цагаадна. Харин тэгэхийн тулд би чамайг хөгшин хятадын боол болгоно доо гэж хэлээд гараад явчихав. Гэрлээ Сумхүүгийн хорон санаанд ямар төлөвлөгөө орсныг гэнэт гадарлаад ухасхийн босож, -Аллаа, амь авраарай гэж чангаар хашгиран хаалга балбав. Хажуухан талд ойгоос хөхөө донгодох бүгтхэн чимээ гарахаас өөр анир үгүй хоосон талд ирчихсэн мэт нам жим байх аж. Гэрлээ өөрт нь тохиолдох гэж байгааг хэн ч мэдэхгүй байгаад бухимдана. Гэрээсээ дуртай цагтаа гараад явчихдаг түүнийг ойрын 7 хоногтоо хэн ч үгүйлэхгүй гэдгийг санаад улам ч ихээр айж, хамаг тэнхээгээрээ хаалга балбав. Цонхны гаднаас модон хавтсаар тагласан байх тул ойр орчмыг харах боломж байсангүй. Саяхан хөндүүр болсон бие нь энд тэндгүй өвдөх авч Гэрлээ ямар ч аргаар хамаагүй эндээс гарахыг л хүсэж байлаа. Золбоот байсан бол түүний төлөө юу ч хийхэд бэлэн байх байсан гэдгийг санаад гэнэт өөртөө гомдож, учиргүй чангаар цурхиран уйлав. Бараг бүтэн өдрийн турш хаалганы дэргэд уйлан суусан түүний сэтгэлд ёстой л дажин болж байлаа. Сумхүүг өвөртөө оруулсан тэнэг толгойдоо гомдож, энэ бүхэн бодож санах юмгүй хийсэн өөдгүй үйлийнх нь хариу байж таарна гэж бодоод “Одоо болоо ш дээ. Би ойлголоо ш дээ. Бурхан минь өршөөгөөч” гэж үнэн сэтгэлээсээ амандаа үглэж байлаа. Хэзээ ч хийд хүрээнд очиж, хэзээ ч маань мэгзэм цээжилж байгаагүйгээ сая санаж, хэлэх ганц мөр ч цээжлүүлж байгаагүй ээж, аавдаа гомдов. * * * Гэрлээг ийнхүү бөглүү ойн захад тарчилж байхад Үрлээ уйлж дууссан нулимсаа залгин адар ширтэн сууж байлаа. Хүүгийнхээ төлөө бүх хэргийг хүлээе гэж хэлснээс хойш бараг хагас сар болоод байгаа боловч гадаад ертөнцөөс түүнийг гэж зорьж ирэх ганц ч хүн байсангүй. Ард үлдсэн ээжийгээ шаналсандаа болоод ямар нэгэн зүйл болчих вий гэсэн айдас энд хүргэгдэн ирснээс хойшхи бүхий л өдрүүдэд цээжинд нь буглаж байлаа. Тэр хүүгээ хаана байгааг ч мэдсэнгүй. Хэдийгээр хууль дүрмийг ягштал цээжилсэн боловч хүүгийнх нь орооцолдсон энэ хэргийн нотолгоо дэндүү хөдөлбөргүй болохыг тэр ойлгож байлаа. Дөнгөж эхэлж байгаа цэл залуухан амьдрал торны цаана өнгөрнө гэдэг л Үрлээд юу юунаас илүү аймшигтай санагдана. Тэр хүүгийнхээ төлөө энэ бүхнийг өөртөө үүрэхээр нэгэнт шийдсэн байсан тул сэтгэлийг нь түр ч болтугай тайвшруулсан хариу хэзээ мөдгүй ирнэ гэдэгт итгэлтэй байв. Гэнэт төмөр хаалга муухайгаар хяхтнан дуугараад харгалзагч нэгэн хүний хамт орж ирэв. Өрөөний харанхуйд нүдээ дасгах гэж хичээх тэр хүн Үрлээг анх байцаасан зүс таних эр байлаа. Хэгжүүн, зэвүүн үгтэй, дотор нэвтлэм хурц харцтай энэ эрийн царай өмнөх шигээ хүйтэн зэвүүн хэвээр харагдав. Байцаагч Үрлээгийн орны дэргэдэх сандал дээр суугаад цүнхнээсээ хар хавтас гарган ирээд удаанаар дэлгэнэ. Үрлээ түүний амнаас унах үгийг залгих гэж байгаа мэт дүрлийтэл амыг нь ширтэн, нааштай хариу гарахыг тэсэж ядан хүлээж байлаа. Байцаагч хавтасаа дэлгэснээ нэгэн дугтуйг задлаад дотроос хуудас цаас гарган ирэв. Тэгээд, -За, сэжигтэн Үрлээ. Та энэ хүнийг таних уу гэж асуугаад зургийг нүүрэн дээр барив. Үрлээ зургийг хараад цочисондоо арагш лагхийтэл сууснаа өөрөө ч анзаарсангүй. Тэр цаасан дээрээс Баяраагийн зальтай нүд өөрийг нь ширтэж байлаа. Үрлээ, -Энэ хүн юу гэж? Энэ хүн ямар хамаатай юм гэж давхцуулан хэлэхэд байцаагч, -Би танаас асуусан болохоос таны асуултанд хариулна гээгүй. Та энэ хүнийг таних уу, үгүй юу гэхэд Үрлээ хэсэг ангалзсанаа шалдаа буусан мэт “Танина аа” гэж зөөлхөн шивнэлээ. Байцаагч бах нь ханасан янзтай инээвхийлээд, -За, тэгээд…гэж асуухад Үрлээ, -Юу тэгээд гэж… хэмээн гайхан ширтэв. Байцаагч ундууцах мэт толгой сэгсрээд, -Тэгээд яаж танидаг хэрэг вэ гэж ширүүхэн дуугарахад Үрлээ, -Бид дунд сургуульд хамт нэг ангид сурч байсан юм аа гэж хэлэв. Бүсгүйн хоолой дээр тээгэлсэн хар бүлх юу юугүй амнаас зад үсрэн гарчих гээд байх шиг хоолой нь зангирна. Байцаагч, -За, Үрлээ. Асуудлыг тодорхой ярина аа. Энэ хүн тэгээд ангийн хүүхдээс хэтрэхгүй юм биз дээ гэвэл Үрлээ “Тийм ээ” гэхээс өөр зүйл хэлсэнгүй. Байцаагч гэнэт писхийтэл инээгээд, -Та боль л доо. Мэлзээд байвал асуудал шийдэгдэнэ гэж бодоод байгаа юм биш биз дээ? Энэ Баяраа гэдэг хүн танай хүү Золбоогийн төрсөн эцэг нь биш гэж үү гэхэд Үрлээ толгойгоо өргөөд байцаагчийн нүд рүү эрслэн харснаа, -Тийм ээ, эцэг нь мөн. Эцэг нь байлаа гээд миний хүүд одоо хамаараад байгаа юм байхгүй. Угаасаа ч хамаарч байгаагүй. Хамаарах ч үгүй гэж бид бодож байна гэж ширүүхэн хэлээд аягандаа дүүрэн ирэх нулимсыг буцаан залгив. Байцаагч, -Та энэ хүнийг хаацайлснаараа хүүгийнхээ л амьдралыг баллаж байна шүү дээ. Танай гэр бүлийн нууц холбоо хуулийн тэмдэглэлд байхгүй ч гэлээ хууль бус тэмдэглэлд орчихоод байна гэдгийг мэдэж байна уу гэж ширүүхэн зандраад хавтсаа ууртайгаар хаав. Үрлээ түүний хэлсэн үгийн утгыг бүрэн ухаагүй тул гайхсан нүдээр байцаагчийн амыг харангаа, -Та юу гэх гээд байна аа? Энэ асуудалд Золбоогийн эцэг ямар хамаатай юм бэ гэхэд байцаагч, -Та л болоод мэдэхгүй байж гэнэ. Та нар гэр бүлээрээ нийлж, хууль бусаар хил давуулан наймаа хийдэг юм биш үү? Эрхэм өмгөөлөгч гуай…гээд хана алдлан зогсов. Үрлээ дахиад л утгыг нь ойлгсонгүй. -Та юу гэх гээд байна аа? Би тэр хүнийг одоо бараг танихгүй. Хамтарч наймаа хийх нь байтугай тухтай хоёр үг солиогүй 20 жил болж байна гэхэд байцаагч хэгжүүнээр инээгээд, -За больж үз. Танай хүү бүх асуудлыг тэр хүний л заавраар хийж байсан шүү дээ. Тэр битгий хэл тэр хүний удирдлаган доор нууцлагдсан сайт хийж, Монголын өч, төчнөөн түүхийн үнэт зүйлсийг гадаадад гаргаж зарахад нь та биечлэн тусалж байсан юм биш үү? Олон улсын хурал зөвлөгөөн нэрийн доор та сардаа нэгээс доошгүй удаа гадаад явж, худалдан авагчдынхаа сүлжээг тэлж байснаа ду гэх гэж байна гэхэд Үрлээгийн тэвчээр алдарч, -Үгүй ээ, тийм байх ёсгүй. Би тэр хүнд нэгэн цагт хайртай байсан нь үнэн ч хүүтэй гэдгийг нь огт хэлээгүй. Та юу мэдэж байгаа болоод ингэж гүжирдэж байгаа юм гэж бачууран хэлээд хагас сарын турш зангирсан нулимсаа сад тавин мэгшлээ. Байцаагч хэсэг чимээгүй байснаа гэнэт огцом хөдлөөд өрөөнөөс гараад явчихав. * * * Нийслэлчүүд өвөлдөө бэлдэж, хадлан, тариа гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслийн гол сэдэв болно. Мөн л жихүүн чийгтэй өрөөнд саатуулагдаад тав хонож байгаа Баяраагийн хувьд саяхан туйлж байсан амьдралынх нь хамаг л өнгө будаг нүд эрээлжлүүлэн орж ирэх ажээ. Энхриймааг нисэх буудал дээр орхиж явснаас хойш огт харсангүй тул “Би чинь төрөл төрөгсөдтэй бил үү” гэсэн нэгэн гоморхол цээж дарах болов. Баярааг саатуулснаас хойш хүмүүсийн дунд “Жинхэнэ загалмайлсан эцгийг нь барьсан гэнэ” гэсэн яриа ам дамжин дуулдах болсон тул хэвлэл мэдээллийнхэн ч хуулийнхныг амар тайван байлгасангүй. Харин энэ мэдээллийг нарийн судлалгүйгээр олонд цацахыг дээрээс чандлан хорьсон тул хэргийн талаарх мэдээлэл ам сургаас хэтэрсэнгүй. Байцаагч залуу Баяраатай гурван ч удаа уулзсан боловч Баяраа өөрийн сэтгэл доторх зөрчилдөөнөө ялан дийлэх гэж хэрдээ л зовж байсан тул тодорхой зүйл хэлсэнгүй. “Мэдэхгүй”, “Санахгүй байна” гэхээс өөрийг ярихгүй байгаа түүний хувьд одоог хүртэл Золбоотыг өөрийн хүү гэдгээ мэдсэн цочирдол нь арилаагүй л байлаа. Арай ч үгүй байлгүй гэж өөрийгөө тайтгаруулахыг хичээх авч, Үрлээгийн “Хүү ч гарсан охин ч гарсан Золбоо л гэж нэрлэнэ ээ” хэмээн цагаахнаар хэлж байсан нь санаанд тодхон орж ирнэ. Тэртээх хориод жилийн өмнө дэндүү гэнэн цайлганаар шивнэж хэлсэн тэр үгнээс л зугтаах гэж өнгөрсөн жилүүдийг туулсан юм шиг Баяраад санагдана. Гэтэл одоо тэр үг дөрвөн хананы дунд хашиж байгаад зүрхийг нь зүсэн хашхирч байлаа. Баяраа Золбоог хуулийнхны гарт барьж өгөөд л ор тас мартаж орхисон гэвэл худлаа. Хүн л юм болсон хойно хуншгүй юм хийсэндээ ч тэр үү, эсвэл далдын совин дагаад ч гэх үү Золбоог золиослон үлдээж байгаадаа дотроо нэлээд бухимдаж байсан хэрэг. Хэрвээ тэр Дэлгэртэй онгоцны буудал дээр таараагүй бол насан туршдаа сэтгэл дотроо бүлх тээн амьдрах байсан гэдэгтээ итгэх эргэлзэх зэрэгцэнэ. Хоёр хоног нам жим байсны дараа мөрдөн байцаагч Баяраагийн эргэлзээг тайлах гэсэн мэт гэнэтхэн ороод ирэв. Мөрдөн байцаагчийг ороод ирэхтэй зэрэгцэн Баяраагийн хамаг эргэлзээ тээнэгэлзээ салхинд хийсэх мэт арилаад тэр хэнэггүй хүйтэн, хатуу харанхуй өрөөнөөс гарахын тулд юу ч хийхээс буцамгүй болоод ирэв. -За, нөхөр Баярсайхан. Таны жинхэнэ нэр чинь Баяраа бил үү? Эсвэл Баярсайхан юм уу гэж ёжтойхон асуугаад Баяраагийн шаналж цонхийсон царай руу духайн харна. -Нэр Баяраа гэж Баярааг намдуухан дуугарахад мөрдөн байцаагч инээд алдаад, -За, ноён Баяраа. Та ч хэцүүхэн юманд орооцолдож дээ гээд зангиагаа засахад Баяраа шүлсээ гүдхийтэл залгисан боловч түрүүлэн дуугарахыг хүссэнгүй. -Бидний ойлгосноор бол та чинь Баярсайхан гэсэн хуурамч нэрээр нууц наймаа хийдэг байжээ дээ гэхэд Баяраа мушийгаад, -Та нар хүн андуураа байлгүй дээ. Би жинхэнэ нэрээ мэднэ шүү гэж хэгжүүрхэхэд байцаагч хариуд нь, -За ах хүү. Тэртээ тэргүй таныг бид мэдсэн. Юу хийж байсныг чинь ч мэдсэн. Одоо таны хийх ажил бол хилээр хэчнээн үнэт дурсгалын зүйлсийг ямар замаар гаргаснаа л хэлчих гэж тулгахад Баяраа толгой сэгсрээд, -Юу яриад байгааг чинь нэг л сайн ойлгохгүй байна. Би та нарт машины бизнес эрхэлдэг гэдгээ хэлсэн дээ гэв. Мөрдөн байцаагч нүүр өөд нь няхуур гэгч харж сууснаа цүнхээ уудлан нэгэн зузаан хавтас гарган ирлээ. -За яахав, та өөрөө хэлэхгүй гэж байгаа бол бидэнд бас нотлох юм мэр сэр олдсон шүү гэж хэлээд байцаагч хавтаснаас өөрийнх нь гэрэл зургийг гарган ирлээ. Тэр зураг дээр Баяраа Золбоотой уулзаж байгаа нь тодхон гарчээ. -Та энэ залууг таних уу? гэхэд Баяраа толгой сэгсрээд, -Сайн санахгүй байна. Машин худалдан авч байгаа л хүмүүсийн нэг биз гэхэд байцаагч залуу, -Золиосны хүн гэж та хэлэх гэсэн байх л даа гэснээ хавтсан дундаас өөрийнх нь болоод Үрлээ, Золбоо хоёрын зургуудыг гарган ирснээ, -Энэ хүмүүс яг одоо тантай адил хоригдож байгаа. Шалтгаан нь хилээр түүхийн ховор үнэт зүйлсийг хууль бусаар гаргахад хуйвалдан оролцсон гэсэн үндэслэлээр… гэж үгээ зөөн үргэлжлүүлэн хэлэхэд Баяраагийн удтал өөрөөсөө нууц байсан нэгэн шарх сэрхийтэл өвдөв. Өөрөөс нь төрсөн цорын ганц үр, өөрийг нь жинхэнээр хайрласан цорын ганц эмэгтэй хоёрыг тэр ямархуу нүх рүү чирээд орчихсоноо ухаарах шиг болоод өөрийн мэдэлгүй “Наад хүмүүс чинь ямар ч хамаагүй ээ” гээд хэлчих дөхөв. Байцаагч Баяраагийн байдлыг анзаараагүй мэт үргэлжлүүлэн, -Энэ бол ээж, хүү хоёр. Хүү нь саяхан хориотой вэб сайт хийсэн хэргээр, харин ээж нь түүний зуучилсан бүтээлийг хил давуулан гаргадаг гэсэн үндэслэлээр хоригдон байцаагдаж байгаа. Гэтэл бүсгүй болохоор энэ асуудлын талаар анхны ч мэдэгдэхүүнгүй байгаа нь илт. Харин Золбоо болохоор Баярсайхан гэдэг нэртэй нэгэн хүний заавраар зөвхөн вэб сайт л хийсэн гээд байгаа. Тэгэхлээр энэ бүхэн үнэхээр танд хамаагүй юм бол тэр хоёрыг байх ёстой газарт нь илгээхээс дээ гэж хайнгадуухан хэлээд бичиг цаасаа цэгцлэн өндийв. Баяраагийн сэтгэлд гал ус хоёр харшилдах мэт эмх замбараагүй байдал бий болох хэрнээ бас хэзээнээс сурсан амиа хичээгч зан нь “Эндээс ямар ч аргаар хамаагүй гар” гэж хэлээд байлаа. Мөрдөн байцаагч өрөөнөөс гарахынхаа өмнөхөн эргэн хараад, -Танай найз цагдаагийн ажилтан Сумхүү сураггүй алга болсон доо гэхэд Баяраа цочин эргээд, асуусан байртай ширтэв. Байцаагч, -Тэр таны тухай маш их зүйл цуглуулсан байна билээ. Бид шагнах уу, шийтгэх үү гэдгээ сайн мэдэхгүй л байна. Одоо бол таны зүгээс энэ хэрэгт Золбоо хамаатай эсэхийг л хэлээд өгчихвөл болох гээд байна л даа гэснээ хүүе гэхийн завдалгүй гараад явчихав. Баяраа бүүдгэр харанхуй дөрвөн хананы дунд дахиад л ганцаар үлдэв. Түүний хувь заяа нэгэнт тодорхой болсон нь илт. “Сумхүү ямар шалтгаанаар зугтсан нь ч тодорхой. Бодвол тэр элдэв юманд хошуу дүрж байж сэжиглэгдсэн байлгүй” гэж бодлоо төөрүүлэхийг хичээсэн боловч Баяраагийн сэтгэлийн гүнээс Үрлээгийн гунигтайхан дүрлэгэр нүд ширтсээр байлаа. Өдий болтол хүүг нь өөртэй нь ганц ч удаа уулзуулалгүй явж байдаг гэж нэг уурсах гэж үзсэн боловч хориод жилийн өмнө өөрийнх нь гаргасан хуншгүй сэтгэл түүнийг тийм гавьяаг үүрэх эрхгүй хүн гэдгийг нь аяндаа хэлээд өгөв. “Чи наад үгээ тэр Дэлгэртээ л хэл” хэмээн хашхирч байхдаа Баяраа Үрлээгийн сэтгэл рүү мөс мэт хүйтэн ус цацаж орхисон ч одоо бол тэр мөс шиг хүйтэн үг өөрийнх нь зүрхийг хайрч байх аж. Хэрвээ Дэлгэр гарч ирээгүй бол, хэрвээ онгоц саатаагүй бол тэр одоо хэдийнэ Орос ч юм уу, Швейцарьт ч юм уу хээв нэг алхаж явах байлаа. Гэхдээ тэр юунд ч юм бэ энд үлдээж өгсөнд нь битүүхэн баярлаж суув. Яг энэ мөчид Үрлээгийн өрөөний төмөр хаалга торчигнон түлхүүр эргэх дуулдсанаа Баттөмөр, Дэлгэр хоёр ороод ирэв. Үрлээ болж байгаа бүхэнд итгэж ядан алмайрснаа гэнэт ухасхийн Баттөмөрийн хүзүүнээс тэврэнгээ, Дэлгэрийн гараас чанга гэгч атгав. Тэр удтал дотроо бугласан сэтгэлийн хөндүүр бүхнийг нулимсаараа угаах гэсэн мэт чимээгүйхэн мэгшинэ. Дэлгэр Үрлээгийн цог золбоо, хайр татам инээмсэглэл энд хэчнээн их дутагдаж байгаад өөрөө буруутай мэт газар ширтэн хүрлийнэ. Баттөмөр Үрлээгийн цонхигор нүүрийг өөр лүүгээ харуулснаа үсийг нь илээд, -Тайвшир даа. Чамайг хайж хорвоог эргүүлэхээ дөхлөө. Энэ танай ангийн Дэлгэртэй тааралдаагүй бол олохгүй ч байсан байж мэдэх байлаа шүү гэхэд Үрлээ нулимсаа арчаад Дэлгэр лүү инээмсэглэн ширтээд, энгэрт нь наалдан чанга тэвэрснээ, -Сайн уу, сайн найз минь. Ийм олон жилийн дараа ганц уулзчихаад нулимсаар угтаж байгааг минь уучлаарай гэвэл Дэлгэр урьдынх шиг гэмшингүй нүдээр өөдөөс нь ширтэнгээ, -Санаа битгий зов оо. Би ойлгож байна гэв. Үрлээ, Дэлгэр, Баттөмөр гурав 20-иод минутын уулзалтын хугацаанд ярих гэж зэхсэн асуудлуудаа олигтой ч ярилцаж чадсангүй ааг оог хийн санаа алдаж, талархлын үг шидэлсээр нэг л мэдэхэд уулзалтын цаг дуусаж, харуул эргэлтийг гарахыг шаардав. Тэдний амнаас энэхүү хэргийг Дэлгэр анхнаас нь судалж байсан бөгөөд Солонгост байхдаа энэ хэргийн талаар хуулийнханд сануулж байсныг Үрлээ ойлгов. Судалж байсан гэсэн үг Үрлээгийн сэтгэл дотор наран мандуулжээ. Хэзээд авралын бурхан болсоор орж ирдэг энэ гэмгүйхэн сайхан сэтгэлт эрийн барааг харсан даруйдаа тэр аавыгаа хүлээж ядсан хүүхэд мэт баярлан хашхирмаар сэтгэл нь догдолсон юм. Хэдийгээр Баяраад өгсөн сэтгэл нь хүчтэй байсан ч түүнийг санах бүрт санагддаг энэ залуу өөрийнх нь амьдралд үргэлж цагийг нь олж гарч ирдгийн учрыг Үрлээ одоо ч гайхсаар сууна. Дэлгэрийн хичээнгүй, үнэнч зан сэтгэлийг нь хөдөлгөх боловч хэзээ ч хайрыг нь булааж байгаагүйг ойлгох тусмаа тэр өөрийгөө зэмлэмээр бодогдоно. “Магадгүй Дэлгэр, Үрлээ хоёр тэнгэрээс заяасан хосууд хэрнээ бие биенээ олж харахгүй болохоороо ийнхүү тогтсон амьдралыг эс үзэж, тус тусдаа эдгэшгүй шарх тээж яваа ч юм билүү. Дэлгэрийг хайрлаж чадахгүй байгаа нь Үрлээг ийнхүү нэгэн насаа ганцаар туулах тавилан оноосон ч юм бил үү?” Ийнхүү элдвийн бодол дотор нүүж, бууж явахдаа Үрлээ амьдралынхаа мөн чанар, алдаа оноогоо цэгнэхийг хичээж байлаа. Гэвч тэр Дэлгэрийг үнэнч анд нөхөр, сайн ахын ёсоор л хайрлаж чадахаа ойлгов. Цорын ганц байсан сэтгэлээ тээр жил Баяраад харамгүй өгснөөсөө болоод насан туршдаа өөрийгөө буруутгаж, бүсгүй хүний бардам зангаар түүнийгээ нуух гэж хичээж ирснээ гунигтайгаар ойлгоод бүдэгхэн санаа алдав. Энэ үеэр өрөөний төмөр хаалга дахин хяхтнан дуугарснаа зэвүүнээр чихран онгойгоод нэгэн бүдүүлэг байрын эмэгтэй түлхүүлэн орж ирэв. Тэр эмэгтэй харанхуйд нүдээ дасгах гэж орж ирсэн газраа хөдөлгөөнгүй хэдэн хором зогссоноо гэнэт Үрлээг олж хараад юу ч болоогүй мэт инээд алдсанаа, -За, энэ сайхан бүсгүй чинь ямар гээч хэрэг өдөөчихөөд энэ зэвэрсэн торон дотор хэвтэж байдаг билээ хэмээн цовоо чанга дуугаар тасхийтэл асуув. Үрлээ цочиж, эвгүйрхсэндээ болоод юу гэхээ мэдэхгүй хий л гараа савчин инээмсэглэв. Бүсгүйн том хөх, цээж дүүрэн зузаан мах нь Үрлээгийн нүүрэнд наалдчих шахан ойртсоноо, бүрсгэр хөх арьстай, хээ шаагүй царайгаа сүрхий бөхийлгөн Үрлээг харснаа, -Чи ч тунгалаг сайхан хатагтай бололтой. Цагтаа дэгжин, ганган ч гэж жигтэйхэн байсан биз гэж асуух дүгнэхийн хооронд хэлснээ, -За, тэгээд…Чи яачихсан юм бэ дээ? Биеэ үнэлсэн үү?....../Энэ асуултынхаа дараа тэр өөрөө толгой сэгсэрснээ/ Биеэ үнэлсний төлөө энд авчирч түгжинэ ч гэж юу байх вэ дээ гээд инээд алдсанаа, -Тэгвэл чи залилан хийсэн байх нь ээ гэж сүрхий том нээлт хийсэн аятай өөрөө өмнөөс нь хариулснаа өрөөн дотуур урагш хойш хэд алхав. Үрлээ үнэндээ энэ эмэгтэйтэй ямар нэг зүйл яримааргүй байсан ч ядаж, хүний бараатай болсондоо олзуурхаж байлаа. Нөгөө эмэгтэй өмнө нь ирж зогссоноо, балцгар улаан гараа сарвайснаа -Намайг Өлзиймаа гэдэг гэхэд нь Үрлээ гарыг нь атгангаа “Үрлээ” хэмээн зөөлхөн дуугарав. Өлзиймаа “Хэн гэнэ ээ” гэж дахин нэг лавласнаа нэрийг нь сонсоод тачигнатал инээснээ, -Нэр нь хүртэл Үрлээ шүү. Тэгээд одоо үрэл бурам чинь торон дотор ургадаг болчихсон цаг уу гэж сүрхий философдсоноо, -За за. Үрэлхэн минь. Бодвол нэг өөдгүй амьтанд л хулхидуулаа биз дээ? Чам шиг иймэрхүү танхилхан амьтад сайхнаас цаашгүй байдаг юм даа. Жаахан муу санаатай байхгүй бол ч… гэж бүх санаа бодлоо нэгд нэгэнгүй Үрлээд хамааруулан баахан ярьснаа гэнэт нэгийг санав бололтой Үрлээгийн дэргэд ирж сууснаа, -Ингэхэд нас хэд вэ хө гэлээ. Үрлээ инээмсэглээд, -38 хүрч байна даа гэснээ өөрийнхөө нас хэчнээн өссөнийг гэнэт ойлгоод нүднээс нь нулимс тогхийтэл дуслав. Өлзиймаагийн нүд орой дээрээ гарах шахан томорч ирснээ, -Гучин найм аа? За үгүй байлгүй дээ. Чи болиод өгөөрэй. Тэгээд одоо 40 хүрч байгаа гэсэн үг үү? гэж шалгааснаа Үрлээгийн нүдэн дээр тогтсон дусал нулимсыг хараад үнэмшсэн бололтой санаа алдсанаа мөн л өөртөө гутсан бололтой газар ширтэн хэсэг суув. Тэд санаа алдах, нусаа татах чимээгээ сонсон хэсэг суусны дараа Үрлээ цээжээ эгштэл санаа алдсанаа, -Ингэхэд Өлиймаа маань хэдтэй билээ гэж хөгжилтэй асуухыг хичээв. Өлзиймаа нүүрээ буруулах мэт хаалга руу харснаа, -Танаас дүү дүү…Бараг…Юу л даа. Би одоо 32-той гэснээ гэнэт инээд алдаад, -Танаас бол бараг арваад дүү болж байх шиг байна гэв. Тэр хоёрын яриа ингээд л хөвөрч эхэлжээ. Хүний бараа хараагүй удсан Үрлээгийн хувьд амьдралын хатуу ширүүнд нухлуулсан Өлзиймаа бүсгүйн зан араншин нээлттэй амар санагдана. Өлзиймаа ч боловсролтой, ухаалаг, бас гоо үзэсгэлэнтэй энэ бүсгүйн дэргэд байхдаа цаг хугацаа хэрхэн өнгөрөхийг ч анзаарахгүй шахам байлаа. Бүсгүй хүний зовлонгийн эх уурхай бүхэн эрчүүдтэй ямар нэг сэжмээр холбогддогийн хоёр өөр жишээ болсон тэд амьдралынхаа хамаг нууц, нандин бүхнийг бие биедээ харамгүй дэлгэж байлаа. Өлзиймаа бол олон хүүтэй айлын хамгийн том нь учраас дүү хөвгүүдээ өмөөрч үеийнхээ банди нартай нударга зөрүүлж өссөн нэгэн аж. Тэр энд хоёр дахь удаагаа хүн зодсон хэргээр ирж байгаагаа ч нуусангүй. Эхний удаа нөхрийнхөө найз нарыг нэвширтэл нь гөвж орхисон бол энэ удаа дүүгээ хадам ахаас нь өмөөрснөөсөө болоод танхайрсан хэргээр дахин хүргэгдэн иржээ. Түүний хөгтэй ч гэмээр, хүнлэг ч гэмээр энэ түүхийг сонсоод Үрлээ тачигнатал инээсээр өдрийг барах болов. Хамгийн гол нь Өлзиймаа яг л эр хүн шиг баргил бүдүүн хоолойгоороо хэнэггүй ч гэмээр марзан ч гэмээр өнгө аястай болсон явдлаа ярьж, түүнийгээ элдэв хар бор, сүржин үгээр чимэглэнэ. * * * Энэ мөчид цагдаа нар Сумхүү, Гэрлээ хоёрыг эрэн сурвалжилж байлаа. Тамирт хамаг баримтыг хадгалж явдаг Сумхүүгийн хавтсыг авчирч өгснөөсөө хойш Гэрлээ огт сураггүй алга болсон тул залуус ч санаа зовж эхлэв. Мөрдөн байцаагчаас Золбооттой уулзуулж өгөхийг Тамир, Алдараа хоёр хэд хэдэн удаа гуйсан боловч огт халгаасангүй. “Хэргийн учиг тайлагдах ойртож байгаа ч гол хүмүүс нь хэргээ хүлээхгүй байгаа” гэсэн учир битүүлэг хариу өгсөөр байлаа. Гэрлээг сураггүй алга болсноос хойш тэдний гэрээр хэд хэд эргэлдсэн цагдаа нар дахин тав хоногийн дараа л сая эгчтэй нь уулзжээ. Эгч нь Гэрлээг нэг газар зугаалж яваа биз гэж бодож байсан ч цагдаагийн ажилтнууд ийнхүү асууж сураглаад ирэхэд л сая гэнэт айж, учиргүй сандран юу хийхээ мэдэхээ байчихав. Ядаж байхад Гэрлээгийн хэнтэй уулзаж, хаана орогнож байгааг барагтай л сонирхож байсангүй. Гэтэл байрных нь гадаа нарлаж суудаг хөгшчүүлийн нэг нь “Ойролцоогоор тав хоногийн өмнө нэг зэгзгэр туранхай охиныг хэдэн залуу хар бололтой машинд түлхэж суулгаад аваад явсан. Бараг нүцгэн шахам л охин байсан санагдаж байна. Бүрэнхий болсон байсан тул зүс царайг нь санахгүй байна. Найз нөхөд нь л тоглож байгаа юм байх гэж бодоод өнгөрсөн” гэж дуулгав. Энэ мэдээлэл цагдаа нарыг хар, бараан машины эрэлд гаргажээ. Гэхдээ энэ бол өвсөн дотроос зүү эрэхтэй адил бүдэг бүрхэг, бараг боломжгүй сэжүүр байв. Харин Сумхүүгийн зүгээс огтхон ч чимээ дуулдсангүй. Тамир, Алдараа хоёр ч байцаагджээ. Гэхдээ тэдний мэдэх зүйл өөрсдөд нь огт хал балгүй байсан тул тэгсгээд суллаж явуулав. Энэ үеэр нэгэн рестораны булангийн ширээн дээр Дэлгэр, судлаач өвгөний ирэхийг хүлээн цонхоор ширтэж сууж байлаа. Төрөлх хотдоо ирээд хэдхэн хонож байгаа ч сэтгэлээс нь арчигдсан гэж бодож байсан хөндүүрхэн дурсамжууд сэм сэм өндөлзөөд байлаа. Гэвч хот түүнийг явах үеийнхээс шал өөр болсон байсан тул тэгтлээ гунигтай санагдсангүй. Дэлгэр Үрлээтэй уулзсанаас хойш сэтгэлээ барьж дийлэхгүй болчихоод байлаа. Түүнийг ямар нэгэн аргаар тэр харанхуй нүхнээс гарган авахын тулд юугаа ч өгөхөөс буцахгүй байв. Тиймээс энэ хэргийг эхнээс нь мэдэж байгаа судлаач өвгөнтэй уулзахаар цаг тохироод байгаа нь энэ. Бараг 20 орчим минутын дараа өвгөн гаднаас орж ирэв. Наранд гялалзсан халзан толгой, эрүүгээ бүрхэн ургасан буурал сахал нь дотно дулаахан санагдана. Өвгөн таягаа гартаа сэлгүүлэн барьсаар хүрч ирснээ Дэлгэрийн духан дээр үнэрлэн үнсээд, -За, миний хүү. Сайн явж ирэв үү? Чи ч том эр болжээ гээд үсийг нь хойш илснээ өөдөөс нь харан суув. Дэлгэр өвгөний үрчлээ тогтсон нүүр лүү баяртайгаар инээмсэглэн ширтсэнээ, -Сайн явж ирлээ. Та сайн сууж байв уу? Танайхан сайн л биз дээ гэж дотноор асуув. Өвгөн Дэлгэрийн ялимгүй байргашсан цээжийг харж сууснаа, -Ингэхэд хүү минь, гэр бүлтэй болсон уу? Хоёулаа чинь хэчнээн удаа захиа шидэлцчихээд энэ талаар огт асуугаагүй байдаг, би мөн тэнэг хүн ээ гээд инээвэл Дэлгэр, -Амжаагүй л байна. Харин танай хөгшний бие сайн биз дээ? Би ойрноос танайхаар очино оо гэж хэлээд хүйтэн ус залгилав. Өвгөн Дэлгэр тэр хоёрын жижүүрийн яриа ингэсгээд дуусч байгааг анзаараад шулуухан гол ажилдаа орох нь зүйтэй юм гэдгийг ойлгов. Өвгөн зөөгчийн авчирч өгсөн халуун цайг болгоомжтойгоор оочлох зуураа, -Би мөрдөн байцаагчтай уулзсан гэснээ Дэлгэрийн яарсан царайг анхааралтай ширтэв.
profile
Аясаар болдоггүй хорвоог сэтгэлийн сайхнаар сүлж
Аргадаж болдоггүй амьдралыг урмын галаар тэтгэж яваарай.