Хүлээсэн сэтгэлийг тайлах ганц зүйл бол хүлээлгэсэн эзэн нь өөрөө ирэх. Тэр миний амьдралд маш цөөхөн удаа орж ирсэн. Зочноор бол хэдэн жилд ганц удаа орж ирээд л гардаг холын гийчин мэт. Түүнийхээ илгээсэн анхны захидлыг задалж авчихаад юутай ихээр догдлон хөөрч, ямар их гэрэл гэгээг тэр өдөр мэдэрч байснаа мартаж чаддаггүй. Эргээд бодоход биднийг холбож өгсөн тэр бяцхан захидал миний амьдралын түүхийг бичилцэх анхны цагаан цаас байсан ажээ. “Яагаад?” гэж чи гайхаж магадгүй юм. Хүүхдийн томоогүй шохоорхлоор бичигдсэн гуравхан үгтэй тэр атга цагаан цаасны эзэнд би “үгүй” гэж хэлж чадаагүй. Харин энэ нь миний АМЬДРАЛ гэгч том цайзад нэвтрэх бичиг болсоор явна гэдгийг яахан мэдэх билээ. Бидний хүүхэд насны үерхэл тийм ч удаан өрнөөгүй. Чи манайхаар сардаа ганц л үзэгдэнэ. Харин би уулзалтаас уулзалтын хооронд бараг амьдаараа хатаж байсан юм. Бие биенийхээ гарыг ч атгаж үзээгүй бидний хувьд дурсаад байхаар гойд зүйл байсангүй. Угаас ойр дотно байгаагүй болоод ч тэр үү тэгсхийгээд чи чимээ тасарсан. Харин би үнэнчээр хүлээсээр л байсан. Хувь заяаны эрхээр би нөхөрт гарч хэзээ ч, хаашаа ч эргэж болзошгүй олон нугачаа гүвээгээр сохор амьтан мэт тэмтрэн явах ёстой болсон. Харин чамайг “тун сайн яваа” гэсэн сургаар л сэтгэлээ тайтгаруулж суудаг байлаа. Мэдээж миний амьдрал дандаа дардан байгаагүй. Хартай нөхрийнхөө гарын чилээг гарган, хагацал зовлонгийн далайд хахаж цацан сэлэх гутамшигт амьдрал ард минь хүлээж зогссоныг мэдээгүй. Тэр далай руу зүгээр л алхаад орчихсон би гэдэг хүн дэндүү тэнэг байж дээ. Өдөр бүр өөрөөсөө урссан цусыг чимээгүйхэн угааж, хөх няц болсон нүүрээ амьтны нүднээс нуун харанхуй өрөөнд бүгэн суухдаа чамаас үлдсэн ганц зүйл болох алгын чинээ тэр захидлыг л сэм гарган ирж сэтгэлээ түр ч болов тайтгаруулдагсан. Энэ тарчлаант амьдралыг даван туулахад чиний захидал л надад цорын ганц хань болдог байсан юм шүү. Учир нь тэр захидал залуу насны хиргүй тунгалаг сэтгэлээр бичигдэж, миний зүрхэнд хэзээ ч унтрахгүй гэрэл асаасан байлаа. Нөхөрт гарснаас хойш яг таван жилийн дараа би гэдэг хүн харах нүдээ нэгээр цөөлөөд, жаахан хүүгээ гараасаа хөтлөсөөр тэр харанхуй нүхнээс зугтан гарсан. Тэр өдөр хэдий хүйтэн жавар энгэр нэвт үлээж байсан ч өвөртөө нуусан өнөөх алгынхан чинээ захидал дотроос минь төөнөж, намайг зоригжуулж байх шиг санагдсан. Нэгэн төр солигдож, таван намар ээлжлэх хооронд шоронд амьдарч байгаад гарч ирсэн мэт нийгмээс тусгаарлагдсан би гэдэг хүн хүүхдээ хөтлөөд хэн дээр очих, хаа хүрэхээ мэдэхгүй хотын гудмаар алмайран явж байхдаа гэнэт чамайг олж харсан. Энэ уулзалт миний сэтгэлд гүн сорви үлдээснийг чи яаж ч мэдэх билээ. Эхнэрээ сугадан, хүүхдээ хөтлөн аз жаргалдаа бялууран явсан чи хажуугаар минь үнэтэй сүрчиг ханхлуулан өнгөрөхдөө анхны хайрын эзнээ огт таниагүй. Хүүхэд хөтлөсөн, хормойгоо чирсэн, тэр ядарсан бүсгүй өөрийг нь өдөр бүр, цаг тутам бодож, гараараа бичсэн захидлыг чинь өвөртөө хадгалсаар яваа гэж чи мэдээж зүүдлээ ч үгүй биз. Гурав орчим насны жаахан охин чинь бидний зүг хуруугаараа заагаад, шуналтан ширтэх хүүд маань чихрээ өгөхөөр зөрүүдлэн зүтгэхэд чи зандран болиулаад, дулаахан машиндаа суугаад давхин одсоноо санаж байна уу? Чиний явсан зүг рүү үлдсэн ганц нүдэндээ нулимс цийлэгнүүлэн ширтэн зогсохдоо би болж өнгөрсөн бүхнийг мартахаар шийдэж удтал нандигнан хадгалж явсан өнөөх алгын чинээ захидлыг өврөөсөө гаргаад жижиглэн урж салхинд хийсгэсэн юм. Амьдрал дандаа бараан байдаггүй гэдэгт итгэсээр захидлын сүүлчийн тасархай хийссэн зүг рүү хүүгээ хөтлөн явснаас хойш одоо арван жил өнгөрчээ. Эргээд харвал тэр бяцхан цаасны тасархай надад мөн л тус болсон байх юм. Хөл дээрээ босохын тулд алдаж эндэж, заримдаа бүсгүй хүний хийх ёсгүй нүгэлт алхмыг хүртэл хийж явсаар би гэдэг хүн сая нэг хорвоод ховорхон тохиох сайн хүмүүстэй учирсан. Өрөөсөн нүдгүй болсон ч гэсэн би үүнийгээ хүмүүст хэлээгүй. Харахад анзаарагддаггүй тэр жижигхэн сорви миний нэг нүдийг үүрд сохолсон ч гэсэн энэ нь миний гадаад өнгө үзэмжид ноцтой нөлөөлж чадаагүй юм. Сайн хүмүүсийн ачаар би өдрөөс өдөрт өнгө орж, чадлаараа боловсорч, олны дунд чамгүй нэр хүндтэй болж авсан. Дахин таван жил өнгөрөхөд хүүхдээ хөтлөн гэрээсээ зугтан гарч ирсэн өнөөх хормойгоо чирсэн бүсгүйгээс юу ч үлдсэнгүй. Өөрийн гэсэн байр суурьтай, бас ч гэж царай зүсээр хэн хүнээс дутаад байхааргүй болсон хойно минь чи над руу өөрөө ирсэн. Ийнхүү ирэхдээ чи намайг хэзээний л тийм байх ёстой мэт хандаж байгааг анзаарсан юм. Дунд сургуулийн хонхны баяраас хойш 18 жилийн дараа бид ийнхүү уулзахдаа хэн хэн нь танигдахааргүй өөр хүмүүс болсон байлаа. Урьдын миний хайрладаг байсан тэр хөвгүүн одоо бүдүүн эр болсон төдийгүй өөрийг нь шүтэн дээдэлж явдаг дунд сургуулийн найз охиноо нууц амрагаа болгохоос буцахгүй гэдгээ ч илэрхийлсэн. Тэр саналын хариуд “Дараа уулзъя даа” гэж хэлээд чамайг орхин явахаас өөр хэлэх үг олдоогүй. Харин чи “Би чам дээр очино шүү” гэж хашгирсаар хоцорсон. Тэгээд миний хайрын шүтээн болсон чиний минь нэр, намтрыг авч яваа тэр бүдүүн эрийг би ор тас мартаад, тэртээх он жилүүдэд ичингүйрэн гүйж ирдэг байсан жаалхүүг сэтгэлийнхээ мухарт энхрийлсээр байх болно гэж өөртөө андгайлсан юм. Насан туршдаа дулаацаж явах халуун илчийг алган дээр минь тавьчихаад холын холд гүйн одсон тэр жаалыг би яахан мартаж чадах билээ. Чи минь өнөөдөр өөрийнхөө мөрөөдөлд хүрчихээд, сэтгэл тэнэгэр алхаж яваа гэдэгт би итгэж байна. Өөрийнхөө гараар жижиглэн ураад, салхинд хийсгэж орхисон тэр захидлын чинь хариу болгон би үүнийг бичлээ. Хэрвээ чи уншиж суугаа бол над руу дахин битгий ирээрэй гэж гуйя. Би чамайг урьдынхаараа хайрлаж явахыг хүсч байна!
profile
Аясаар болдоггүй хорвоог сэтгэлийн сайхнаар сүлж
Аргадаж болдоггүй амьдралыг урмын галаар тэтгэж яваарай.